Friday, July 31, 2015

Цагаан гааны чихэр

 

Цагаан гааны эрүүл мэндэд үзүүлэх ач тус нь маш их. Цагаан гаа нь жирэмсний эхний триместерийн хордлого, бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, хоолны шингэц алдагдах, ханиад томуу тусах, бүх төрлийн үрэвсэлт өвчний үрэвсэл дарах зэрэгт хэрэглэж болох эмийн ургамал юм. 




Цагаан гаагаар чихэр хийж, өдөр бүр идсэнээр дээрх зовиуруудыг анагааж болно. 

Орц:
-100г хөгшрөөгүй/залуу/жижиг цагаан гаа
-1 аяга элсэн чихэр
-1/4 аяга ус
-2 хоолны халбага гурил
-Чимх кардамом нунтаг /хийхгүй ч байсан болно/
-1 цайны халбага нимбэгний шүүс /хийхгүй ч байсан болно/
-Масло
-Калькин цаас
-Хэв

1-р алхам. Цагаан гааг үрж, хэвээ бэлдэнэ

Цагаан гааг хальсалж, угааж, хатаасны дараа үрэгчээр үрнэ. Жижиг буюу залуу цагаан гаа сонгох хэрэгтэй. 




2-р алхам. Цагаан гааны чихрээ бэлдэх

Элсэн чихэр, ус, кардамом нунтгийг саванд хийж, зөөлөн гал дээр хайлтал нь буцалгана. Хөөсрөөд ирэх үед нь бага зэргийг таслан авч, усанд хийж тогтоцыг нь зураг дээрх байгаагаар шалгаж үзнэ. Тохирсон тогтоцтой болсон үед үрсэн цагаан гаагаа нэмж, ойр ойрхон хутгана. Хэдэн минутын дараа хөөсөрч буцлах үед гурилаа нэмж, 1 минут орчим хутгана. 


3-р алхам. Хэвэндээ хийх

Тосолсон хэвэндээ цагаан гааны чихрээ хийж, тасалгааны температурт хөртөл нь байлгана. Дараа нь 1*1 см хэмжээтэй зүсч, хөлдөөгч, эсвэл хөргөгчинд хадгалаад өдөр бүр нэг ширхэгийг иднэ. 

Цагаан гааны чихэр. Ginger candy

Эх сурвалж: http://www.instructables.com/id/Homemade-Ginger-Candy/?ALLSTEPS







Sunday, July 5, 2015

Д аминдэмийн судалгаагаар тэргүүлэгч Доктор Холикийн ярилцлага

Доктор Холикийн тухай
Ph.D, M.D Майкл Холик нь Бостон Их сургуулийн Анагаах ухааны төвийн Анагаах, Физиологи, Биофизикийн тэнхимийн профессор, Ерөнхий Эмнэлзүйн Судалгааны Төвийн дарга, Ясны эрүүл мэндийн клиникийн эрхлэгчийн ажил эрхэлдэг. 

Төгсөлтийн дараах сургалтын оюутан байхдаа Д аминдэмийн цусаар эргэлдэх гол хэлбэр болох 25-гидрокси Д аминдэмийг анх таньж, дараа нь Д аминдэм гол идэвхит хэлбэр болох 1,25-дигидрокси Д3 аминдэмийг таньж, ялгах ажил, Д аминдэм хүний арьсан дээр үүсдгийг баталсан судлаач юм.

Ярилцагч Майк Адамс нь naturalnews.mn-Эрүүл мэндийн мэдээллийг сайт ажиллуулдаг, эрүүл мэнд, эрүүл зохистой хооллолтыг дэмжигч, хүнсний пестицидийн агууламж тодорхойлж хэрэглэгчдэд мэдээлдэг лаборатор ажиллуулдаг идэвхитэн-судлаач юм. 

