Хоргүйжих гэдэг нь биедээ хуралдсан хоруудыг биеэс гадагшлуулна гэсэн үг юм.
Цаг хугацааны явцад таны биед 2 төрлийн хор хуримтлагддаг:
- Хүрээлэн байгаа орчны хорууд. Экзоген хор гэж заримдаа нэрлэдэг бөгөөд агаар, ус, хүнсэнд буй химийн бодисууд болон бохирдуулагчид орно. Хамгийн түгээмэл байдаг хоруудад пестицид, гербицид, жороор олгодог болон өвчин намдаагч, халуун бууруулагч эмүүд, ууршигч органик бодисууд орно.
- Бодисын солилцооны хорууд. Эдгээр хорыг эндоген хор гэж нэрлэдэг бөгөөд бие махбодийг эс болгон өдөр бүр бодисын солилцооныхоо дүнд үүсгэж байдаг. Бодисын солилцооны хор нь хоол боловсруулах замд боловсроогүй хоолны үлдэгдлийг бүдүүн гэдэсний бактериуд задлах үед үүсдэг.
Аль ч цагт эс дотор хортой бүтээгдэхүүн агуулагдаж болдог нь хэвийн үзэгдэл. Ерөнхийдөө энерги үйлдвэрлэх явцад хорт бодисууд байнга ялгарч байдаг. Гэхдээ хор нь хуримтлагдсаар тодорхой цэгт хүрэхэд хордлогод оруулдаг. Хордлогын анхны үр нөлөө нь эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх явдал юм. Хэрвээ энэ хордлого нь үргэлжилсээр байх юм бол эсийн ДНХ-г гэмтээж, тухайн эсэд хязгааргүй, хяналтгүй ургалт буюу хавдрыг үүсгэдэг. Бидэнд үүссэн олон төрлийн архаг өвчин нь зөвхөн ганц зүйлээс шалтгаалдаггүй. Цаг хугацааны туршид биед хор хуримтлагдсаар өвчинд өртөх нөхцлийг бий болгож байдаг. Бүр тодорхой хэлбэл хордлого нь титэм судасны өвчин, цусны даралт ихдэлт, II төрлийн чихрийн шижин, амьсгалын замын өвчнүүд, бөөрний өвчнүүд, элэгний үйл ажиллагааны алдагдал, дааврын тэнцвэрт бус байдал, арьсны өвчнүүд, мөн түүнчлэн олон төрлийн хавдрыг үүсэх үндэс суурь нь болно.
Бидний бие махбод цаг ямагт өөрийгөө хоргүйжүүлж, цэвэрлэж байдаг. Эсийн бодисын солилцооноос бий болсон ихэнх хор нь элгэнд хоргүйжиж, бөөр, гэдэс, арьс, уушиг, хамар, чихний салстын шүүрлээр биеэс гадагшилдаг. Өөрөөр хэлбэл таныг шээх, баах, амьсгал гаргах, ханиах, найтаах болгонд хороо гадагшлуулдаг. Биед их хэмжээний хор орсон тохиолдолд бие махбод ялгаруулалтаа ихэсгэдэг. Хэрвээ эдгээр ялгаруулах механизм ажиллахгүй байгаа тохиолдолд эрүүл мэндийг хадгалахын тулд бие хорыг өөхөн эддээ хадгалдаг. Хэдий та туранхай ч гэсэн хорыг булчингийн завсрын өөх, эрхтнийг тойрсон хальсанд хадгалдаг.
Бие махбодын бүрэн хоргүйжих явц
Ямар ч хоргүйжүүлэх хөтөлбөр нь бие махбодын хоргүйжих үйл явцыг хурдасгах үйлдэлтэй байдаг. Та гадны болон дотоод хоруудад өртөхөө багасгаж, бие махбодод өөрийгөө цэвэрлэх, хоргүйжих хугацааг өгөх замаар та энэ үйл явцыг хурдасгана. Нөгөө талаар цэвэрлэх явцдаа та заавал хоол идэх шаардлагагүй. Зөвхөн бие болон сэтгэцийн амралт, цэвэр агаар, ус, бодисын үндсэн солилцоонд шаардлагатай энерги л байхад болно. Гэхдээ энэ энергийг та элэг, булчин, өөхөнд агуулагдсан бодисуудаа задлах замаар олж авах болно. Хэрвээ та их удаан хугацааны турш батгатай байгаа бол таны ходоод гэдэс бүрэн цэвэрлэгдэж дуустал буюу хэдэн долоо хоногоос хэдэн сарын дараа нь таны арьсанд өөрчлөлт гарч эхэлнэ. Эсвэл дааврын алдагдлаас болж байгаа бол хэдэн жилийн дараа л таны арьс цэвэршиж эхэлнэ. Гэхдээ ганцхан гол зүйлийг огтхон ч мартаж болохгүй. Ихэнх архаг өвчин маш олон жилийн турш үүсэж, бий болсон байдаг учраас хэдхэн сарын дотор эдгэрнэ гэж бодож болохгүй. Бүтэн биеийн эрчимтэй цэвэрлэгээг хийхдээ дараах үндсэн зарчмуудыг баримтлана. Үүнд:
- Боломжийнхоо хирээр цэвэр агаараар амьсгалах
- Боломжийн хирээр биеийн болон сэтгэлийн амралт эдлэх
- Ус их агуулсан хоол, шингэн сайн ууж байх
- Гадаад болон дотоод хоруудтай харьцах, тэдний нөлөөнд өртөхөөс аль болох зайлсхийх алхмууд орно.
