Monday, June 27, 2022

Таны нүүрээ хөгшрөлтөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Хөгшрөлттэй холбоотойгоор нүүрний арьсанд гарах өөрчлөлтүүдийг удаашруулах боломжтой. 

Нүүрний арьс хэрхэн хөгширдөг вэ?

Нүүрний арьсанд олон өөрчлөлт явагддагаас заримыг нь дурьдвал:

-Үс духыг заагласан зураас хойшилсны улмаас дух томорч эхлэх

-Чихрийн мөгөөрс ургасаар байдаг болохоор чих томорч, унжих

-Хамрын мөгөөрсийг дэмждэг холбогч эд суларсны улмаас хамар унжих

Үүнээс гадна зарим бүтцийн өөрчлөлтүүд ч явагдаж байдаг. Биднийг залуу байхад, нүүрний өөх тархаж, бүх хэсгээр ижил хуваарилагдсан байдаг. Харин нас явах тусам өөхний эдийн эзлэхүүн багасаж, нэг газраа овооролдож, мөн доошоо чиглэж эхэлдэг нь нүүрний арьсны зарим хэсгийг унжихад хүргэдэг. Мөн нүүрний доод хэсгээр өөх хуримтлагдаж, эрүү хэсгээр хуримтлагдаж, давхар эрүүтэй болж эхэлдэг. 

Мэдээж нүүрний арьсанд үрчлээ нэмэгдэнэ. Дух, хөмсөгний голын гүн зурааснууд нь нүүрний булчингийн тогтмол хөдөлснөөс үүсдэг. Харин нимгэн үрчлээ нь нарны гэмтэл, тамхи, арьсны зарим элементүүдийн өөрчлөлтөөс болдог. 

Тэгвэл та арьсаа хөгшрөхөөс хамгаалахын тулд юу хийж болох вэ?

Хэдийгээр та сайн гентэй, наснаасаа залуу харагддаг байсан ч насжилттэй холбоотой өөрчлөлтийг тойрох аргагүй. Нас болон харагдах байдлаа баяртайгаар хүлээн зөвшөөрөхийг бид танд зөвлөж байна. 

Гэхдээ та доорх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлснээр арьсаа илүү залуу байлгах боломжтой. 

Нарны хамгаалалт. Нарнаас арьсаа хамгаалах нь залуу байлгах хамгийн сайн ганц арга юм. Ихэнх арьсны гэмтэл нарны UVA туяанаас үүсдэг тул UVA болон UVB туяануудаас (арьсыг түлдэг туяа) хамгаалах нарны тосыг байнга хэрэглэх хэрэгтэй. Мөн өргөн саравчтай нарны малгай өмсөж болно. 

Тос, лосьон. Чийгшүүлэгч тоснууд хуурай арьсыг зөөллөж, үрчлээг анзаарагдахгүй болгодог. Нүүрний чийгшүүлэгчид ус агуулдаг болохоор тослогтуулах нь бага, мөн глицерин гэх мэт найрлагууд нь усыг арьсанд илүү шингээж өгдөг. Гуужуулагчид хуучин арьсыг зайлуулж, арьсны өнгө, харагдах байдлыг сэргээдэг. 

Ботулинум токсин тарилга. Энэ тарилгыг дух болон хөмсөгний голын гүн зурааснуудын эмчилгээнд хэрэглэдэг. Энэ тарилга нь зураас үүсгээд байгаа булчингуудыг хөдөлгөөнгүй болгосноор арьсыг тольгор болгодог. Ботокс гэдэг нэрээр нь хүмүүс илүү мэдэх байх. 

Арьсны филлер. Арьсны коллаген, өөх нь байхгүй болсны улмаас үүссэн зурааснуудал арьсны филлер хэрэглэдэг. Хоёр хэсэгт хамгийн их хийлгэдэг ба нэг нь хамарнаас уруул хүртэлх хамар уруулын гурвалжин, нөгөөх нь амны булангаас эрүү хүртэлх зурааснууд. Арьсны филлер нь олон төрлийн материалтай байж болно. Коллаген ерөнхийдөө зах зээлээс шахагдаж, гиалуроны хүчил илүү ихээр хэрэглэгддэг болсон. Илүү үнэтэй ч илүү удаан хугацаагаар барьдаг - хамар уруулын гурвалжинд 6 сар хүртэлх хугацаагаар үйлчилдэг. 

Лазер эмчилгээ. Бор өнгийн нөсөө, толбыг арилгах зорилгоор лазерийг хэрэглэдэг. Мөн арьсны гадна давхаргыг бүхэлд нь шинэчлэх үйлчилгээтэй. Арьсны гадна давхарга гуужихдаа нарны гэмтлээс үүсэлтэй үрчлээ, батганы сорвийг давхар авч гууждаг. Зарим лазер арьсны гүн рүү нэвтэрч, үрэвслийг үүсгэж, коллагений нийлэгжилтийг идэвхижүүлдэг. Ихэнх лазер эмчилгээний дараа арьсны эд бүрэн гүйцэд нөхөн төлжихөд хугацаа хэрэгтэй байдаг. Заримдаа хэдэн долоо хоног ч шаардагдаж магадгүй. 

Эх сурвалж: https://www.health.harvard.edu/promotions/harvard-health-publications/skin-care-apr2014-test 

No comments:

Post a Comment