Sunday, February 23, 2014

Шинэ халгайгаар хийх хоолны жорууд

Халгай 

Халгай нь аскорбиний хүчил, холин, А, Д аминдэмүүд, төмөр, кальци, эрдсүүд, аминдэмүүд болон эслэгийн өндөр агууламжтай.  Халгайг хоолондоо хийх буюу цай бэлтгэж уухад бөөрний дээд булчирхай болон бөөрний үйл ажиллагааг дэмжиж, уушиг, гэдэсний эд эсийг эдгэрүүлж, үсэнд тэжээл өгч, хөхүүл эхчүүдийн хөхний сүүний гарцыг нэмэгдүүлдэг. Мөн улирлын чанартай харшилын хөдлөлийг багасгаж, сэргийлэх боломжтой.

Халгайн шөл

Маш их тэжээллэг шөл. Эрдэнэ шиш нь байгалийн чихэрлэг амтыг нэмэгдүүлэх бөгөөд төмс нь илүү илчлэгтэй болгоно. Холигчинд хийвэл маш гоё ногоон өнгөтэй шөл болдог.

Жор:
  • 1 жижиг уут халгай
  • 3 хоолны халбага оливийн тос эсвэл цөцгийн тос
  • 2 том сонгино, жижиглэсэн
  • 2 хумс сармис, жижиглэсэн
  • 4 төмс, хальсалж, хэрчсэн
  • 8-10 аяга ус
  • 2 аяга эрдэнэ шиш, шинэ эсвэл хөлдөөсөн (эрдэнэ шиш органик биш бол хэрэглэхгүй)
  • 1 нимбэгний шүүс
  • Давс, хар перец амтлах хэмжээгээр
Халгайг угааж, хайчлана. Том шөлний саванд сонгино, сармисаа оливийн тосонд 3-5 минут хуурна. Ус нэмж, төмс, эрдэнэ шиш, халгайг бүгдийг нь хийж, буцалгана. Төмсийг болтол нь 10 минут орчим чанана. Бүх найрлагыг холигчинд хийж, зутан болгоно. Дараа нь нимбэгний шүүс, давс, перецээр амтална. 4-6 хүний порц.

Халгайн песто

Гоймон, төмс, болсон ногооны амтлагч болгон хэрэглэнэ. Эсвэл печень, шинэ ногоотой цуг зууш болгон идэж болно. Эсвэл пестогоо талхан түрхэн, бяслаг нэмж хачиртай талх бэлдэн идэж болно. 
  • 1 уут шинэ халгай  (ойролцоогоор 6 аяга), угааж, усыг нь сэгсэрсэн
  • 1 багц базилик, үндсийг нь авч, угааж, сэгсэрсэн (2 аяга навч)
  • 1/2 аяга органик Пармесан бяслаг
  • 1/3 аяга хушга эсвэл хушны самар
  • 1/3 аяга эксра виржин оливийн тос
  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • Давс, перец амт оруулах хэмжээгээр
Халгайг усанд 2-3 минут буцалгаж, хатгахгүй болгоно. Усыг нь сойж, хөргөөд жижиглэнэ. Бүх орцоо холигчинд хийж, жигд бүтэцтэй болтол холино. Давс, перецээр амтлана. Пестогоо цэвэр саванд хийж, дээгүүр нь оливийн тос бага зэрэг хийж таглана. 2-3 долоо хоног хөргөгчинд хадгална. 




Халгайн хуурга

  • 1 жижиг уут халгай
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 1 жижиг сонгино, хэрчсэн
  • 2 хумс сармис, хэрчсэн
  • 2 хоолны халбага нимбэгний шүүс
  • Давс, перец амт оруулах хэмжээгээр
Халгайг угааж, хэрчээд, хутгаар жижиг хэсгүүдэд хуваана. Дунд зэргийн хэмжээтэй хайруулын тавганд сонгино, сармисыг оливийн тосонд хуурна. Халгай, нимбэгний шүүсийг дээр нь нэмнэ. Хэдэн минут хутгаж, хуруна. Халгайгаа зөөлөн болтол ойролцоогоор 5 минут хуурна. Давс, перецээр амтална. 

Эх үүсвэр: https://www.facebook.com/ANEWEARTHSTORE





Tuesday, June 11, 2013

Спортын үед уух шингэн болон электролит



Дасгал сургуулилтын үед нөхөж авах шаардлагатай бодисуудад:
  • Ус
  • Нүүрс-Ус
  • Электролит, минералууд ордог.

Ус

Хэдий их хөлс гарна, төдий чинээ ус болон электолитээ нөхөж авах шаардлагатай
Дасгалаас 1-2 цагийн өмнө 450-600мл ус
Дасгалаас 15 минутын өмнө 250мл ус
Дасгалын үед 15-30 минут тутамд 125-250мл ус эсвэл электролиттэй шингэн уух хэрэгтэй. 

Харин дасгалын дараа хэдий их хэмжээний ус уух нь дасгалын өмнөх болон дараах жингээс хамаарна. 453г  тус бүрт 400-700мл ус нөхөж уух шаардлагатай. Мөн дасгалын дараа 4:1 хэмжээний нүүрс-ус, уураг агуулсан хоол идэх хэрэгтэй.
1 цагаас бага хугацаагаар дасгал хийдэг бол зөвхөн цэвэр ус уухад хангалттай. 

Нүүрс-Ус болон эрдсүүд
1 цагаас удаан хугацаагаар дасгал хийсэн тохиолдолд нүүрс-ус болон эрдэс агуулсан шингэнийг уух хэрэгтэй. 

