Monday, November 23, 2015

Ургамлын тосыг халаах үед үүсдэг хортой нэгдлүүд хавдар, үрэвсэл гэх мэт олон өвчинтэй холбоотой

Та бүхэн санаж байгаа байх, нилээд хэдэн жилийн өмнөөс ургамлын тос хүний биед сайн, ханасан, амьтны гаралтай тос хүний биед муу гэх тухай мэдээлэл, зөвлөмжүүд олноор гарч эхэлсэн. Харин одоо ханаагүй шингэн тоснуудыг судалсны дараа ургамлын тоснууд нь халахаараа илүү хортой бодисууд ялгарч байгаа тухай мэдээлж, амьтны гаралтай ханасан тоснуудыг шарах зорилгоор ашиглахад тохиромжтой гэж зөвлөж байна. Энэ бол зөвхөн Монголд тохиолдсон явдал биш юм. Дэлхий даяараа шингэн ургамлын тосыг сайн гэж үзэж байсан. Харин судалгаа, туршилтууд хийгдсэний дараа тийм ч сайн биш нь батлагдаж, буцаад ханасан тоснууд болох цөцгийн тос, өөхөн тос мөн оливийн тос хэрэглэхийг зөвлөж байна. 

Ургамлын тосонд хоол хүнсийг шарахад хавдар, зүрх судасны өвчин, жирэмсний үеийн гажигууд, үрэвсэл, шарх, даралт ихдэлттэй холбоотой хортой химийн бодис ялгардгийг салбартаа тэргүүлэгч эрдэмтэд баталж байгаа юм. 

Ургамлын тосыг халааснаар хавдар, зүрхний өвчин, тэнэгрэлтэй холбоотой нь батлагдсан алдегидууд ихээр үүсдгийг баталжээ. Америкчуудын иддэг нэг төрлийн түргэн хоол болох ургамлын тосонд шарсан загас болон төмс (fish and chips) нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын өдрийн аюулгүй түвшинээс 100-200 дахин их хэмжээний хорт альдегид агуулсан байжээ. Эсрэгээрээ цөцгийн тос, оливийн тос, өөхөн тосыг халаах үед маш бага хэмжээний альдегид ялгарч байжээ. Далдуу модны тос хамгийн бага хэмжээгээр хорт альдегид ялгаруулж байсан байна. 



De Montfort University-ийн профессор Grootfield "Бидэнд ханасан өөх-тос их муу, зүрх судасны өвчинд хүргэдэг гэх мэтээр маш олон жил эдгээрийг хэрэглээнээсээ хасахыг зөвлөж, оронд нь шингэн ургамлын тоснуудыг хэрэглэхийг зөвлөж байсан. Харин бид шарж хуурахад цөцгийн тос/масло болон өөхөн тос илүү тохиромжтой гэдгийг судалгаагаараа тогтоосон" гэжээ. 

Оксфордын профессор John Stein хүний тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж байгаа нь бүхлээрээ биш ч тодорхой хэмжээгээр эрдэнэ шиш, наран цэцгийн тосны нөлөөтэй гэж үзэж байгаа тухайгаа хэлжээ. Шингэн ургамлын тоснууд нь омега-6 тосны хүчлээр баялаг ба энэ нь хүний тархинд омега-3-ийг орлож, тархины омега-3-ийн хэмжээг багасгаж байгаа гэж тэр үзжээ. "Ургамлын тос хэрэглэснээр их хэмжээний омега-6-г хүний бие шингээж, омега-3-ийг орлож, зайлуулж байгаа юм. Сэтгэц, мэдрэлийн өвчнүүд ихсэж байгаа нь омега-3-ийн дутагдалтай холбоотой" гэж ярьсан байна. Тэрээр гал тогооноосоо наран цэцгийн тос болон эрдэнэ шишийн тосыг зайлуулж, оронд нь оливийн тос, масло хэрэглэж эхэлсэн байна. 

Миний хувьд наран цэцгийн болон бусад шингэн тос хэрэглэхээ больсон. Оронд нь экстра виржин, cold pressed оливийн тос, боломжтой бол Органик тэмдэглэгээтэй, хэрэглэж байна. Мөн шарж хуурахдаа өөхөн тос, сүүлний тосыг хэрэглэхийг зөвлөж байна. Жишээ нь Монголчууд хуушууранд дуртай. Хуушуураа өөхөн тосонд шарснаар ханасан тос халахдаа бага хэмжээний чөлөөт радикал, хорт бодисууд ялгаруулна. Хоолоо хуурахдаа цөцгийн тос, оливийн тос хэрэглэнэ. Салатаа оливийн тосоор зуурах хэрэгтэй. 

Омега-6 болон омега-3 тосны хүчлийг тодорхой харьцаатай хэрэглэхийг зөвлөдөг. Өнөө цагийн Америкчуудын омега-6/омега-3 хэрэглээ 15/1-16,7/1 харьцаатай байна. Омега-6-ийн хэрэглээ ихсэх, энэ харьцаа нэмэгдэх тусам зүрх судасны өвчин, хавдар, үрэвсэл, аутоиммун өвчний өвчлөл нэмэгддэг. Энэ харьцааг 4/1 болгоход нийт нас баралтыг 70% бууруулах боломжтой болдог. Харьцааг улам багасгах тусам хавдрын эсүүдийн ургалт буурч, үрэвсэл багасдаг**
Омега-3-аар баялаг загас Монголын нөхцөлд байнга хэрэглэж чадахгүй. Жишээ нь салмон буюу яргай загас хэдий омега-3-ийн агууламж өндөр ч фермд үржүүлсэн загас байгаль дээрх загаснаас бага хэмжээгээр агуулна. Мөн саяхан генийн өөрчлөлттэй салмон загас худалдаанд гарах тухай мэдээ уншсан. Тийм учраас сайн чанарын омега-3-ийн бэлдмэл авч хэрэглэх нь хамаагүй аюулгүй, найдвартай байх болно. Миний мэдэхийн Nordic naturals гэж үйлдвэрийн бэлдмэл хамгийн чанартай, аюултай хүнд металлын хэмжээ маш бага гэж Австрали байгалийн ухааны мэргэжилтнүүд үзэж, өвчтнүүдээ хэрэглүүлдэг. 

Эх үүсвэр:
http://www.smh.com.au/national/health/cooking-with-vegetable-oil-releases-toxic-chemicals-linked-to-cancer-20151108-gktips.html#ixzz3sISQd9nc 
** 2002 Oct;56(8):365-79.

No comments:

Post a Comment