Сайн байцгаана уу,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Анагаахын сургууль төгссөнийхөө дараа байгалийн анагаах ухаан сонирхон судалж байхдаа (2012) уншсан бүгдийгээ эмхэтгэн, нэгтгэх нь өөрөө сурах хамгийн зөв арга юм байна гэж бодоод энэ номыг бичсэн юм. Байгалийн анагаах ухаантай холбогдсон түүх маань анх Michael T. Murray, Joseph E. Pizzorno нарын "The Encyclopedia of Natural Medicine" номыг олж авсантай холбоотой юм. Энэ номонд орсон эмчилгээнүүд орчин үеийн анагаах ухааны эмчилгээг орлохгүй бөгөөд эмчилгээний хажуугаар эдгэрэлтийг дэмжих, хурдасгах, дахих, хүндрэхээс сэргийлэх, эрт үед нь байгалийн эмчилгээний аргуудаар эмчлэх аргуудыг бичсэн юм."Байгалийн анагаах эмчилгээ" номыг бичих явцад ойлгогдож байгаа нэг зүйл бол бүх өвчний эмчилгээний хамгийн эхний алхам нь зөв амьдралын хэв маяг, хооллолт байна. Та ямар ч өвчтэй байсан эрүүл амьдралын хэв маягт шилжих нь бие махбодын өөрөө өөрийгөө эдгээн, илааршуулах чадварыг тэтгэж, сэргээх ач тустай.
"Байгалийн анагаах эмчилгээ" номын ерөнхий редактороор АШУҮИС-ийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш, МУ-ын хүний гавъяат эмч, АУ-ны доктор, профессор С.Бадамжав багш маань ажилласан.
Редакцийн үг
Байгаль өөрөө анагаана
Их эмч Г.Уянга анагаахын сургууль төгсөөд удаагүй ч олон ном уншиж, шимтэн сонирхож, ажиглаж, ажиллаж байгаад шинэ санаа ургах үед энэхүү номыг бичжээ. Тэрээр бяцхан зурвасын хамт багшдаа хүргүүлснийг хэд хоног уншиж, засаж, янзлаад эргүүлэн өгөв. Энэ номыг цэгцлэх үүргийг хүлээхдээ миний хувьд дадлага удирдаж хичээл орж байсан учир орзуурхан хүлээн авсан хэрэг. Орчин үед эмнээс зугатаж байгаа энэ үед "Байгалийн анагаах эмчилгээ" ном чухал хэрэгтэйг онцолж байна. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн. Тийм учир байгаль бас эмчлэх хэрэгтэй. Эмчлэх эмчлэхдээ байгаль өөрийн ургамлаар эмчлэх, илааршуулах нь зүйн хэрэгээ. Г.Уянга эмчийн бичсэн байгалийн анагаах ухааны талаарх энэ ном хүмүүст эрүүл мэндээ дээдлэн, "Гэрийн эмч" болохыг ерөөе.
Хүмүүс өөрсөд нь бага зэрэг шаналгаа, зовиур илрэхэд дур мэдэн химийн гаралтай эм хэрэглэх буй өөрөө ажиглах, мэргэжлийн эмчид хандах шаардлагатайг улам бүр мэдэрсээр байна. Эмнэлэгт хэвтэх нь чухал бус төгс оношлох, цаашид гэрийн нөхцөлд энгийн аргууд, байгалийн эмчилгээг хэрэглэн эдгэрсэн тохиолдол өчнөөн аж.
Байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг ямар тунгаар хэрэглэх, мөн дасгал хөдөлгөөнийг хавсаргах нь чухлыг дурсаад, өвчний хүндрэлээс сэргийлэх боломжтойг дурьджээ. Өвчин хүндэрсэн үед нь эмнэлэгт хэвтэж, зайлшгүй тусламж үйлчилгээг авах нь дамжиггүй. Хүмүүс тэр бүр мэддэггүй гэдэс цочролын хамшинж, амхны шархны талаар ч тодорхой бичсэн нь сайшаалтай санагдана. Энэ ном хүмүүст эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулна бизээ.
Номын хур бууж, буян нь танд орших болтугай.
ЭМШУИС-ийн Гастроэнтерологийн тэнхимийн ахлах багш,
Анагаах ухааны доктор (PhD)
Cэвжидийн Бадамжав
Байгалийн анагаах эмчилгээ ном татаж авах