Friday, July 1, 2022

Нас ба булчингийн масс багасах

Нас явах тусам булчингийн масс багасч, хүч чадал буурдаг. Саркопени буюу хөгшрөлттэй холбоотой булчингийн массын алдагдал нь 35 орчим наснаас эхэлж, дунджаар жилд 1-2 хувиар буурч байдаг. 60 наснаас хойш, улам нэмэгдэж 3%-д хүрдэг. Энэ алдагдал нь хөнгөн, дунд, хүнд зэргийн, эсвэл хэвийн хэмжээндээ ч үлдэж болно. 

Гэхдээ тогтмол хүчний дасгал хийдэггүй, насанд хүрсэн хүмүүс 10 жилд булчингийн масснаасаа 1.8-2.7 кг булчингаа алдаж байдаг. Хэдийгээр булчингийн масс нь багасаад байгаа ч жин нь багасдаггүй нь булчин нь өөхөөр солигдоод байгаатай холбоотой. Огцом хүчийг өгдөг түргэн агшдаг булчингууд нь удаан агшдаг булчингуудаас илүү хурднаар алдагддаг тул та хүчгүй болоод зогсохгүй, удаан болж байдаг. 

Булчин сулрах нь биеэ даасан байдалд заналхийлж, өдөр тутмын алхах, цэвэрлэх, дэлгүүр хэсэх, хувцсаа өмсөхөд хүртэл хэцүү болдог. Мөн булчин султай байх нь өвчин, гэмтлийг даван туулахад хүртэл хүндрэлтэй болгоно. Хөдөлмөрийн чадвар алдалд нь булчингийн масс нь хэвийн хүмүүст дунд, хүнд зэргийн саркопенитэй хүмүүстэй харьцуулахад 1.5-4.6 дахин бага байдаг. Булчин хүчгүй байх нь мөн тэнцвэрийн алдагдлыг үүсгэж, хөдөлгөөнгүй зогсоход хүндрэлтэй болгоно. 

65-аас дээш насны 3 хүний 1 нь жил болгон унаж гэмтдэг. Зарим гэмтлийн үед яс хугарч, эсвэл эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэх, мөн үхэлд ч хүргэж магадгүй. Гэхдээ хүчний дасгал хийснээр та үүнээс сэргийлж чадна. Булчин хүчтэй байхад хүмүүс барагтай унахгүй, унасан ч хүнд гэмтэл авдаггүй. 

Хөгшрөлттэй холбоотой хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдалд зөвхөн булчингийн хүч, масс багасах нөлөөлдөггүй. Эсийн дотор энерги үүсгэж байдаг митохондрийн тоо, үр ашиг багасдаг. Мөн насжилт, хэрэглэхгүй байсны улмаас булчингийн ширхгийг ажиллуулдаг мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагаа буурдаг. 

Энэ бүх өөрчлөлтүүдийг буцаах, булчингийн үйл ажиллагааг сэргээхэд хүчний дасгал их үр дүнтэй гэдгийг судалгаанууд баталсан байдаг. 


Monday, June 27, 2022

Таны нүүрээ хөгшрөлтөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Хөгшрөлттэй холбоотойгоор нүүрний арьсанд гарах өөрчлөлтүүдийг удаашруулах боломжтой. 

Нүүрний арьс хэрхэн хөгширдөг вэ?

Нүүрний арьсанд олон өөрчлөлт явагддагаас заримыг нь дурьдвал:

-Үс духыг заагласан зураас хойшилсны улмаас дух томорч эхлэх

-Чихрийн мөгөөрс ургасаар байдаг болохоор чих томорч, унжих

-Хамрын мөгөөрсийг дэмждэг холбогч эд суларсны улмаас хамар унжих

Үүнээс гадна зарим бүтцийн өөрчлөлтүүд ч явагдаж байдаг. Биднийг залуу байхад, нүүрний өөх тархаж, бүх хэсгээр ижил хуваарилагдсан байдаг. Харин нас явах тусам өөхний эдийн эзлэхүүн багасаж, нэг газраа овооролдож, мөн доошоо чиглэж эхэлдэг нь нүүрний арьсны зарим хэсгийг унжихад хүргэдэг. Мөн нүүрний доод хэсгээр өөх хуримтлагдаж, эрүү хэсгээр хуримтлагдаж, давхар эрүүтэй болж эхэлдэг. 

Мэдээж нүүрний арьсанд үрчлээ нэмэгдэнэ. Дух, хөмсөгний голын гүн зурааснууд нь нүүрний булчингийн тогтмол хөдөлснөөс үүсдэг. Харин нимгэн үрчлээ нь нарны гэмтэл, тамхи, арьсны зарим элементүүдийн өөрчлөлтөөс болдог. 

Тэгвэл та арьсаа хөгшрөхөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Хэдийгээр та сайн гентэй, наснаасаа залуу харагддаг байсан ч насжилттэй холбоотой өөрчлөлтийг тойрох аргагүй. Нас болон харагдах байдлаа баяртайгаар хүлээн зөвшөөрөхийг бид танд зөвлөж байна. 

Гэхдээ та доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр арьсаа илүү залуу байлгах боломжтой. 

