Friday, December 31, 2021

"Байгалийн анагаах эмчилгээ" номыг татаж авч уншаарай

Сайн байцгаана уу, 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Анагаахын сургууль төгссөнийхөө дараа байгалийн анагаах ухаан сонирхон судалж байхдаа (2012) уншсан бүгдийгээ эмхэтгэн, нэгтгэх нь өөрөө сурах хамгийн зөв арга юм байна гэж бодоод энэ номыг бичсэн юм. Байгалийн анагаах ухаантай холбогдсон түүх маань анх Michael T. Murray, Joseph E. Pizzorno нарын "The Encyclopedia of Natural Medicine" номыг олж авсантай холбоотой юм. Энэ номонд орсон эмчилгээнүүд орчин үеийн анагаах ухааны эмчилгээг орлохгүй бөгөөд эмчилгээний хажуугаар эдгэрэлтийг дэмжих, хурдасгах, дахих, хүндрэхээс сэргийлэх, эрт үед нь байгалийн эмчилгээний аргуудаар эмчлэх аргуудыг бичсэн юм. 

"Байгалийн анагаах эмчилгээ" номыг бичих явцад ойлгогдож байгаа нэг зүйл бол бүх өвчний эмчилгээний хамгийн эхний алхам нь зөв амьдралын хэв маяг, хооллолт байна. Та ямар ч өвчтэй байсан эрүүл амьдралын хэв маягт шилжих нь бие махбодын өөрөө өөрийгөө эдгээн, илааршуулах чадварыг тэтгэж, сэргээх ач тустай. 

"Байгалийн анагаах эмчилгээ" номын ерөнхий редактороор АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор С.Бадамжав багш маань ажилласан. 

    Редакцийн үг 

    Байгаль өөрөө анагаана

    Их эмч Г.Уянга анагаахын сургууль төгсөөд удаагүй ч олон ном уншиж, шимтэн сонирхож, ажиглаж, ажиллаж байгаад шинэ санаа ургах үед энэхүү номыг бичжээ. Тэрээр бяцхан зурвасын хамт багшдаа хүргүүлснийг хэд хоног уншиж, засаж, янзлаад эргүүлэн өгөв. Энэ номыг цэгцлэх үүргийг хүлээхдээ миний хувьд дадлага удирдаж хичээл орж байсан учир орзуурхан хүлээн авсан хэрэг. Орчин үед эмнээс зугатаж байгаа энэ үед "Байгалийн анагаах эмчилгээ" ном чухал хэрэгтэйг онцолж байна. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тийм учир байгаль бас эмчлэх хэрэгтэй. Эмчлэх эмчлэхдээ байгаль өөрийн ургамлаар эмчлэх, илааршуулах нь зүйн хэрэгээ. Г.Уянга эмчийн бичсэн байгалийн анагаах ухааны талаарх энэ ном хүмүүст эрүүл мэндээ дээдлэн, "Гэрийн эмч" болохыг ерөөе. 

    Хүмүүс өөрсөд нь бага зэрэг шаналгаа, зовиур илрэхэд дур мэдэн химийн гаралтай эм хэрэглэх буй өөрөө ажиглах, мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг улам бүр мэдэрсээр байна. Эмнэлэгт хэвтэх нь чухал бус төгс оношлох, цаашид гэрийн нөхцөлд энгийн аргууд, байгалийн эмчилгээг хэрэглэн эдгэрсэн тохиолдол өчнөөн аж. 

    Байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар тунгаар хэрэглэх, мөн дасгал хөдөлгөөнийг хавсаргах нь чухлыг дурсаад, өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтойг дурьджээ. Өвчин хүндэрсэн үед нь эмнэлэгт хэвтэж, зайлшгүй тусламж үйлчилгээг авах нь дамжиггүй. Хүмүүс тэр бүр мэддэггүй гэдэс цочролын хамшинж, амхны шархны талаар ч тодорхой бичсэн нь сайшаалтай санагдана. Энэ ном хүмүүст эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна бизээ. 

    Номын хур бууж, буян нь танд орших болтугай. 

ЭМШУИС-ийн Гастроэнтерологийн тэнхимийн ахлах багш,

Анагаах ухааны доктор (PhD)

Cэвжидийн Бадамжав 


Байгалийн анагаах эмчилгээ ном татаж авах








Monday, December 20, 2021

"Үрэвслийг эмчлэх нь" ном хэвлэгдэн гарлаа

Үрэвсэл биднийг аюултай халдвараас хамгаалахын сацуу гэмтсэнийг анагаадаг дархлаа тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Гэвч үрэвслийн үйл явц буруу ажиллах тохиолдол гарах нь бий. Үрэвсэл эмгэг үүсгэгч бактериудыг устгадагтай адил хяналтаас гарсан үрэвсэл бие махбодод их хэмжээний хор хохирол учруулах чадалтай байдаг. Зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт, үе мөчний үрэвсэл, Альцгеймерийн өвчин, сэтгэл гутрал болон бусад олон төрлийн хавдар бүгд үрэвсэлтэй холбоотой байдаг боловч тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг маш бага судалсан байдаг. Өнөөг хүртэл эдгээр эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, мөн эмчлэх арга зам тодорхойгүй байна.

Виллиам Меггс, M.D., болон Карол Свек нар хүний амь насанд аюултай, архаг үрэвслээс өөрийгөө хамгаалахад туслах зорилгоор энгийн үгээр, ойлгомжтой хэлбэрээр энэхүү номоо бичжээ.

