Monday, November 23, 2015

Ургамлын тосыг халаах үед үүсдэг хортой нэгдлүүд хавдар, үрэвсэл гэх мэт олон өвчинтэй холбоотой

Та бүхэн санаж байгаа байх, нилээд хэдэн жилийн өмнөөс ургамлын тос хүний биед сайн, ханасан, амьтны гаралтай тос хүний биед муу гэх тухай мэдээлэл, зөвлөмжүүд олноор гарч эхэлсэн. Харин одоо ханаагүй шингэн тоснуудыг судалсны дараа ургамлын тоснууд нь халахаараа илүү хортой бодисууд ялгарч байгаа тухай мэдээлж, амьтны гаралтай ханасан тоснуудыг шарах зорилгоор ашиглахад тохиромжтой гэж зөвлөж байна. Энэ бол зөвхөн Монголд тохиолдсон явдал биш юм. Дэлхий даяараа шингэн ургамлын тосыг сайн гэж үзэж байсан. Харин судалгаа, туршилтууд хийгдсэний дараа тийм ч сайн биш нь батлагдаж, буцаад ханасан тоснууд болох цөцгийн тос, өөхөн тос мөн оливийн тос хэрэглэхийг зөвлөж байна. 

Ургамлын тосонд хоол хүнсийг шарахад хавдар, зүрх судасны өвчин, жирэмсний үеийн гажигууд, үрэвсэл, шарх, даралт ихдэлттэй холбоотой хортой химийн бодис ялгардгийг салбартаа тэргүүлэгч эрдэмтэд баталж байгаа юм. 

Ургамлын тосыг халааснаар хавдар, зүрхний өвчин, тэнэгрэлтэй холбоотой нь батлагдсан алдегидууд ихээр үүсдгийг баталжээ. Америкчуудын иддэг нэг төрлийн түргэн хоол болох ургамлын тосонд шарсан загас болон төмс (fish and chips) нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын өдрийн аюулгүй түвшинээс 100-200 дахин их хэмжээний хорт альдегид агуулсан байжээ. Эсрэгээрээ цөцгийн тос, оливийн тос, өөхөн тосыг халаах үед маш бага хэмжээний альдегид ялгарч байжээ. Далдуу модны тос хамгийн бага хэмжээгээр хорт альдегид ялгаруулж байсан байна. 



De Montfort University-ийн профессор Grootfield "Бидэнд ханасан өөх-тос их муу, зүрх судасны өвчинд хүргэдэг гэх мэтээр маш олон жил эдгээрийг хэрэглээнээсээ хасахыг зөвлөж, оронд нь шингэн ургамлын тоснуудыг хэрэглэхийг зөвлөж байсан. Харин бид шарж хуурахад цөцгийн тос/масло болон өөхөн тос илүү тохиромжтой гэдгийг судалгаагаараа тогтоосон" гэжээ. 

Оксфордын профессор John Stein хүний тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа нь бүхлээрээ биш ч тодорхой хэмжээгээр эрдэнэ шиш, наран цэцгийн тосны нөлөөтэй гэж үзэж байгаа тухайгаа хэлжээ. Шингэн ургамлын тоснууд нь омега-6 тосны хүчлээр баялаг ба энэ нь хүний тархинд омега-3-ийг орлож, тархины омега-3-ийн хэмжээг багасгаж байгаа гэж тэр үзжээ. "Ургамлын тос хэрэглэснээр их хэмжээний омега-6-г хүний бие шингээж, омега-3-ийг орлож, зайлуулж байгаа юм. Сэтгэц, мэдрэлийн өвчнүүд ихсэж байгаа нь омега-3-ийн дутагдалтай холбоотой" гэж ярьсан байна. Тэрээр гал тогооноосоо наран цэцгийн тос болон эрдэнэ шишийн тосыг зайлуулж, оронд нь оливийн тос, масло хэрэглэж эхэлсэн байна. 

Миний хувьд наран цэцгийн болон бусад шингэн тос хэрэглэхээ больсон. Оронд нь экстра виржин, cold pressed оливийн тос, боломжтой бол Органик тэмдэглэгээтэй, хэрэглэж байна. Мөн шарж хуурахдаа өөхөн тос, сүүлний тосыг хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь Монголчууд хуушууранд дуртай. Хуушуураа өөхөн тосонд шарснаар ханасан тос халахдаа бага хэмжээний чөлөөт радикал, хорт бодисууд ялгаруулна. Хоолоо хуурахдаа цөцгийн тос, оливийн тос хэрэглэнэ. Салатаа оливийн тосоор зуурах хэрэгтэй. 