Адамс: Өнөөдөр бид Майкл Холик эмчтэй ярилцаж байна. Өнөөдөр бидэнтэй ярилцаж байгаад баярлалаа.
Холик эмч: Би ч бас баяртай байна.
Адамс: Таны ажил, вебсайттай танил биш хүмүүст та өөрийнхөө ажлын талаар товч танилцуулж, яаж анх энэ сэдэв рүү орсноо хуваалцаач?
Холик эмч: Тэгэлгүй яахав. Би Д аминдэмийн талаар судалгааг 30 гаруй жил хийж байгаа ба төгсөлтийн дараах сургалтын үед Висконсины их сургуульд зөв газраа, зөв цагтаа байж таарсан бөгөөд Д аминдэмийн талаар судлаачдын нэг Хектор ДеЛука-тай хамтран ажиллах боломж тохиосон. Докторын сургалтынхаа төслөөр Д аминдэмийн идэвхит хэлбэрийг таних, ялгах ажлыг хийсэн ба миний өрөөний анд болон бид хоёр дараагийн 2 жилд нь анх удаа химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан юм. Бид гаргаж авсан Д аминдэмээ бөөрний дутагдалтай холбоотойгоор ясны өвчтэй болсон өвчтөнүүдэд, мөн ясны хүнд өвчтэй, тэргэнцэртэй өвчтөнүүдэд өгөхөд тэд алхаж эхэлсэн нь бидний анхны хамгийн том ололт байсан.
Адамс: Тэгэхээр та болон таны хамтрагч анх удаа Д аминдэмийн энэ хэлбэрийг нийлэгжүүлж гаргаж авсан гэсэн үг үү?
Холик эмч: Тиймээ, бөөрөнд бий болдог Д аминдэмийн идэвхит хэлбэр болох 1,25-дигидрокси Д аминдэм хэлбэрийг гаргаж авсан. 



