Sunday, June 10, 2012

Коэнзим Кю10 (Coenzyme Q10)

Коэнзим Кю10 (CoQ10) нь биеийн эсүүдийн энергийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй бодис бөгөөд ялангуяа эсийн энерги боловсруулдаг эрхтэн болох митохондриор баялаг зүрхний булчингийн эсэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. CoQ10 нь холестеролын исэлдлээс сэргийлдэг Е аминдэмийг нөөцлөхөд тусалдаг байна. Артерийн хананд исэлдлийн улмаас гэмтсэн холестерол нь зүрхний шигдээс, цус харвалтыг эрсдлийг нэмэгдүүлдэг өөхөн хуримтлалыг эхлүүлэх хүчин зүйл болдог гэж үздэг.
CoQ10-ийн хэмжээ нас ахих тусам буурдаг бөгөөд зүрхний өвчтэй хүмүүст ихээр багассан байдаг. Зүрхний өвчин хэдий чинээ хүнд байна, CoQ10-ийн хэмжээ төдий чинээ буурсан байдаг байна. Түүнчлэн холестерол бууруулах зорилгоор хэрэглэдэг ловастатин, бета-блокатор болох пропранолол зэрэг нь бие дэх CoQ10-ийн хэмжээг бууруулдаг байна.

Үүрэг
Нэмэлтээр CoQ10-ийг хэрэглэхэд нас, өвчин эмгэг, эмийн нөлөөгөөр буурсан CoQ10-ийн хэмжээг нэмэгдүүлдэг. Хэдийгээр CoQ10-ийг бүх өвчин эмгэгийн үед хөгшрөлтийг удаашруулах зэргийн үед хэрэглэж болох боловч зүрхний өвчний эмчилгээнд гол найдлагаа тавьж байгаа. Энэ нь ялангуяа зүрхний булчингийн эмгэгүүд (кардиомиопати) болон зүрхний архаг дутагдлын үед ялангуяа их тустай гэж үздэг. Судалгаануудын үр дүнгээс харахад CoQ10 нь цусны даралтыг бууруулах, ишемийн дайрлагын тохиолдлыг багасгах, зүрхний хэм алдагдлыг засах, цусны бүлэгнэлтийг бууруулахад үр дүнтэй байдгийг баталсан байна.
CoQ10 нь маш хүчтэй антиоксидант бөгөөд бүх биеийн чөлөөт радикалын гэмтлээс сэргийлэхэд тусалдаг байна. Түүнчлэн Паркинсоны өвчин гэх мэт мэдрэлийн өвчнүүдийн явцыг удаашруулдаг гэсэн баримтууд байдаг.

Үр дүнтэй байдлын баталгаа
Хэд хэдэн судалгаагаар кардиомиопати болон зүрхний архаг дутагдлын эмийн эмчилгээн дээр CoQ10-ийг нэмснээр зөвхөн эмийн эмчилгээ хийсэн бүлгээс эмчилгээний үр дүн илүү сайн байсан байна. 2500 гаруй тооны зүрхний эмгэгтэй өвчтнүүдийг оролцуулсан Италид хийгдсэн судалгаагаар 3 сар CoQ10-ийг хэрэглэсний дараа 80% нь шинж тэмдгүүд (амьсгаадалт, хөлийн хаван, нойр алдагдах) багассан гэдгийг баталжээ. Түүнчлэн CoQ10 нь Японд зүрхний архаг дутагдлын стандарт эмчилгээний нэг байдаг байна. Гэсэн хэдий ч Америкийн Зүрхний Нийгэмлэг (American Heart Association/AHA) болон Америкийн Кардиологийн Коллеж (American College of Cardiology) үүнийг зүрхний эмгэгийн эмчилгээнд оруулдаггүй. CoQ10 нь зүрхний ямар ч эмгэг, дутагдлын эмийн эмчилгээг орлохгүй бөгөөд нэмэлт болгон хэрэглэж байгаа бол эмчдээ заавал хэлэх шаардлагатай.
Хэд хэдэн судалгааны баг үүнийг Альцгеймер, Паркинсон зэрэг мэдрэлийн дегенератив өвчнүүд болон фибромиалгия зэргийн үед үр дүнтэй эсэхийг судалж байгаа.


Эх үүсвэр
CoQ10 нь байгалиасаа хүний биед оршдог бөгөөд амьтны дотоод эрхтэнд нилээд хэмжээтэй оршдог.

Хэлбэр болон тун хэмжээ
CoQ10 нь голдуу шахмал хэлбэрээр байдаг боловч шингэн, зөөлөн гель (softgel) бүрхүүл хэлбэрээр ч зарагддаг. Зүрхний өвчний эмчилгээнд хэрэгтэй тун хэмжээ нь өдөрт 100-360 мг. Жижиг хэмжээний нэгэн судалгаагаар кардиомиопатийн үед тогтсон эмчилгээний хамтаар 100 мг CoQ10-ийг хэрэглэхэд пласебогоос үр дүн нилээн сайн байсан байна. Өөр нэгэн судалгаагаар CoQ10 хэрэглэж байгаа бүлэг өвчтнүүд зүрхний эмийнхээ тоог бууруулах боломжтой болж байжээ.

Гарч болох асуудлууд
Ямар нэгэн гаж нөлөө бүртгэгдээгүй байна.

Юуг анхаарах вэ
CoQ10 нэмэлт худалдаж авахдаа тос агуулсан нэмэлтийг авах хэрэгтэй ба энэ нь шимэгдлийг сайжруулдаг байна. Түүнчлэн хоолтой цуг хэрэглэх нь шимэгдлийг сайжруулна.

Эх сурвалж
The Official American Nutraceutical Association Guide, Nutraceuticals: The complete encyclopedia of Supplements, Herbs, Vitamins, and Healing foods, 2001, pages 287-289

No comments:

Post a Comment