Омега-6 болон омега-3 тосны хүчлийг тодорхой харьцаатай хэрэглэхийг зөвлөдөг. Өнөө цагийн Америкчуудын омега-6/омега-3 хэрэглээ 15/1-16,7/1 харьцаатай байна. Омега-6-ийн хэрэглээ ихсэх, энэ харьцаа нэмэгдэх тусам зүрх судасны өвчин, хавдар, үрэвсэл, аутоиммун өвчний өвчлөл нэмэгддэг. Энэ харьцааг 4/1 болгоход нийт нас баралтыг 70% бууруулах боломжтой болдог. Харьцааг улам багасгах тусам хавдрын эсүүдийн ургалт буурч, үрэвсэл багасдаг**
Омега-3-аар баялаг загас Монголын нөхцөлд байнга хэрэглэж чадахгүй. Жишээ нь салмон буюу яргай загас хэдий омега-3-ийн агууламж өндөр ч фермд үржүүлсэн загас байгаль дээрх загаснаас бага хэмжээгээр агуулна. Мөн саяхан генийн өөрчлөлттэй салмон загас худалдаанд гарах тухай мэдээ уншсан. Тийм учраас сайн чанарын омега-3-ийн бэлдмэл авч хэрэглэх нь хамаагүй аюулгүй, найдвартай байх болно. Миний мэдэхийн Nordic naturals гэж үйлдвэрийн бэлдмэл хамгийн чанартай, аюултай хүнд металлын хэмжээ маш бага гэж Австрали байгалийн ухааны мэргэжилтнүүд үзэж, өвчтнүүдээ хэрэглүүлдэг. 

Эх үүсвэр:
http://www.smh.com.au/national/health/cooking-with-vegetable-oil-releases-toxic-chemicals-linked-to-cancer-20151108-gktips.html#ixzz3sISQd9nc 
** 2002 Oct;56(8):365-79.

Sunday, November 8, 2015

Ханиад тусахаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Ханиад нь вирусын гаралтай амьсгалын замын халдварт өвчин бөгөөд ханиадны үүсгэгч 100 гаруй төрлийн риновирус бүртгэгдсэн байдаг.

Ханиадыг огт тусахгүй байх нь боломжгүй хэдий ч тусах магадлалыг дараах аргуудаар багасгах боломжтой. Ханиад вирус нь халдвартай хүний хамрын хөндийгөөс найтаах, ханиах замаар агаарт цацагдаж, халдваргүй хүн түүнийг нь амьсгалснаар халдварладаг. Үүнээс гадна ханиадны вирус халдсан эд зүйлсэнд гараараа хүрч, гараа угаалгүйгээр нүд, хамрандаа хүргэснээр дамждаг.

Тэгэхээр урьдчилан сэргийлэх арга нь маш энгийн. 
Гараа тогтмол угаах.
  • Ханиадны вирус гараар дамждаг учраас олон нийтийн газраар явсны дараа гараа савандаж /20сек/ угааж байх хэрэгтэй. Хэрвээ савандаж угаах боломжгүй бол спиртэн суурьтай гар ариутгагчаар гараа ариутгах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ гарыг сайн угаалгаж, хүүхдүүддээ гар угаахын ач холбогдлыг тайлбарлаж өгөх. 
  • Угаагаагүй, бохир гараараа аль болох нүүр, ам, хамрандаа хүрэхгүй байх. 
  • Ханиадтай хүнээс аль болох хол байх. 
Хэрвээ нэгэнт ханиад хүрсэн бол дараах алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. 
  • Ханиад хүрсэн бол аль болох хичээл сургуульдаа явахгүй, гэртээ сайн амарч, шингэн сайн ууж, тэжээллэг хоол хүнс сайн хэрэглэнэ. Та ажилдаа, хичээлдээ явснаас бусдад халдвар тараах аюултай. Тэд мөн гэр бүлийнхэндээ тараах гэх мэтээр ханиадыг улам газар авахад хүргэнэ. Хэрвээ та багш, эсвэл байгууллагын дарга, захирал бол ханиад хүрсэн хүмүүстэй аль болох чөлөө өгч, олон хүнийг халдварлуулахаас сэргийлэх хэрэгтэй. 
  • Ханиад хүрсэн хүн гэр бүлийнхээ гишүүдтэйгээ аяга, тавагаа солихгүй, үнсэхгүй, ханиаж, найтаахдаа хүмүүсээс аль болох хол байхыг хичээх хэрэгтэй. Ханиад, найтаах, нусаа нийхдээ салфетка хэрэглэж, хаяж байх хэрэгтэй. 
  • Ханиаж, найтаах, нусаа нийсний дараа гараа сайтар савандаж угаана. 
  • Мөн өөрийн гар хүрсэн эд зүйлсийг савандаж, угааж, ариутгаж байх хэрэгтэй. 
  • Ханиадны вирусын эсрэг эмийн эмчилгээ байдаггүй тул дархлаа халдварыг дийлтэл та сайн амарч, дархлаа дэмжих зүйлсийг хийх хэрэгтэй. 
Харин шинж тэмдэг 10-аас олон хоног үргэлжилж, өндөр халуурах, мөн шинж тэмдэг илүү хүндрэх юм бол эмчид хандах хэрэгтэй. 

Эх үүсвэр: http://www.cdc.gov/features/rhinoviruses/