Адамс: Энэ хэлбэрийг одоо жишээ нь Д аминдэмийн нэмэлтийг гаргаж авахад хэрэглэдэг үү?
Холик эмч: Үгүй ээ, энэ идэвхит хэлбэрийн Д аминдэмийг зөвхөн жороор олгодог ба Европ, Японд ясны сийрэгжилтийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг. Мөн ясны өвчнүүд, бөөрний дутагдалтай өвчтнүүдэд болон бусад олон зорилгоор хэрэглэдэг.
Адамс: Та үүнийг судалж байхдаа үр дүнг нь тэр дор нь харах боломжтой гэсэн үг үү?
Холик эмч: Яг тийм. Бид юуг ойлгосон бэ гэвэл Д аминдэм нь бидний бодсоноос илүү нарийн нийлмэл юм байна гэдгийг. Бид нарны гэрэл арьсанд тусахад Д аминдэм үүсдэг гэж мэддэг байсан ч 1970-аад оны эхээр арьсанд үүссэн Д аминдэм нь эхлээд элгэнд очиж, 25-гидрокси-Д аминдэмд хувирах ба энэ хэлбэр нь цусанд Д аминдэмийн хэмжээг тогтооход хэрэглэгддэг гол хэлбэр юм. Гэхдээ 25-гидрокси-Д аминдэм нь цаашид бөөрөнд очиж, яг идэвхит хэлбэр болох 1,25-дигидрокси-Д аминдэмд хувирна. 1,25-дигидрокси-Д аминдэм нь нарийн гэдсэнд кальцийн шимэгдэлтийг дэмждэг, цусны кальцийн түвшинг хэвийн байлгадаг гол үйлчилгээ үзүүлдэг хэлбэр юм.
Адамс: Тэгэхээр энэ тогтолцооны аль нэг хэсгийн үйл ажиллагаа алдагдахад эргэлдэх Д аминдэмийн хэмжээ багасна гэсэн үг үү?
Холик эмч: Яг тийм. Хэрвээ та элэгний хүнд өвчтэй бол танд 2 асуудал тулгарна. Эхний ээлжинд та холекалциферолыг 25-гидрокси-Д аминдэмд хувиргаж чадахгүй болно, учир нь элэг үйл ажиллагаагаа бүрэн явуулж чадахгүй байгаагаас. Хоёрт өөх-тосыг боловсруулахад асуудалтай бол тосонд уусдаг Д аминдэмийг шимэгдүүлж авч чадахгүй, тэгэхээр дутагдалд орох аюултай. Мөн ямар нэгэн бөөрний өвчтэй бол яг идэвхит хэлбэртэй байгаа Д аминдэм болон аналогиудыг хэрэглэж байж, ясаа бат бэхээр хадгалах боломжтой болно.
Адамс: Өмнө нь таны туршиж байсан Д аминдэм нь тарилга хэлбэртэй байсан уу?
Холик эмч: Уух, тарилга 2 хэлбэртэй байгаа.
Адамс: Сонирхолтой юм. Өмнө нь явж чаддаггүй, ясны сийрэгжилттэй, ясны өвчтэй хүмүүст тустайгаас гадна өөр ямар үйлчилгээг илрүүлсэн бэ?
Холик эмч: Бид хэдэн жилийн дараа нь юуг олж мэдсэн бэ гэвэл арьс нь Д аминдэмийг нийлэгжүүлээд зогсохгүй идэвхит хэлбэртэй байгаа Д аминдэмийг таних чадвартайг мэдсэн. Идэвхитэй Д аминдэмийг арьсны эсийн өсгөвөрт хийхэд арьсны эсийн ургалтыг маш хүчтэйгээр саатуулах үйлчилгээ үзүүлж байсан. Тэр үед хайрст үлд /псориаз/ гэх мэт арьсны эсийн өсөлт ургалт нь нэмэгддэг өвчний үед хэрэглэж болох юм гэсэн санаа төрж байсан. Тэгтэл одоо дэлхий даяар эмчилгээний нэг сонголт болсон байна. Идэвхит хэлбэрийн Д аминдэм болон аналогиуд нь хайрст үлдийг эмчлэх эхний эгнээний эмүүд болсон байгаа. Зөвхөн кальцийн солилцоог зохицуулаад зогсохгүй эсийн ургалтыг зохицуулах үйлчилгээ үзүүлдэг. Одоо бидний анзаарч байгаа зүйл гэвэл экватороос хол амьдардаг хүмүүс, Д аминдэмийн дутагдалтай хүмүүст бүдүүн гэдэс, хөх, түрүү булчирхай, өндгөвчний хавдрын тохиолдол их байдаг. Энэ нь идэвхит Д аминдэмийг хангалттай хэмжээгээр нийлэгжүүлж чадахгүй байгаа нь эсийн ургалтыг зохицуулж, хэмжээнд нь барьж байх үйл ажиллагааг алдагдуулдаг байна.
Адамс: Тэгэхээр энэ нь хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдар болон Д аминдэмийн дутагдлын хоорондын холбоог харуулж байгаа байх нь.
Холик эмч: Яг тийм. Хамгийн гол нь юуг сайн мэдэх хэрэгтэй гэвэл бөөр бол Д аминдэмийг идэвхижүүлэх хамгийн гол эрхтэн. Гэхдээ түрүү булчирхай, хөх, бүдүүн гэдэс болон бусад эдүүд ч мөн Д аминдэмийг идэвхижүүлдэг. Ингэж тухайн хэсэгтээ нийлэгжүүлээд эсийн ургалтыг зохицуулдаг гэж бид бодож байгаа.
Адамс: Тэгэхээр Д аминдэм гэж буруу нэрлэсэн юм шиг. Яг аминдэм биш байх нь ээ?
Хэвийн болон рахиттэй яс
Холик эмч: Анх 1800 оны дундуур рахиттай хүүхдүүдэд сагамхай загасны элэгний тос /cod liver oil/ өгөхөд рахитыг эмчилж байснаар танигдсан байдаг. Мөн рахитгүй хүүхдүүдэд өгөхөд рахитаас урьдчилан сэргийлж байв. Тэр үед хүмүүс ясны эрүүл мэндэд хэрэгтэй нэг аминдэм байна гэж бодож байж. Дараа нь сагамхай загасны элэгний тосыг буцалгасан ба энэ үед А аминдэм нь устаж, анх Д аминдэмийг таньж авсан байна. Анх А аминдэм нь ясны үйл ажиллагаанд оролцдог гэж бодож байсан байна. Тэр үед А, В, С аминдэмүүд нээгдсэн байсан бөгөөд дараагийнх нь нээгдсэн аминдэм болсон тул Д аминдэм гэж нэрлэжээ.
Адамс: Тэгэхээр хэдэн жилийн өмнө байв?
Холик эмч: 1900 оны эхээр. Дараа нь хүмүүс наранд гарах, эсвэл хэт ягаан В туяанд шарах үед рахитын эсрэг шинж чанартай, ясны эрүүл байдлыг дэмждэг гэдгийг олж мэдсэн. Тэгээд арьсанд Д аминдэм бас үүсдэг юм байна гэдгийг мэдэцгээсэн. Тэгэхээр таны өмнө хэлсэн шиг энэ нь яг аминдэм биш, бидний биед үүсдэг байгалийн гаралтай бодис юм. Гэхдээ нарны гэрлийг маш ухаалагаар ашиглаж байж бид хэрэгцээнийхээ Д аминдэмийг нийлэгжүүлэх боломжтой юм.
Адамс: Та үүнийгээ дэлгэрүүлэн ярина уу?
Холик эмч: Арьс бол бидний хамгийн том эрхтэн бөгөөд Д аминдэмийг нийлэгжүүлж, бидний биеийг Д аминдэмээр хангах үүрэгтэй.
Адамс: Д аминдэмийг даавар гэж ярихыг олон сонсож байлаа. Энэ үнэн үү?
Холик эмч: Даавар гэдэг нь нэг эрхтэнд үүсээд, цусаар дамжин өөр эрхтэнд очиж үйлчилдэг бодис юм. Д аминдэм арьсанд үүсч, цусаар дамжин элэг, бөөрөнд очиж идэвхижээд гэдэс, яс руу очиж, үйлчилгээ үзүүлдэг болохоор даавар гэдэг ангилалд орж болохоор байна.
Адамс: Таны судалгаагаар Д аминдэмийн дутагдал хэр их байна вэ, жишээ нь Америкийн иргэдийн хувьд?
Холик эмч: Д аминдэмийн дутагдал нь АНУ-д бүх насныханд илэрдэг. Зарим жишээг хэлэхэд АНУ-ын бүх нутаг дэвсгэрийн дагуу өндөр настнууд эрсдэл ихтэй. 40-60% нь Д аминдэмийн дутагдалд орох эрсдэлтэй. Мөн гадаа гарахдаа нарны хамгаалалт хэрэглэдэг залуучууд, эсвэл өдрийн турш гадагш гаралгүй дотор ажилладаг залуус ч хүртэл дутагдалд орох эрсдэлтэй байгаа. Бид Бостонд судалгаа хийхэд 18-29 насны оюутнууд болон эмч нарын 32% нь өвлийн саруудын сүүлчээр Д аминдэмийн дутагдалд орсон байсан. Цагаан арьстай 9-11 насны охидын 48% мөн өвлийн сарын сүүлчээр дутагдалтай байсан ба зун дуусах үед дахин шалгахад 17% нь дутагдалтай хэвээр байсан нь нарны хамгаалалт хэрэглэдэгтэй холбоотой байсан.
Адамс: Тэгэхээр энэ нь ихэнхдээ архаг дутагдал болсон байх нь ээ?
Холик эмч: Наранд гардаггүй, эсвэл арьсны нөсөөжилт ихтэй хүмүүс өдөр бүр 1000 ОУН Д аминдэм хэрэглэж биеийн хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйчүүд мультивитамины бэлдмэлээсээ 400 ОУН нэгж Д-г авдаг. Энэ нь нийт хэрэгцээний 40% нь л гэсэн үг. Бид эмнэлэгтээ жирэмсэн эмэгтэйчүүдийн цусны 25-гидрокси Д аминдэмийн түвшинг хэмжиж, дараа нь тэдгээр эдгээр эмэгтэйчүүдээс төрсөн нярай хүүхдүүдийн цусны түвшинг хэмжиж үзсэн. Эмэгтэйчүүдийн 76%, нярай хүүхдүүдийн 81% нь хүнд хэлбэрийн Д аминдэмийн дутагдалтай байсан. Ингэж Д аминдэмийн дутагдалтай төрсөн хүүхдүүд төрсний дараах эхний саруудад нөхөгдөхгүй байх нь амьдралын дараачийн үеүдэд 1-р төрлийн чихрийн шижин, ревматоид артрит, тархмал хатуурал, мөн хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэсний хавдрын эрсдлүүдийг нэмэгдүүлдэг.


