Wednesday, January 25, 2012

Өглөөний цай-1

Та бүхэнд өглөөний цайндаа юу сонгож, хийж идэж болох талаар бичиж байхаар шийдлээ. Ямар нэгэн жорыг эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан, зохистойгоор боловсруулан хэрэглэхэд эрүүл хооллолт болно гэж би боддог. Тийм учраас та бүхэнд өөрийнхөө хийх дуртай өглөөний цайны жоруудыг зурагтай нь нийтэлж сонирхуулж байна. Туршиж үзээд, таалагдвал нэг өдрийн өглөөнийхөө цайнд хэрэглэж байгаарай.

Омлет
Та бүхэн бүгд хийж мэдэх байх. Аль болох олон төрлийн ногоо хийж, тос багатай шарж бэлдсэнээр эрүүл мэндэд тустай өглөөний цай бэлэн болно. Хөргөгчөө онгойлгон, тохиромжтой бүх ногоог өнгө алаглуулан хийвэл амттай, өнгө үзэмж сайтай болно. Энэ удаад дараах орцуудаар бэлтгэлээ. Брокколи усанд бага зэрэг чанаж болгоод хэрчээд, улаан лооль, ногоон чинжүү, улаан сонгино тус бүрийг жижиглэн хэрчив.


Хайруулын тавган дээр бага зэргийн оливийн тос хийж, хэрчсэн ногоонуудаа бага зэрэг хуураад, дээрээс нь урьдчилан хутгасан өндөг, хатаасан яншуй, амт оруулах төдий давс хийнэ.























Ингээд бэлтгэсэн омлетоо хар талхан дээр тавиад идэхэд ч амттай байсан шүү. 


Блогийг минь уншдагт баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Sunday, January 22, 2012

Өнөөдөр хичээл дээрээ тосон түрхлэг (cream) хийв

Herbal Medicine-1 (Ургамлын анагаах ухаан-1) хичээл дээрээ өнөөдөр ургамал, амин дэм агуулсан крем (cream) буюу тосон түрхлэг хийлээ. Бүх зургийг нь авсан бөгөөд та бүхэнд зурагтай нь сонирхуулъя. Монголын нөхцөлд хийх материал нь олдох нь ховор байх. Гэхдээ ирээдүйд байдаг болох байхаа гэж бодоод нийтэллээ. Бид хичээл дээрээ ургамлыг гадуур, дотуур хэрэглэх аргуудын талаар үзсэн бөгөөд туршилт болгон крем бэлтгэлээ. Бүх оюутан өөр өөрийн сонирхсон ургамлын найрлагатай кремийн хийсэн.

Энд крем бэлтгэхэд зориулагдсан суурь (base) болон бусад найрлагууд нь зөвхөн мэргэжлийн хүмүүс худалдаж авах боломжтой байдаг. Өнөөдөр бид Sun Ray Health-ийн суурийг ашиглав.






Тусгай зориулалтын жижиг шилнүүдийг бэлтгэсэн байсан ба энэ шилнийхээ талаар дээрх кремний сууриас хийж, дээрээс нь нунтагласан цахиурын исэл (silicon dioxide)-ийн шахмалыг нунтаглан хийв.


Сайтар хутгасны дараа цайны модны тос (tea tree oil), А, Е аминдэмийн тосон түрхлэгийг тус тус нэмэв.



Үүний дараа алтан товч (chamomile),розмарин (rosemary), голденсийл (goldenseal) ургамлуудын хандуудаас тус тус 1 мл-ийг хийв.









Бүх найрлагаа хийсний дараа сайтар хутгаад крем маань бэлэн болов.


Одоо дээрх найрлагууд ямар үйлчилгээ үзүүлдэг талаар бичье.

Цайны модны тос (Melaleuca alternifolia oil): Вирусын эсрэг, бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг, антисептик
А аминдэм: Арьсны уян хатан чанарыг сайжруулах, шархны эдгэрэлтийг дэмжих, арьсны эсийн ялгаран хөгжил, хуваагдлыг идэвхижүүлэх, коллагений нийлэгжлийг идэвхижүүлэх
Е аминдэм: Антиоксидант, чийгшүүлэх, шархны эдгэрэлтийг сайжруулах,
Алтан товч (Matricaria chamomilla): Антиоксидант, эдгэрэлтийг дэмжих, үрэвслийн эсрэг
Розмарин (Rosmarinus officinalis): Микробын эсрэг, антиоксидант
Голденсийл (Hydrastis canadensis): Үрэвслийн эсрэг, бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг

Ерөнхийдөө энэ тос арьсны бүх төрлийн эмгэгийн үед үрэвсэл, хаван буулгах, бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлэх тос юм.

Өнөөдрийн хичээл сонирхолтой байлаа.

Sunday, January 1, 2012

Иридологи (Iridology)

 Иридологи гэдэг нь солонгон бүрхэвчийн (iris) хэв загвар, өнгө болон бусад шинж чанарыг судлах замаар өвчтөний эрүүл мэндийн байдлыг судалдаг алтернатив анагаах ухааны нэг салбар юм. Мэргэжилтнүүд солонгон бүрхэвчийн схем (солонгон бүрхэвчийг зонуудад хуваан, тэр зон бүр нь тодорхой эрхтэний үйл ажиллагааг харуулдаг хүснэгт)-ийг ашиглан ажиглалт хийдэг. Иридологичид хүний нүдийг бүх биеийн эрүүл мэндийн байдлыг харуулдаг цонх гэж үздэг байна. Хүснэгтийг ашиглан биеийн аль эрхтэн тогтолцоо, эрхтэн идэвхижсэн, үрэвссэн, дарангуйлагдсан байгааг илрүүлдэг. Нотолгоонд суурилсан анагаах ухааны эсрэгээр иридологи нь судалгаа, шинжилгээнд тулгуурлагдаагүй бөгөөд pseudoscience (шинжлэх ухааны үндэстэй мэт боловч баталгаа, нотолгоонд суурилагдаагүй итгэл үнэмшил, арга барил) гэж авч үздэг. Солонгон бүрхэвчийн бүтэц нь хөврөлийн үед бүрддэг бөгөөд төрсний дараа өөрчлөгддөггүй байна. Тийм ч учраас эвэрлэг бүрхэвчийн онцлог байдлаар хувь хүнийг таних технологи гарч ирсэн байна.

Иридологичид томруулдаг шил, гэрэл зэргийг ашиглан солонгон бүрхэвчийн эдийн өөрчлөлт, тодорхой нөсөөнүүдийн шинж чанар, бүтцийг шинжилдэг. Хүснэгт нь солонгон бүрхэвчийг 80-90 бүсэд хуваасан байдаг. Жишээ нь бөөрийг хариуцсан бүс нь солонгон бүрхэвчийн доод хэсэгт 6 цагийн бүсийн өмнө байдаг байна. Энэ тал дээр мэргэшсэн Бернарт Женсен хэлэхдээ "Солонгон бүрхэвчийн мэдрэлийн судлууд нь тодорхой байрлалын, тодорхой эдийн өөрчлөлтөнд рефлексийн замаар хариу урвал үзүүлдэг. Энэ нь бие махбодын нөхцөл байдал нь нүдний болрын өөрчлөлтөөр илэрдэг гэсэн үг юм" гэжээ.




Эх сурвалж:

http://en.wikipedia.org/wiki/Iridology