Tuesday, February 19, 2013

Чага мөөг


Чага мөөг

Латин нэр: Inonotus obliquus


Ерөнхий
Чага мөөг нь хус модон дээр шимэгчлэн ургадаг мөөг юм. Хагас дугуй хэлбэртэй, гаднаас харахад барзгар, хар өнгийн, олон тооны цууралт, хагархай, зураастай гадаргатай, завсраар нь улбар шаравтар хэм цухуйсан чулуу мэт хатуу бодис юм. Намар 9 сараас 6 сар хүртэл түүхэд тохиромжтой, 2 жилийн дотор чанараа алдахгүй.
Чага мөөг нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст АНУ, Канад, Оросын Сибир, Европын зүүн, хойд хэсэг, Солонгос, Монголд ургадаг эмчилгээний шинж чанартай мөөг юм. Оросын Холбооны Улсын Санктпетербургт Мөөг эмчилгээний төв байдаг ба энд чага, шийтаке зэрэг мөөгийг хавдрын эмчилгээнд хэрэглэдэг байна. Мөн Орос эрдэмтэн, судлаачид чага мөөгнөөс “Бифенгим” нэртэй бэлдмэл гаргаж авч, үүнийг ходоод, гэдэсний өвчин, хайрст үлдийн эмчилгээнд хэрэглэдэг байна. 




Чага мөөг

Найрлага

Идэвхитэй полисахаридууд (бета-глюканууд) нь дархлаа Т-эсийн идэвхи, эсрэг биеийн нийлэгжлийг нэмэгдүүлэх дархлаа сайжруулах үйлчилгээтэй. Түүнчлэн дархлааны үйл ажиллагаа ихэдсэн үед зохицуулах үйлчилгээ үзүүлдэг учраас псориаз буюу хайрст үлд өвчний эмчилгээнд үр дүнтэй байдгийг Орост хийгдсэн судалгаануудаар тогтоосон байна. Найрлагандаа элэг цэвэршүүлж, хоргүйжүүлж, хавдрын эсийн ургалтыг зогсоодог тритерпенүүд, хавдрын эсийг хордуулж устгадаг, үржлийг дарангуйлдаг бетулиний хүчлийг агуулдаг. Чага мөөг нь хус модноос бетулиний хүчлийг шимэгдүүлэн авч, өөртөө хуримтлуулж, хүний биед шимэгдэх хэлбэрт оруулдаг.

Үйлчилгээ
  • Антиоксидант. Бета-глюкан, бетулиний хүчил гэх мэт антиоксидантуудын өндөр агууламжтай. Антиоксидант үйлчилгээ нь эсийн ДНХ гэмтэж, мутаци үүсч, хавдрын эс болон хувирахаас сэргийлдэг.
  • Хавдрын эсрэг үйлчилгээтэй Бетулиний хүчлийн өндөр агууламжтай. Чага мөөг нь хус модноос шимт бодисуудыг шимэгдүүлэн авч, хүний биед шингэх хэлбэрт нь оруулдаг. Нэг жишээ дурьдвал Чага мөөг нь хус модны бетулин гэх тритерпенийг бетулиний хүчил болгон хувиргадаг. Бетулиний хүчил нь хавдрын эсийн өөрөө өөрөө устгах механизм /апоптоз/-ыг идэвхижүүлдэг. Мөн хавдрын эсийн ургалтыг удаашруулдаг байна. 
  • Дархлаа дэмжих үйлчилгээ. Чага мөөгний найрлага дах бета-глюкан полисахарид нь анхан шатны хамгаалалт болдог дархлааны эсүүдийн үйл ажиллагаа, ясны чөмөгний үүдэл эсүүдийг идэвхижүүлдэг. Дархлааны үйл ажиллагааг тэнцвэржүүлж, дасан зохицох, ачаалал даах чадвар /адаптоген/, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг.  
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээ. Чага мөөгний найрлага дах олон төрлийн бодисууд нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр архаг үрэвсэлт өвчнүүд болон гэдэс үрэвсэлт өвчнүүдэд үр дүнтэй нь батлагдсан байдаг.
  • Элэг хамгаалах, тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй.
  • Цусны сахар бууруулдаг учраас чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэдэг тустай.