Адамс: Тэгэхээр Д аминдэмийн нэмэлтийг хэрэглэснээр дутагдал арилах боломжтой юу?
Холик эмч: Бид одоогоор мэдэхгүй байна. Энэ дутагдал нь насан туршид нь нөлөөлж магадгүй гэж бид санаа зовж байгаа. Финляндад хийгдсэн нэгэн судалгаагаар 1 настай хүүхдүүдэд өдөрт 2000 ОУН Д аминдэмийг хэдэн жилийн турш өгөөд дараа нь 20 жил тэднийг дагаж 1-р төрлийн чихрийн шижин тусах эрсдлийг судалсан. Үр дүн нь юу гэж гарсан бэ гэвэл 1-р төрлийн чихрийн шижин тусах магадлал нь Д аминдэм ууж байсан хүмүүст 80%-аар буурсан байсан. 1 насандаа рахиттай, Д аминдэмийн дутагдалтай байсан хүүхдүүд 1-р хэв шинжийн чихрийн шижин тусах эрсдэл 4 дахин нэмэгддэг.
Адамс: Тэгвэл 2-р хэв шинжийн чихрийн шижингийн хувьд ямар үр дүн гарсан бол?
Холик эмч: Энэ тал дээр хийгдсэн судалгаа одоогоор байхгүй байна, гэхдээ бид юу мэдэж байгаа вэ гэвэл идэвхитэй хэлбэрийн Д аминдэм нь нойр булчирхайгаас ялгарах инсулиныг зохицуулдаг. Бид Д аминдэмийн дутагдал нь 2-р хэв шинжийн чихрийн шижин тусахад хүргэдэг байх магадлалтай гэж үзэж байгаа ба энэ талын олон судалгаа хийгдсээр байгаа.
Адамс: Яагаад хүмүүс энэ тал дээр анхаарал хандуулахгүй байгаа вэ?
Холик эмч: Зарим эмч, мэргэжилтнүүд Д аминдэм байгалийн гаралтай цөөн хүнсэнд маш бага хэмжээгээр агуулагддаг гэдгийг сайн ухамсарладаггүй. Салмон, макерел гэх мэт загаснуудыг долоо хоногт 3-5 удаа идэх, мөн сагамхай загасны элэгний тосны бэлдмэл /cod liver oil/ хэрэглэснээр Д аминдэмээ хангалттай авах боломжтой. Бас Д аминдэмээр баяжуулсан сүү, жүржийн шүүс зэрэг нь бага хэмжээний Д-г агуулдаг. Хоол хүнсээр Д аминдэмээ бүрэн авахад ихээхэн хүндрэлтэй. Мультивитамин уухад хүртэл 400 ОУН Д-ийн агууламжтай тул хангалттай биш юм.
Адамс: Бас гадаа наранд гарч болно, тийм үү?
Холик эмч: Наранд биеэ зөв шарахад Д аминдэмээ авах боломжтой. Миний номон дээр дэлхийн бөмбөрцгийн хаана, ямар арьстайгаас хамаарч наранд хэдэн минут шарах нарийвчилсан хүснэгт байгаа.
Адамс: Та нэг жишээ хэлээч? Их Британид амьдарч байгаа Африк хүн хэдий хугацаагаар биеэ шарах хэрэгтэй вэ?
Холик эмч: Бололгүй яахав. 7 сард гэж үзвэл Их Британи АНУ-аас хойшоо 10 өргөрөгт оршиж байгаа учраас нарны тусгал бүр бага, гар, хөлөө 30-60 минутын турш долоо хоногт 2-3 удаа шарж байж, Д аминдэмээ хангалттай авна. Харин цагаан арьстан 5-10 минут, долоо хоногт 2-3 удаа байх шаардлагатай. Харин дараа нь нарны хамгаалалтаа түрхэнэ.
http://www.ikon.mn/n/hyv хаягаас зургийг авав. Д аминдэм судлаач, Харвардын Их сургуулийн профессор Д.Ганмаагийн тухай нийтлэлээс.