Гэрийн нөхцөлд хийх спортын ундааны жор
Олон төрлийн спортын ундааны жор болон энэ ундаанд агуулагдах илчлэг, нүүрс-ус, натри, калийн хэмжээг судалж, тооцсоны үндсэн дээр 1 цагаас дээш хугацаагаар дасгал хийж байх үедээ уух спортын ундааны жорыг зохиолоо. 

·         Ус: 500мл хүйтэн, 220мл бүлээн (зөгийн балаа уусгах зорилгоор)
·         Жүржийн шүүс: 250мл
·         Зөгийн бал: 2 хоолны халбага
·         Давс (жамц давс байвал илүү сайн): ¼ цайны халбага
·         ½ нимбэгний шүүс (30мл)

Зөгийн балаа бүлээн усандаа уусгаж, дээрээс нь жүржийн шүүс, давс, нимбэгний шүүсээ хийж, хутгана.
Нийт 1 л. Илчлэг 248 ккал, нүүрс-ус 62 г, натри 504мг, кали 511 мг



Thursday, March 14, 2013

Кофений нунтаг сүү бол химийн бодисуудын нийлбэр


Бидний кофендоо хийдэг нунтаг кофений сүү /coffee creamer/ нь сүү гэж нэрлэх боломжгүй, ихэнхдээ non-dairy буюу сүү агуулаагүй гэсэн шошготой байдаг. Бид найрлаганд нь юу агуулагдаж байгааг мэдэхгүй, хаанаас, яаж бий болсныг нь мэдэхгүй учраас тогтмол хэрэглэсээр байгаа. Тийм болохоор энэ тухай өнөөдөр судалж, бичихээр шийдлээ.

Кофений нунтаг сүүний гол найрлага нь натрийн казейнат /sodium caseinate/ гэдэг үнээний сүүнээс гаралтай бодис юм. Үүнийг гаргаж авахын тулд үнээний хатаасан сүүн дээр хлорт устөрөгчийг нэмж, казейнийг шар уснаас /whey/ нь ялгадаг. Тэгэхээр байгальд байдаггүй нийлэгжүүлж гаргаж авсан бодис нь кофений сүүний гол найрлага болдог байна.

Чихэрлэг амттай болгохын тулд эрдэнэ шишийн сиропыг нэмдэг. Сүүлийн үед ихэнх эрдэнэ шиш генийн өөрчлөлттэй болсон болохоор эрдэнэ шишийн сироп /corn syrop/high fructose corn syrop/ орсон бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эрдэнэ шишийн сироп нь боловсруулсан чихэр, амттан, нарийн боов, салат амтлагч гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд агуулагдсан байдаг.

Калийн фосфат /dipotassium phosphate/ нь органик бус, эрдсийн гаралтай давс бөгөөд ихэнхдээ Хятад, Энэтхэгт үйлдвэрлэгдсэн байдаг.

Моно болон диглицеридүүд нь өөхний хүчлүүдээс эмульсжүүлэн гаргаж авсан нэгдлүүд юм. Эдгээр нь транс-өөх тос /trans fats/ буюу бүтцийн өөрчлөлтөнд орсон өөх тос юм. Транс өөх тос нь зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг, биед чөлөөт радикалын гэмтлийг ихээр учруулдаг гол найрлага.

Цахиурын хэт исэл /silicon dioxide/ бол байгальд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Үүнийг нунтаг бүтээгдэхүүнүүд нэгдэж, бүхэл болохоос сэргийлж нэмдэг. Бүтээгдэхүүний нийт жингийн 2%-аас бага хэмжээтэй агуулагдаж байж хүнд хор хөнөөлгүй байна. Гэхдээ хэмжээг нь голчлон заагаагүй байдаг тул хэр хэмжээтэй орсныг мэдэхэд хүндрэлтэй юм.

Sodium stearoyl lactylate нь хүнсний бүтээгдэхүүнүүдийг цийдмэгжүүлэгч бөгөөд кофенд хөөс үүсгэж, өөх тосыг орлох, задралаас сэргийлэх, амт оруулах зорилгоор хэрэглэдэг. Кофений дээр хөвдөг нөгөө хөөс маань тэгэхээр химийн бодис байх нь.

Шар буурцгийн лецитин /soy lecithin/ нь шар буурцгийн тос үйлдвэрлэх үйл явцад гарсан хаягдал бүтээгдэхүүн. Үүнийг гаргаж авахад гексан гэдэг химийн уусгагчийг хэрэглэх ба энэ нь мэдрэл хордуулах үйлчилгээтэй байдаг.

Найрлагын сүүлийн хэсгээр хиймэл амт, өнгө оруулагчдыг /artificial flavors and artificial color/ бичсэн байна. Таны хэрэглэх химийн бодисуудын тоо ингэж улам нэмэгдсээр л.

За ямар ч байсан та кофений сүү сүү биш химийн бодисууд гэдгийг ойлгож авсан байх. Нунтаг кофений сүүний оронд үнээний цэвэр сүү хэрэглэх, эсвэл сүүгүй уух нь хамгийн зөв аргууд болж таарах нь. Мөн гэрийн нөхцөлд янз бүрийн амттай кофений кремер хийх жоруудыгhttp://deliciouslyorganic.net/homemade-coffee-creamer/ хаягаас уншаарай.

Нээрээ л ажил дээр байгаа кофений нунтаг сүүний найрлагад дээрх бүгд агуулагдаж байна. Бөөн химийн бодисууд харагдаж байна. Та бас найрлагыг нь шалгаад үзээрэй.

http://foodtruthfreedom.wordpress.com/2012/03/18/non-dairy-coffee-creamer-makes-the-ick-list/

http://www.naturalnews.com/035784_coffee_creamer_hydrogenated_oils_HFCS.html