Хоолны дэглэм
Бүх биеийн цэвэрлэгээний турш таны хоолны дэглэм маш энгийн байх болно. Энэ нь хоол боловсруулахад зарцуулаглагдах энергийг өөр бусад шаардлагатай зүйлд зарцуулах боломжийг олгоно. Цэвэрлэгээ нь бие махбодын өөрийгөө цэвэршүүлэх механизмд үндэслэгддэг болохоос ямар нэгэн хоол, хүнсний зүйлээр цэвэрлэдэггүй. Хүнсний ногоо, жимс, жимсний шүүс нь бие махбодыг цэвэршүүлэхэд маш сайн сонголт болдог. Ихэнх хүмүүст ногоо, жимсийг боловсруулах нь хялбар байдаг. Мөн эдгээр нь усыг ихээр агуулсан байдаг тул цэвэрлэгээний гол нөхцөл болдог. Гэхдээ бих биеийн цэвэрлэгээний явцад ногоо, жимс, шүүснээс бусдыг идэхгүй байх хэрэгтэй.
Бүтэн биеийн цэвэрлэгээнд хэрхэн бэлтгэх вэ?
Цэвэрлэгээг эхлэхээсээ өмнө дараах зүйлсийг дор хаяж долоо хоног хориглох хэрэгтэй. Эдгээрт кофе, архи, давс, элсэн чихэр болон бусад амт оруулагчид, амьтны гаралтай бүх төрлийн хүнс, өндөг, загас, цагаан идээ, тахиа, үхэр, гахай болон бусад мах орно. Гэхдээ үр тариан бүтээгдэхүүн, самар, буурцаг зэргийг цэвэрлэгээний эхний өдөр хүртэл хэрэглэж болно. Эдгээр бүтээгдэхүүн нь хүнсний эслэгээр баялаг тул цэвэрлэгээний туршид хоол боловсруулах замаар хүндрэлгүйгээр гадагшилна. Гэхдээ эхлэхээсээ өмнө гал тогоогоо жимс болон хүнсний ногоогоор сайн цэнэглэх хэрэгтэй. Таны бэлдэх хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд бол бууцай, өргөст хэмх, улаан лооль, лууван, хүрэн манжин, хулуу, цэцэгт байцаа, байцаа, сонгино, эрдэнэ шиш, шийгуа, лийр, алим, гадил, манго, тоор, чавга, усан үзэм, жүрж, аньс, нэрс, хад, үхрийн нүд, бүх төрлийн жимсний шүүс байж болно.
Ууж чадах хэмжээгээрээ усыг уух хэрэгтэй. Гэхдээ бүлээн буюу халуун ус байх шаардлагатай. Гэхдээ эмчийн заавраар авсан эмүүдээ зогсоохоо түр азнаарай. Мөн нийлэг аргаар гаргаж авсан амин дэм, эрдсийн бэлдмэлүүдийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Цэвэрлэгээний үеийн хоолны дэглэм
Өглөө
Ямар ч хамаагүй жимс буюу бууцай, шанцайтай зууш
Үдээс хойш
Олон төрлийн ногоог оролцуулсан салат иднэ. Хэрвээ салатандаа ямар нэгэн амтлагч хийе гэвэл экстра виржин оливийн тосыг лимоны шүүстэй, жүржийн шүүстэй хэрэглэж болно. Цуу, давс, зөгийн бал, амтлагч ногоонуудыг хэрэглэхийг хориглоно. Мөн энэ салатыг оройн хоолонд ч хэрэглэж болох ба үүн дээрээ нэмээд жигнэсэн төмс идэж болно. Оройн хоол хүртлээ ус сайн ууж, идэхийг хүссэн бүх төрлийн жимсээ идэж болно.