Адамс: Тийм юм байнаа.
Холик эмч: Би та нарт нарны хамгаалалт ямар хүчтэйг харуулах жишээ хэлж өгье. Хэрвээ та SPF 8-тай хамгаалалт түрхвэл арьсны Д аминдэмийн нийлэгжлийг 95% бууруулдаг. Тийм учраас бид юу гэж зөвлөдөг вэ гэвэл наранд гар, хөл, нүүрээ 5-10 минут шарсны дараа нарны хамгаалалтаа түрхэхийг зөвлөдөг.
Адамс: Танд жишээ нь тэдэн градусын өргөрөгт, тэдэн минут байхад тийм хэмжээний Д аминдэм үүснэ гэсэн жишээ байна уу?
Холик эмч: Асуудал юунд байна вэ гэвэл тэнгэрт үүл байна, бас агаарын бохирдол зэрэг нөлөөлдөг. Гэхдээ дунждаар 6-р сард Массачусетст арьсаа бага зэрэг ягаартал, усны хувцастай биеэ шарах нь 20000 ОУН Д аминдэм уусантай адил хэмжээний Д аминдэмийг үүсгэдэг.
Адамс: Энэ хэрэгтэй хэмжээнээс 20 дахин их хэмжээ байна, тиймүү?
Холик эмч: Тиймээ, тийм учраас бид нийт биеийн гадаргуугийн 6-10%-ийг долоо хоногт хэд хэдэн удаа наранд байлгах хэрэгтэй гэж зөвлөдөг.
Адамс: Өөр нэг асуулт байна. Наранд биеэ ихээр шарснаар хордлогод оруулах хэмжээний  Д аминдэм хүний бие үүсгэх боломжтой юу?
Холик эмч: Үгүй. Хүний бие өөрөө маш ухаалаг учраас хэдий их хэмжээний наранд шарсан ч гэсэн Д аминдэмийн хордлогод орохуйц ихээр бий болгодоггүй. Шалтгаан нь юу гэвэл хангалттай хэмжээний Д аминдэмийг нийлэгжүүлээд илүүдэл Д аминдэм нь нарны нөлөөгөөр устдаг.
Адамс: Тэгэхээр өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоотой байх нь ээ?
Холик эмч: Яг тийм. Байгаль эх хүний биед хангалттай хэмжээний Д аминдэмийг авахыг ингэж зохицуулсан байдаг.
Адамс: Тэгвэл Д аминдэм биед хадгалагддаг уу? 2 сарын турш үүлэрхэг байдаг газар нутагт амьдардаг хүний хувьд?
Холик эмч: Би түрүү хэлсэн дээ, хүний цусаар эргэлддэг гол хэлбэр нь 25-гидрокси Д аминдэм, хагас задралын хугацаа нь 2 долоо хоног орчим. Та хавар, зун, намар Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чадсан, мөн Д аминдэм бага хэмжээгээр биеийн өөхөнд хадгалагддаг тул эдгээрийг өвлийн саруудын турш авч хэрэглэдэг. Үнэхээр хангалттай хэмжээгээр хавар, зун, намар хуримтлуулж чадвал өвлийн 2-3 сарын турш Д-ийн дутагдалд орохгүй байх боломжтой. Хэрвээ үнэхээр санаа зовж байгаа бол Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэх болох юм. Эсрэгээрээ хэрвээ та тарган бол хамаг Д аминдэмийг өөхний эд хуримтлуулчихаад цус руу гаргахгүй байсаар Д аминдэмийн дутагдалд орох магадлалтай. Тарган хүмүүс Д аминдэм уух үед цусны Д аминдэмийн түвшин хэвийн жинтэй хүмүүсээс 2 дахин бага хэмжээгээр нэмэгддэг.
Адамс: Сонирхолтой юм.
Холик эмч: Хэрвээ тарган бол өдөрт 1000 биш бүр 2000 ОУН Д аминдэм авах шаардлагатай болно.
Адамс: Одоо тэгвэл Д аминдэмийг өөр ямар ямар өвчнүүдэд хэрэглэдэг талаар ярилцъя. Жишээ нь сэтгэцийн эмгэгүүд, улирлын шинж чанартай сэтгэцийн эмгэг /Seasonal affective disorder/.
Холик эмч: Улирлын шинж чанартай нөлөөт эмгэг нь дэлхий бөмбөрцгийн хойд хэсэгт амьдардаг хүмүүст боргоцой булчирхайн мелатонины нийлэгжилт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үүсдэг. Мелатонин нь нойрсолтыг өдөөдөг даавар юм. Хойд өргөргөд нарны туяа хангалттай эрчтэй биш, хангалттай удаан байдаггүйтэй холбоотойгоор мелатонины түвшинд өөрчлөлт ордог. Өвлийн өглөө сэрэхэд өглөө болж, нар мандахад буурах ёстой мелатонины түвшин буурдаггүй ба тэд энэ үед ядарч, өвлийн турш ичилтийн байдалтай байхыг хүсдэг. Ингэснээр тэд сэтгэл гутралд автдаг. Нэг судалгаагаар эдгээр эмгэгтэй хүмүүсийг борлуулах оронд оруулсны дараа Д аминдэмийн түвшинг нь үзэхэд 25-гидрокси Д аминдэм нь нэмэгдэхэд шинж тэмдгүүд нь арилж байсан. Мөн өвлийн цагт яс, булчингаар өвдөх, зовиурлах нь ихэсдэг нь мөн сэтгэл гутралд автахад нөлөөлдөг. Бидний мэдэж авсан өөр нэг зүйл гэвэл Д аминдэм нь булчингийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг, Д аминдэмийн дутагдалтай хүмүүс булчингийн сулралтай байх нь элбэг, мөн унаж, бэртдэг, яс нь хугарамтгай байдаг. Д аминдэм нь ясны сийрэгжилтэнд /остеопороз/ хүргэхээс гадна ясны зөөлрөл /остеомаляци/-д хүргэдэг. Энэ нь насанд хүрэгчдийн рахит гэсэн үг юм. Энэ нь яадаг вэ гэвэл яс, булчин зовиурлаж, хөндүүрлэх шинж тэмдгийг үүсгэдэг. Заримдаа энэ шинж тэмдгийг фибромиалгитэй их андуурдаг. Миннесота эмнэлэгт хийсэн судалгаагаар өвлийн цагт булчин, ясны өвдөлт зовиуртай ирсэн хүмүүсийн Д аминдэмийн түвшинг шинжлэхэд 93% нь дутагдалтай гарсан байна. Миний эмнэлэгт булчин, ясны өвдөлт зовиуртайгаар олон үйлчлүүлэгчид ирдэг. Маш өндөр төлбөртэй олон шинжилгээ хийсний эцэст Д аминдэмийн дутагдалтай нь л гарч ирдэг. Д аминдэмийн дутагдал олон жилийн турш үүсдэг учраас хэвийн түвшиндээ ортол мөн л хэдэн сарын эрчимтэй, өндөр тунтай эмчилгээ шаардлагатай байдаг.
Адамс: Дутагдлыг засахад хэдэн сараас жил хүртэл хугацаа шаардлагатай байна гэсэн үг байна, тийм үү?
Холик эмч: Тийм ээ, би өвчтнүүддээ хэлдэг юм. Гэхдээ ууж эхэлснээс хойш та сар, хоёр сарын дараа өөрчлөлтийг бага багаар мэдрэх болно. Нэг өдрийн дотор л засагдчихгүй гэсэн үг.
Адамс: Д аминдэм нь шилний цаанаас ч үйлчлэх үү?
Холик эмч: Үгүй ээ. Д аминдэм үүсгэдэг туяа нь шилээр нэвтэрч чаддаггүй. Тийм болохоор Д аминдэм арьсан дээр үүсэхгүй гэсэн үг.
Адамс: Хоёулаа буцаж, сэтгэцийн талын зовиурууд руу оръё. Сэтгэл гутралаас өөр ямар нэгэн өвчтэй холбоотой судалгаа байдаг уу?
Холик эмч: Австралид ажилладаг нэгэн судлаач маш сонирхолтой судалгаа хийсэн байсан. Өвлийн улиралд төрсөн бол амьдралын хойшдын жилүүдэд шизофрени тусах магадлал их өндөр байдаг гэдгийг нотолсон. Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалтай байх нь элбэг байдагтай холбоотой байж болно.
Адамс: Хэрвээ нарны гэрлийг капсулд хийгээд зардаг бол эмийн компаниуд хэдэн доллараар зарах бол?
Холик эмч: Би л гэхэд өвчтнүүддээ 1 капсулыг 10 доллараар авч өгдөг. 1 капсул нь 50000 ОУН-тэй Д-г би эмчилгээний журмаар хэрэглэдэг. Долоо хоногт 1 удаа 50000 ОУН-ээр 8 долоо хоног, дараа нь 2 долоо хоног тутамд 50000 ОУН. Энэ багассан Д аминдэмийн түвшинг нэмэгдүүлэх маш сайн арга.
Адамс: Таны номон дээр кальци болон кальцийн ассимиляцийн тухай ярьсан байсан?
Холик эмч: Хүмүүсийн ойлгох ёстой зүйл бол хэдий Д аминдэм хангалттай байсан ч хоол хүнс, нэмэлтээр хэрэглэхгүй бол ясны эрүүл мэндэд хангалттай сайнаар нөлөөлөхгүй. Тэгэхээр кальцийн хэрэглээгээ хангалттай байлгах нь чухал. АНУ-ын Анагаах ухааны Институтын зөвлөмжид өсвөр насныхан 1300мг кальци, насанд хүрэгчид 1000мг, 51-ээс дээш насныхан 1200мг кальци өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.

