Sunday, January 18, 2015

Жирэмсний эхэн үеийн хордлого, түүнд хэрэглэх байгалийн эмчилгээ

Ерөнхий ойлголт
Жирэмсний эхэн үед тохиолддог дотор муухайралт, бөөлжилт нь нийт жирэмслэлтийн 75%-д тохиолддог бөгөөд 14 долоо хоног гэхэд 50%-д нь арилж, нийт 90% нь 22 долоо хоногтойд эдгээр зовиураас салсан байдаг. Эмэгтэйчүүдийн 80% нь өдрийн турш дотор муухайрч, бөөлждөг гэж өгүүлсэн байдаг.

Одоогоор шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд дааврын, хоол боловсруулалтын, бамбайн, сэтгэл хөдлөлийн, стресс, амьдралын хэв маяг зэрэг нь нөлөөлдөг гэж үздэг. Гэхдээ бүх хүнд адилхан шалтгаанаар үүсдэггүй учраас хүн бүрт нь тусгайлсан зөвлөгөө, эмчилгээ шаардлагатай байдаг.

Эмчилгээ
Сэтгэц, сэтгэл хөдлөл, амьдралын хэв маягт чиглэсэн эмчилгээ
Ерөнхийдөө судлаачид, эмч нар биеийн болоод сэтгэцийн хүчин зүйлүүд жирэмсний дотор муухайралт, бөөлжилтийг үүсгэдэг гэдэгтэй санал нэгддэг. Тийм учраас жирэмсэн эмэгтэйн сэтгэц, сэтгэл хөдлөл, амьдралын хэв маягт чиглэсэн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жирэмслэлт нь төлөвлөгдсөн байсан эсэх, мөн ямар нэгэн айдас, уур бухимдал, эргэлзээ байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Нилээд хэдэн судалгаанууд жирэмсний эхэн үеийн хордлогыг стресстэй холбосон байдаг учраас стресс үүсгэсэн нөхцөл байдлуудыг шийдвэрлэхэд туслах арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй.

Хоол тэжээл болон шимт бодисууд
Хүний биеийн бүхий л хэрэгцээг хангах тэжээлийн бодисуудтай хооллолтын байдал болон хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн байх нь эрүүл мэндэд маш чухал. Ялангуяа жирэмслэлтийн үед энэ нь бүр ч чухал үүрэгтэй. Учир нь эх болон хүүхдийн тэжээлийн бодисуудын хэрэгцээ нэмэгдсэн байдаг. Бага багаар, тогтмол цагт хооллох нь дотор муухайрах, бөөлжихөд хүргэдэг 2 шалтгаан болох ходоодыг бүрэн хоосрох, цусны сахар буурахаас сэргийлэхэд тустай. Усгүйжихээс сэргийлэхийн тулд хангалттай шингэн уухыг зөвлөдөг. Жирэмсний хордлого, төрсний дараах сэтгэл гутрал, хөхний сүү орохгүй байх зэрэг нь цайр, магни, В6 аминдэм болон эссенциал тосны хүчлүүдийн дутагдлаас үүдэлтэй байдаг. Ихэнх пренатал аминдэмүүд хэрэгцээтэй аминдэм, эрдсүүдийг тэнцвэртэй хэмжээгээр агуулсан байдаг.

Аминдэм, эрдсийн нэмэлт бэлдмэл хэрэглэх нь жирэмсний хордлого тусах магадлалыг бууруулдгийг нэгэн судалгаагаар нотолсон байдаг. В6 аминдэмийг 3мг-аас бага хэмжээтэйгээр агуулсан мультивитамины нэмэлт нь олон төрлийн тэжээлийн бодисуудын хавсарсан үйлчилгээнээс болдог байх магадлалтайг харуулж байна.

В6 аминдэм
В6 аминдэмийн ач тусын талаар 1942 болон 1944 онуудад Виллис болон түүний багийн хамт олон, Вейнстейн болон түүний багийнхан В6 аминдэмийг жирэмсэн эмэгтэйчүүдэд уулгахад дотор муухайралт бөөлжилт багасч байснаар мэдэж авчээ. Гэхдээ тэр үеийн судалгаа нь хяналтын бүлэггүй байжээ. Харин сүүлийн үеийн давхар нууцлалтай, санамсаргүй сонголтот судалгаануудаар үр дүнг нь баталсаар байна. 1 жишээ гэхэд 1991 онд давхар нууцлалтай судалгаагаар 59 эмэгтэйг 2 бүлэгт хуваан, 1 бүлэгт 8 цаг тутамд В6 аминдэм 25мг, нөгөө бүлэгт пласебо /В6-тай адилхан харагдах бэлдмэл, гэхдээ ямар нэгэн идэвхит бодисгүй/ уулгажээ. 72 цагийн дараа В6 ууж байсан нийт 31 эмэгтэйн 8 нь л дотор муухайралттай байхад пласебо бүлгийн 28-аас 15 нь дотор муухайралт хэвээр байв. Саяхны 342 эмэгтэйг хамарсан, давхар-нууцлалтай судалгаагаар нэг бүлэг нь 30мг В6, нөгөө бүлэг нь пласебо ууж, 5 хоног эмчилгээ хийлгэжээ. Хяналтын бүлэгтэй харьцуулахад эмчилгээний бүлэгт дотор муухайралт, бөөлжилт ихээр буурсан байж.

