Sunday, April 19, 2015

Тарагтай тарт

Нэг гоё өглөөний цайнд идэж болох амттаны жор харлаа. Та нартай хуваалцая.

Суурь:
1/2 аяга / 70г наран цэцгийн үр
1 1/4 аяга / 150г гурвалжин будааны гурил /гурвалжин будааг food processor-т хийж, нунтагласнаар гурил болно/
1/4 цайны халбага давс
1/4 аяга / 60мл далдуу модны тос /маслоор орлуулж болно/-хөргөгчний температуртай
2 хоолны халбага агч модны сироп /зөгийн балаар орлуулж болно/
2 хоолны халбага хүйтэн ус /iced water-мөс хийж хөргөнө/

Зуурмаг
1 1/2 аяга / 350г өтгөн тараг
1 ш ванилла үр /Монголд олдоц бага тул хийхгүй байж болно/
1 хоолны халбага агч модны сироп /бас хийхгүй ч байж болно/
5 ш инжир жимс /figs/ угааж хэрчсэн /Энэ жимсний оронд төрөл бүрийн жимсгэнэ, жимс орлуулж болно/

Хийх арга
1. Зуухаа 190С-д халаана.
2. Суурийг хийхдээ эхлээд наран цэцгийн үрийг хайруулын тавганд хийж, 5 минут орчим, үнэртэй, шаргал болтол хуурна. Дараа нь элс шиг хэмжээтэй болтол нь холигчинд хийж нунтаглана. Дээр нь гурил, давс, далдуу модны тос /coconut oil/, агч модны сироп, усаа хийж, жигд бүтэцтэй болж, бүрэн холилдтол холигчоо ажиллуулна.
3. 18см-ийн тарт хийх зориулалттай саванд /эсвэл жижиг листтэй бол листэн дээрээ/ жигд тарааж, сэрээгээр хатгана. 15-25 минут алтан шаргал өнгөтэй, шаржигнуур болтол жигнэнэ. Болсны дараа гаргаж хөргөнө.
4. Болсон суурин дээрээ тарагны зуурмагаа /тарган дээрээ ванилла жижиглэн хийж, агч модны сиропоор амталсан/ хийж, дээр нь жимсээ тавина.
Таргандаа төрөл бүрийн жимс хийж амт оруулж болно.

Жорыг эндээс авав. http://www.vogue.com.au/vogue+living/entertaining/recipe+fig+and+buckwheat+breakfast+tart,36678

Thursday, February 26, 2015

Цагаан цэцэгт байцааны ороомог /cauliflower wraps/



Орц:

Карритай ороомог 
  • 1/2 том цагаан цэцэгт байцаа /cauliflower/
  • 2 өндөг
  • 1/2 цайны халбага карри нунтаг
  • 1/4 цайны халбага давс
Сармис, амтлагч ургамлуудтай ороомог
  • Карри нунтагны оронд 1 хумс нухсан сармис, 3/4 цайны халбага хатаасан амтлагч ургамлууд /базилик, орегано, ганга, яншуй гэх мэт/
Заавар:

Зуухаа 180С-д халаана. Калькин цаас дэвсэнэ. 

Цэцэгт байцааг жижиг жижиг хэсгүүд болгон хэрчиж, миксерт хийж бутална. Буталсан байцааг 1/2 аяга усанд хийгээд таглаж, 8 минут орчим, зөөлөн болтол болгоно.


Цэцэгт байцааг болсны дараа авч, усыг нь шүүгээд /миний хийж байсанд ус нь бараг ширгэсэн байсан тул шүүгээгүй/ үлдсэн бусад найрлагыг хийж холино. 

Цаасан дээрээ зуурмагаа жигд тарааж, 17 орчим минут зууханд болгоно. Болсны дараа листнээс авч хөргөнө.




Жорыг эндээс авав.

Saturday, February 7, 2015

Самар, үртэй талх

Хоол хүнсийг баяжуулж хэрэглэх нь аминдэм, эрдэс, ургамалд агуулагддаг бодисууд, омега-3 гэх мэт микро шим тэжээлийн бодисуудыг авах нэг арга юм. Тийм ч учраас би талхандаа маалинганы үр /омега-3, эслэгийн өндөр агууламжтай/, самар /ханаагүй тосны хүчлүүд, уураг, эрдсүүд/, өндөг /олон төрлийн тэжээлийн бодисууд/, цөцгийн тос /өөх-тос, Д, А аминдэм/ зэргээр баяжуулж хийдэг.

Энэ удаа наранцэцгийн самар, маалинганы үртэй талх барьлаа.

Самар, үртэй талх
Орц:
-1 кг гурил
-200мл жижиглэн, нунтагласан наранцэцгийн самар
-4 хоолны халбага нунтагласан маалинганы үр
-1 цайны халбага давс
-650мл ус
-1,5 цайны халбага исгэгч
-1 өндөг


Хийх заавар:
Гурил, самар, үр, давс зэргийг том саванд хийгээд холино. Өөр жижиг саванд бүлээн ус хийж, дээр нь өндөг, исгэгчээ хийж, хутгана. Гурилны холимог дээр шингэн холимогоо хийж зуураад сайтар нухна. Ойролцоогоор 1 цаг орчим амраана. Дахин нухна. Нухаад хэвлээд, дээд талд нь ташуу зүсээд, дахин 30-40 минут дулаан газар амраана. Дээд талыг нь зүссэнээр хөөх үед хагарахаас сэргийлнэ. Би жижиг зуух хэрэглэдэг учраас зуухаа 5-10 минут 180С-д халаагаад талхаа дотор нь амраадаг. Энэ үед аажим хөөдөг учраас дараа жигнэхэд хагарахгүй. Гаргаж ирээд өндөг хутгаж, дээр нь түрхвэл шаргал өнгөтэй болно. Ингэж амраасны дараа 180С-д 30-35 минут болгоно. Болсон эсэхийг мэдэхийг хүсвэл чигчлүүрээр хатгаад үзээрэй. Гэхдээ ихэвчлэн гаднах нь болсон харагдвал гаргахад болно. 2 том талх болно. Сайн нухвал дотроо том нүх бага байдаг.

Самар, үртэй талх. Зүссэн байдал.