Нарны хамгаалалт. Нарнаас арьсаа хамгаалах нь залуу байлгах хамгийн сайн ганц арга юм. Ихэнх арьсны гэмтэл нарны UVA туяанаас үүсдэг тул UVA болон UVB туяануудаас (арьсыг түлдэг туяа) хамгаалах нарны тосыг байнга хэрэглэх хэрэгтэй. Мөн өргөн саравчтай нарны малгай өмсөж болно. 

Тос, лосьон. Чийгшүүлэгч тоснууд хуурай арьсыг зөөллөж, үрчлээг анзаарагдахгүй болгодог. Нүүрний чийгшүүлэгчид ус агуулдаг болохоор тослогтуулах нь бага, мөн глицерин гэх мэт найрлагууд нь усыг арьсанд илүү шингээж өгдөг. Гуужуулагчид хуучин арьсыг зайлуулж, арьсны өнгө, харагдах байдлыг сэргээдэг. 

Ботулинум токсин тарилга. Энэ тарилгыг дух болон хөмсөгний голын гүн зурааснуудын эмчилгээнд хэрэглэдэг. Энэ тарилга нь зураас үүсгээд байгаа булчингуудыг хөдөлгөөнгүй болгосноор арьсыг тольгор болгодог. Ботокс гэдэг нэрээр нь хүмүүс илүү мэдэх байх. 

Арьсны филлер. Арьсны коллаген, өөх нь байхгүй болсны улмаас үүссэн зурааснуудал арьсны филлер хэрэглэдэг. Хоёр хэсэгт хамгийн их хийлгэдэг ба нэг нь хамарнаас уруул хүртэлх хамар уруулын гурвалжин, нөгөөх нь амны булангаас эрүү хүртэлх зурааснууд. Арьсны филлер нь олон төрлийн материалтай байж болно. Коллаген ерөнхийдөө зах зээлээс шахагдаж, гиалуроны хүчил илүү ихээр хэрэглэгддэг болсон. Илүү үнэтэй ч илүү удаан хугацаагаар барьдаг - хамар уруулын гурвалжинд 6 сар хүртэлх хугацаагаар үйлчилдэг. 

Лазер эмчилгээ. Бор өнгийн нөсөө, толбыг арилгах зорилгоор лазерийг хэрэглэдэг. Мөн арьсны гадна давхаргыг бүхэлд нь шинэчлэх үйлчилгээтэй. Арьсны гадна давхарга гуужихдаа нарны гэмтлээс үүсэлтэй үрчлээ, батганы сорвийг давхар авч гууждаг. Зарим лазер арьсны гүн рүү нэвтэрч, үрэвслийг үүсгэж, коллагений нийлэгжилтийг идэвхижүүлдэг. Ихэнх лазер эмчилгээний дараа арьсны эд бүрэн гүйцэд нөхөн төлжихөд хугацаа хэрэгтэй байдаг. Заримдаа хэдэн долоо хоног ч шаардагдаж магадгүй. 

Эх сурвалж: https://www.health.harvard.edu/promotions/harvard-health-publications/skin-care-apr2014-test 

Зохистой хооллож эхлэхэд туслах 5 бяцхан зөвлөмж

Эрүүл зохистой хооллож эхлэхдээ та дараах 5 зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй.

  • Хоол хүнсний шинэ трендийн талаар зөв ойлголттой болох. Одоо цагт хүнсний ногоо, жимс, бүхэл үр, самар, загас зэрэг хүнсийг хамгийн сайн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч, мэддэг болсон. 
  • Шинэ хоолны жор, шинэ хооллолтын аргуудыг туршиж үзэх. Бүтээлч байж, азаа үзэх. Шинэ зүйлийг төвөгшөөж хүлээн авах биш, зугаатайгаар турших. 
  • Өөрчлөлтийг бага багаар хийх. Та одоо 40 настай гэхэд амьдралдаа 40,000 орчим төрлийн хоол хүнс, + амны зугаа идсэн байгаа. Өөртөө өөрчлөгдөх хугацаа өгөх, долоо хоногт 1 хүнсийг нэмж эхлээд үзээрэй. 
  • Өөрийн хоолны дэглэмдээ хэт хатуурхахгүй байх. Та хэзээ ч төгс хооллолттой байж чадахгүй. Таны тавган дээрх бүх хоол заавал бүгд эрүүл байх шаардлагагүй. Дуртай зүйлээ хэт их хорилгүй, давтамжийг нь багасгах. Жишээ нь шарсан өөхтэй маханд дуртай бол өдөр бүр идэхгүй, долоо хоногт нэг удаа идэх гэх мэт. Таны хооллолт ерөнхийдөө эрүүл байхад болох ба ганц нэг удаагийн түргэн хоол, газтай ундаа зэргийг хэрэглэхийг өөртөө зөвшөөрөхөд болно. 
  • Урт хугацааны том зургаар харах. Та хоол болгоноо, ам руу орж байгаа бүхнээ эрүүл сонголт байлгах гэж стрессдэх хэрэггүй. Та эрүүл сонголтыг ихэнхдээ хийдэг байхад хангалттай.
Эх сурвалж: 
Харвардын Анагаахын Сургуулийн Healthy Eating: A guide to the new nutrition сэтгүүл