К болон С аминдэм
К, С аминдэмүүдийг хавсарч хэрэглэхэд нийт өвчтнүүдийн 91% нь 72 цагийн дотор дотор муухайралт, бөөлжилтгүй болсон байдаг. Гэхдээ тус, тусдаа үр дүнтэй үйлчилгээ үзүүлээгүй байна.

Жирэмсний эхэн үеийн хордлого, байгалийн, эмгүй эмчилгээ: Цагаан гаа, В6 аминдэм, С, К аминдэмүүд
Ургамлууд
Цагаан гаа
Цагаан гааг уламжлалт ёсоор бөөлжилтийн эсрэг эмчилгээ болгон ашигладаг байсан. Мэс засал, хими эмчилгээ, далайн өвчин, жирэмсний эхэн үеийн хордлогын үеийн дотор муухайралт, бөөлжилтийг бууруулдаг гэдгийг нилээд хэдэн судалгаа илрүүлсэн байдаг.

1990 онд хүнд хэлбэрийн хордлоготой, эхний триместертэй байгаа 27 жирэмсэн эмэгтэйд цагаан гааны үндсийн үйлчилгээг судалжээ. 250мг-аар өдөрт 4 удаа уухад шинж тэмдэг маш ихээр багассан байна.

Санамсаргүй сонголтот, хяналтат судалгаануудыг нэгтгэсэн нэгэн судалгаагаар цагаан гаа нь пласебогоос илүү үр дүнтэй төдийгүй, бөөлжилтийн эсрэг эм метоклопрамидтай адил үр дүнтэй байжээ.
2001 онд судлаачид 17-оос бага долоо хоногтой 70 жирэмсэн эмэгтэйд хийсэн судалгаагаар ч мөн адил үр дүнтэй байсан нь батлагджээ.
2002 онд хийгдсэн судалгаагаар 26 эмэгтэйн 14 нь цагаан гаа, 12 нь пласебо хэрэглэсэн байна. Цагаан гаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 77% нь сайжирсан байхад пласебо бүлгийн 20% нь л сайжирсан үр дүнтэй байжээ.

Эх үүсвэр: Textbook of Natural Medicine, 2005



Friday, January 2, 2015

Киш/Quiche хэрхэн хийх вэ?

Орц ба заавар
Эхлээд сууриа хийнэ. Pie crust-доод талын гурилан хэсэг хэсэг үг.
  • 1 1/4 аяга гурил 
  • 1/4 цайны халбага давс
  • 1/3 аяга цөцгийн тос
  • 4 хоолны халбага хүйтэн ус
Гурилан дээрээ давсаа цацаад дээр нь цөцгийн тосоо жижиглэн хийнэ. Дээр нь 4 хоолны халбага хүйтэн усаа 1 1 халбагаар хийгээд зуурна. Зуурсны дараа ийм харагдана.


Гурилаа нимгэн болгож элдээд саваа бүрнэ.


Гурилан дээрээ хөнгөн цагаан тавьж, дээр нь вандуй гэх мэт жинтэй хүнс тавьж, 175С-д 20 минут жигнэнэ. Дээр нь тавьсан хүндрүүлэгчдээ авч, дахин 15 минут жигнэж, гурил бэлэн болно. Гэхдээ энэ удаа би гурилаа жигнэлгүйгээр хийсэн. Жигнэсэн бол илүү гоё болох байсан байх.

Filling буюу өндөг, сүүний зуурмаг
Би дараах орцоор хийсэн.
  • 4 өндөг
  • 1/2 аяга сүү
  • 1/4 аяга цөцгий
  • 1/4 аяга майонез
  • 1 цайны халбага давс
Өөрөөр 3 өндөг, 1 аяга сүү, 1/2 аяга цөцгий, 1 цайны халбага давс, 1-2 аяга cheddar бяслаг гэсэн жороор бас хийж болно. Ер нь жороо яаж л бол яаж өөрчилж болохоор санагдсан.

Мөн дотор нь рейши мөөг /хавдраас сэргийлэх, дархлаа дэмжих үйлчилгээтэй мөөг/, чинжүү, сонгино, брокколи гэх мэт ногоог жижиглэн, өндөгний зуурмаган дээрээ хийнэ. Өндөг, ногоогоо бэлдсэн гурилан дээрээ жигд асгана.


175С-д халаасан зуухандаа хийж 45-55 минут жигнэнэ.

Quiche/Киш. Болсон байдал

Амт нь их зөөлөн боллоо. Ногоог нь багасгаж, өндөг, сүүний зуурмагаа арай ахиу хийвэл гоё болох юм шиг санагдлаа. Мөн дээр нь бяслаг цацвал өнгө нь шаргалтаж, улам гоё болох нь.


Quiche/Киш. Зүссэн байдал
Та дотор нь ямар ч ногоо хийж болно. Дараах зурагнуудыг нэтээс жишээ болгон авлаа.