Оройн хоол
Жимс, ногооны ямар ч холимгийг идэж болох ч хүнсний ногоо нь арай их байх шаардлагатай. Хэрвээ түүхий жимс идмээргүй байвал чанасан, жигнэсэн брокколи, байцаа, эрдэнэ шиш зэргийг идэж болно.
Та долоо хоногийн аль өдрүүдэд боломжтой тэр цагаа сонгож хийх хэрэгтэй. Ихэнх хүн баасан гаригийн орой эхэлж, даваа гаригийн өглөө дуусах хувилбарыг сонгодог. 3-5 хоног цэвэрлэгээ хийх нь боломжийн хугацаа байдаг. Цэвэрлэгээний үеийн хоолны дэглэмээс гарах эхний өдөр жимс ногооны дэглэмээ баримтлана. Хоёр дахь өдөр нь уургаар баялаг бүтээгдэхүүнийг аажмаар нэмнэ. Хамгийн гол нь аажим аажмаар хүнсний бүтээгдэхүүнүүдээ нэмэх шаардлагатай.
Амьдралын хэв маяг
Бүтэн биеийн эрчимтэй цэвэрлэгээний туршид өөрийгөө илүү залуу, илүү эрүүл болж байна гэж бодож байх хэрэгтэй. Гэхдээ энэ үедээ гадаад болон дотоод хоруудад аль болох бага өртөхийг хичээж байх хэрэгтэй. Дотоод гаралтай хороос сэргийлэхийн тулд дээр хэлсэнчлэн зөвхөн зөвшөөрөгдсөн хоолыг идэх шаардлагатай. Дээр нь сайн зажилж байх хэрэгтэй. Харин дараах нь гадаад хоруудаас сэргийлэх хэдэн зөвлөмж юм.
- Гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээг багасгах. Хамгийн сайн үр дүнд хүрье гэвэл гоо сайхны бүтээгдэхүүнийг огтхон ч хэрэглэхгүй байх хэрэгтэй.
- Уруулын будаг, уруул өнгөлөгчдийн хэрэглээг багасгах.
- Үнэртэй ус, хөлс дарагч зэргийг хэрэглэхгүйг хичээх.
- Боломжийнхоо хирээр шампунийг бага хэрэглэх.
- Савангийнхаа хэрэглээг багасгаж, цэвэрлэгээнд зөвхөн халуун бүлээн ус хэрэглэх.
- Биеэ амраахын хажуугаар нүдээ амрааж байх. Хэдэн минут нүдээ анихад нүд амарч чадна.
- Аль болох сэтгэлийн дарамтгүй байхыг хичээх. Зурагтын мэдээ үзэх, интернэтээр аялах зэргээс түр зуур ч гэсэн татгалзах хэрэгтэй.
- Хангалттай хэмжээний цэвэр агаараар амьсгалах. Хэрвээ харьцангуй бохирдол багатай орчинд амьдардаг бол цонхоо онгойлгосон чигээрээ унтаж болно.
- Наранд түлчихгүйгээр биеэ шарах хэрэгтэй. Өдөрт 15 минут наранд биеэ шарах нь хангалттай байдаг.
- Сунгалтын дасгал, алхах гэх мэт хөнгөн дасгалуудыг хийх. Харин хурд, хүч их шаардсан дасгалууд тохиромжгүй. Эдгээр нь цусны эргэлтийн хэвийн байлгахад тустай бөгөөд энерги их зарцуулахгүй байх шаардлагатай.
Бүх биеийн цэвэрлэгээ нь зөвхөн ус ууж, өлсөх цэвэрлэгээнээс юугаараа ялгаатай вэ?
Зөвхөн ус ууж, өлсөх нь маш хурдан хугацаанд цэвэрлэх боломжийг олгодог. Ус ууж өлсөх нь бусад олон цэвэрлэгээний төрлүүдтэй харьцуулахад маш хурдтайгаар хоруудыг бие махбодоос гадагшлуулдаг. Гэхдээ зөвхөн ус уух нь маш их тэвчээр шаардагддаг тул анх удаад жимс, хүнсний ногоог хэрэглэх нь тохиромжтой. Үүний дараачаас нэг өдөр зөвхөн ус ууж, дараагийн өдөр нь жимс ногоо хэрэглэх, түүний дараагийн удаад зөвхөн ус уух өлсөлтөө 2 өдөр болгох маягаар өлсөж сурах хэрэгтэй. Эцэст нь дахиад хэлэхэд зөвхөн ус ууж өлсөхөд маш их тэвчээр, хатуужил шаардагддаг гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн билээ. Тийм учраас эхлэхээсээ өмнө сэтгэл санаагаа маш сайн бэлдэх нь зүйтэй. Таньд амжилт хүсье.
Эх сурвалж:
http://drbenkim.com/full-body-cleanse.htm