Адамс: Та Д аминдэм үр дүнтэй байхын тулд кальци хэрэгтэй гэлээ. Харин нөгөө талаар кальци үйлчилгээгээ үзүүлэхийн тулд хүний биед Д аминдэм байх хэрэгтэй биздээ?
Холик эмч: Хэрвээ та Д аминдэмийн дутагдалтай бол хоол хүнсний кальцийн 10-15% нь л шимэгдэнэ. Харин хангалттай Д аминдэмтэй байвал кальцийн 30%-ийг шимэгдүүлж авна. Жирэмсэн, хөхүүл үед энэ хэмжээ 80% хүртэл хэмжээгээр нэмэгддэг.
Адамс: Тэгэхээр хэвийн хэмжээ нь 30% гэж ойлгож болох уу?
Холик эмч: Эрүүл насанд хүрэгчдийн хувьд бол тийм.
Адамс: Тэгвэл тухайн хүн шүрэн кальцийн нэмэлт хэрэглэж байгаа гэж үзээд, наранд гараагүй, Д аминдэм хэрэглэхгүй бол шимэгдэлт нь 50% багасна гэсэн үг үү?
Холик эмч: Яг тийм. Тэгэхээр ач тус нь их бага байх болно.
Адамс: Энэ нь ямар нэгэн тэжээлийн бодис ганцаараа гайхамшигийг бүтээж чадахгүй гэдгийг дахин баталж байна.
Холик эмч: Тиймээ.
Адамс: Таны номон дээр бидний ярилцсан бүх сэдвүүд орсон байгаа юу?
Холик эмч: Тийм шүү. Эдгээр сэдвүүдээс гадна иш татсан бүх судалгааны эх үүсвэрүүдээ бүгдийг дурьдсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ номонд бичсэн бүх зүйлс шинжлэх ухаанаар батлагдсан зүйлс юм.