Бэлдэх арга
Хөгширч үйрч байгаа чага нь эмчилгээнд тохирохгүй. Эрүүл модон дээрхийг нь түүнэ. Хатсан мод, модны доод хэсгийнхийг түүдэггүй. Чагаагаас өөр төрлийн мөөгийг түүж, бэлдэж болохгүй.Чаганы дотор талын цайвар зөөлөн, хөвсгөр хэсэг, модны холтсыг нь зайлуулна. Гадна талын хатуу хэсэг нь хурдан чийг татаж, хөгцөрдөг тул жижиглээд +50 дээшгүй халуунтай хуурай газар хатаана.
1.    Шинэ түүсэн, эсвэл хатаасан чагааг буцалгасан хүйтэн усанд 4-5 цаг дэвтээнэ. Мөөг усанд бүхэлдээ далд орсон байх шаардлагатай. Дэвтсэн мөөгийг үрэгч дээр үрж, эсвэл махны машинаар машиндан жижиглэнэ. Ингэж жижиглэсэн 1 стакан чага мөөгөн дээр 5 стакан буцалгасан бүлээн /+50 хэмээс илүүгүй/ ус хийгээд 2-3 өдөр хандална. Дараа нь хандыг давхарласан самбайгаар сайн шүүнэ. Гарсан өтгөн хандыг өмнө нь мөөгийг дэвтээсэн усан дээрээ хийнэ. Ингэж бэлдсэн хандыг ердийн нөхцөлд 5-6 өдөр, хөргөгчинд арай илүү удаан хадгалж болно. Хоол идэхээс хагас цагийн өмнө нэг аягаар өдөрт хоёроос гурван удаа, эсвэл хагас аягаар өдөрт зургаан удаа ууж хэрэглэнэ.
2.    Хатаасан, шинээр түүсэн мөөгийг нунтаглан, 1 цайны халбагыг 1 аяга 80-900С халуун усанд хийж, 10-15 минут байлгаж, цай болгож ууж болно.
3.    Чага мөөгийг нунтаглан шилэнд хийж, дээр нь 40%-ийн архи далд орохуйц хэмжээгээр хийж, хутгана. Энэ бэлдмэлээ өглөө, оройд нэг нэг удаа сайн сэгсэрнэ. 1 сарын дараа бэлэн болох үед нь марлиар шүүж авна. Шүүж авсан эдээ хөлдөөгөөд (эсийн хана нь задлахад хүндрэлтэй байдаг), халуун усанд чанаж, усыг нь ширгээгээд, спиртэн хандтайгаа холиж, дуслаар хэрэглэнэ. Ойролцоогоор 40-60 дуслаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ.
Анхаарах зүйл
Чага мөөгөөр эмчилгээ хийж байх үед сүү, ногоо голлосон хоол хүнс хэрэглэж, мах, өөх тосны хэрэглээг багасгана. Консерв, утсан мах, халуун ногоо, хиам г.м. зүйлсийг цээрлэнэ. Глюкозыг судсаар хийх, пенициллинийг уух болон тариулах хориотой.
Эх орныхоо хөрсөнд ургасан олон төрлийн ургамал, ногоо, мөөгийг хэрэглэн, эрүүлжих нь гадны ямар ч бэлдмэлээс илүү гэдэгтээ та бүхэн санал нийлэх байх.

Эх үүсвэрүүд:

http://www.youtube.com/watch?v=ZA_Q-uQoaFo
http://www.superfoods-for-superhealth.com/chaga.html
http://gazarshim.mn/tag/%D1%87%D0%B0%D0%B3%D0%B0-%D0%BC%D3%A9%D3%A9%D0%B3/