Номд:
• Таны эрүүл мэнд болон хөгшрөлтөд нөлөөлөх үрэвслийн уялдаа холбоо, үр дагавар
• Үрэвсэл ядаргаа, таргалалт, сэтгэл гутрал, нойргүйдэлтэй хэрхэн уялддаг
• Үрэвслийн эрсдэлийг бууруулж, эрүүл мэндийг тэтгэх амьдралын хэв маяг, хоолны дэглэм, хөтөлбөр болон эмийн тухай
• Үрэвслийг өдөөгч нь юу вэ зэрэг ойлголтуудыг багтаасан байна.
Багтраа, чихрийн шижинг хамрын ханиад шиг эмчилдэг болсон, бүх боломж нээгдсэн энэхүү хувьслын эрин үед үрэвслийн талаарх цогц ойлголт өгөхийг зохиогчид гол зорилгоо болгожээ. “Үрэвслийг эмчлэх нь” номыг уншсанаар та үрэвслийн эрсдэлийг хяналтдаа авч, урт удаан хугацаанд эрүүл амьдрах баталгааг бий болгох эхний алхмаа хийж чадна.

Ном худалдаалагдаж буй газрууд:
-Интерном
-Азхур
-Мир
-Альфа бүүк (Блью скай, Метро молл)
-Бүүк хаус (10-р хороолол)
-Танан номын дэлгүүр (Гандан)
-Төв АШУҮИС номын дэлгүүр
-Онлайн хэлбэрээр Mplus: Үрэвслийг эмчлэх нь (mplus.mn)
-Мөн 8808-5333 дугаарт залган хүргүүлж авах боломжтой.

Tuesday, January 5, 2016

Агаар чийгшүүлэгчээ хэрхэн зөв хэрэглэх вэ?

Агаар чийгшүүлэгчид дурлах маш олон шалтгаан байдаг, ялангуяа өвлийн саруудад. Гэрт чийглэг агаар түгээснээр ханиад, томуутай тэмцэж, хуурайшсан арьс, салстыг чийгшүүлэхэд тустай. Хэрвээ агаар чийгшүүлэгчээ зөв цэвэрлэж байхгүй бол харин ч өвчин түгээгч болох магадлалтай. 
Флорида Олон улсын Их сургуулийн халдварт өвчний тэнхимийн профессор Aileen M.Marty эмч хэлэхдээ "Судалгаагаар нийт чийгшүүлэгч аппаратуудын 75%-д мөөгөнцрийн ургалт илэрсэн, 87%-д бактерийн ургалт илэрсэн бөгөөд энэ нь зөвхөн айлуудын гэрт биш, эмнэлэгт хүртэл илэрсэн юм" гэв. 
Бохир, халдвартай агаараар амьсгалах нь уушигны хатгаа, багтрааны сэдрэл, өөр төрлийн уушигны өвчин болон Легионнэйрийн өвчин зэргийг тусах магадлалтай. Амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст энэ нь өвчнийг сэдрээх аюултай юм. 

Энд агаар чийгшүүлэгчийг хэрхэн зөв хэрэглэх 4 зөвлөгөөг орууллаа. 
Усыг тогтмол солих. Бактер, мөөгөнцөр нь чийгшүүлэгч төхөөрөмж дотор үлдсэн усанд ургахад маш амархан бөгөөд хэдхэн өдрийн дотор өсөж, үрждэг. Тэгэхээр өдөр бүр чийгшүүлэгчийнхээ усыг сольж байх шаардлагатай. Мөн агаар чийгшүүлэгчийн шүүлтүүрийг 2 сар тутамд солих хэрэгтэй. 
Цэвэрлэгээний бодисоо зөв сонгох нь чухал. Хамгийн зөв арга нь ус болон спиртийн суурьтай цэвэрлэгчид. Цэвэрлэсний дараа дотор гадаргууг хуурай болтол хатаана. Химийн гаралтай цэвэрлэгч бодисуудыг, ялангуяа устөрөгчийн хэт исэл агуулсан бүтээгдэхүүнийг огтхон ч хэрэглэж болохгүй. Энэ нь "агаар чийгшүүлэгч төхөөрөмж-холбоот уушигны гэмтэл"-ийг үүсгэдэг. 
Зөв ус хэрэглэх. Карантны ус хэрэглэж болохгүй. Савласан, урьдчилан шүүсэн, эрдэсгүйжүүлсэн усыг хэрэглэх хэрэгтэй. Шүүсэн ус хэрэглэсэн ч гэсэн өдөр бүр цэвэрлэхээ зогсоож болохгүй.
Тодорхой хугацаагаар хэрэглэсний дараа шинэ чийгшүүлэгч авч байх. Удаан хугацаагаар хэрэглэх үед тунадас хуримтлагдаж, мөн бактер, мөөгөнцрийн ургалтыг дэмжиж эхэлдэг. Хэдэн жил хэрэглэгдсэн бол, эсвэл зөв цэвэрлэж байгаагүй бол шинийг авах нь эрүүл мэндэд тустай, зөв алхам юм. Тэгээд ч тийм ч их үнэтэй биш шүү дээ. 
Эх үүсвэр: http://news.health.com/2015/12/25/how-to-clean-a-humidifier/?xid=soc_socialflow_facebook_realsimple