Д аминдэм болон нарны гэрлийн талаарх 15 баримт (Ярилцлагаас иш татав)
1.    Д аминдэм нь нарны гэрлийн хэт ягаан туяа арьсан дээр шууд туссаны үр дүнд хүний биед үүсдэг.
2.    Энэ туяа нь шилийг нэвтэрч чаддаггүй. Тэгэхээр цонхны цаанаас наранд шарлаа ч Д аминдэм хүний биед үүсдэггүй.
3.    Хоол хүнсээрээ Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авна гэдэг бараг бүтэхгүй. Нарны гэрэлд биеэ шарах нь хүний биед Д аминдэм үүсгэх хамгийн найдвартай арга болдог.
4.    Экватороос холдох тусам нарны гэрэлд байж, Д аминдэм үүсгэх хугацаа уртсана.
5.    Хар, бор арьстай хүмүүс цайвар арьстай хүмүүсээс 20-30 дахин удаан хугацаагаар наранд шарж байж, адил хэмжээний Д аминдэм хүний биед үүсэх нөхцөл бүрдэнэ.
6.    Д аминдэмийн хангалттай хэмжээгээр байх нь гэдсэнд кальцийн шимэгдэлтийг явуулах нөхцөл болдог. Д аминдэмийн дутагдалтай бол кальцийн бэлдмэлийг шимэгдүүлж чадахгүй, буцаж гадагшилж, үр дүнгүй байх болно.
7.    Д аминдэмийн архаг дутагдал нь нэг шөнийн дотор засагдчихгүй. Д аминдэмийн бэлдмэлиийг тохирох тунгаар хэдэн сарын турш ууж, наранд биеэ шарж байж, хэвийн хэмжээнд оруулна.
8.    SPF=8-тай нарны хамгаалалт нь Д аминдэм үүсэхийг 95%-аар саатуулдаг.
9.    Наранд биеэ шарснаар Д аминдэмийн илүүдэл болно гэж байдаггүй. Хүний бие өөрт шаардлагатай хэмжээгээр л нийлэгжүүлдэг.
10. Өвчүүнийхээ ясан дээр чанга дарахад өвдөж байвал та яг одоо Д аминдэмийн дутагдалтай байна гэсэн үг.
11. Д аминдэм нь элэг, бөөрөнд очиж, идэвхижсэн хэлбэртэй болох ба энэ нь хүний биед үйлчилгээ үзүүлдэг хэлбэр юм.
12. Элэг, бөөрний өвчтэй байх нь Д аминдэмийн хэмжээг ихээр бууруулдаг.
13. Д аминдэм нь олон сайн үйлчилгээтэй ч хүний биед үнэгүй үүсдэг.

Д аминдэмийн дутагдлын улмаас үүсдэг өвчин, эмгэгүүд
·         Ясны сийрэгжилт нь ихэнхдээ кальцийг шимэгдүүлэхэд чухал үүрэгтэй Д аминдэмийн дутагдлаас үүсдэг
·         Д аминдэмийн түвшин хангалттай байх нь түрүү булчирхай, хөх, өндгөвчний хавдар, сэтгэл гутрал, бүдүүн гэдэсний хавдар, шизофрени тусахаас сэргийлдэг.
·         “Рахит” нь Д аминдэмийн дутагдлаас үүсдэг ясны өвчин юм.
·         Д аминдэмийн дутагдал нь 2-р хэв шинжийн чихрийн шижинг үүсэхэд нөлөөлдөг байж болзошгүй бөгөөд нойр булчирхайн инсулины нийлэгжлийг алдагдуулдаг.
·         Таргалалт нь хүний биеийн Д аминдэмийн хэрэглээг алдагдуулдаг ба тарган хүмүүс Д аминдэм 2 дахин их тунгаар хэрэглэх хэрэгтэй.
·         Д аминдэмийг хайрст үлд (псориаз) өвчний эмчилгээнд дэлхий даяар хэрэглэж байгаа.
·         Д аминдэмийн архаг дутагдал нь фибромиалгитэй их андуурагддаг нь шинж тэмдгүүд нь адил байдагтай холбоотой. Фибромиалгитэй өвчнүүдэд булчин өвдөх, зовиурлах шинж илэрдэг.
·         Чихрийн шижин, хавдар тусах эрсдэл нь наранд долоо хоногт 2-3 удаа шарснаар 50-80% буурдаг.
·         Д аминдэмийн нэмэлт өдөрт 2000 ОУН хэмжээгээр хэрэглэвэл дараагийн 20 жилд 1-р хэв шинжийн чихрийн шижин тусах эрсдэл 80% буурна.