Monday, September 17, 2012

Таргалалт ба турахын хүслэн

Ихэнх эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоож байдаг нэг асуудал нь илүүдэл жин билээ. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд турахын тулд янз бүрийн л арга хэрэглэж байдаг. Миний эргэн тойронд ч гэсэн тийм тохиолдлууд зөндөө байдаг.
Хамгийн чухал зүйл нь таргалалтанд хүргэсэн шалтгаанаа арилгах хэрэгтэй гэж би боддог. Хэрвээ ямар нэг өвчин, эмгэг байвал түүнийгээ тодруулж, эмчлэх хэрэгтэй. Хэрвээ таргалалт нь хоол тэжээл, хөдөлгөөнгүй байдлаасаа болсон бол түүнийгээ л засахгүй бол хичнээн цай ууж, зүү тавиулж, хоолоо хасаад богино хугацаанд үр дүн гарлаа ч тэр дэглэмээсээ гарахад дахиад л жин нэмж эхэлдэг. Тийм болохоор зөвхөн жин хасахын тулд биш эрүүл болохын тулд арга хэмжээ авах шаардлагатай. Таргалалт бол нэг төрлийн л өвчин, тэр тусмаа амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин тул тэр шалтгаан болох хүчин зүйлүүдийг л арилгахад чиглэх хэрэгтэй. Шалтгаан нь хамгийн энгийнээр хэлвэл хэрэглэж байгаа илчлэг нь зарцуулж байгаа илчлэгээсээ их байх. Та ихээр хэрэглээд, тэрнийгээ зарцуулж чадахгүй бол уураг, нүүрс-ус байсан ч ялгаагүй өөх болон биед хуримтлагдана. Уураг, нүүрс-ус, өөх-тос 3 нь бие биедээ шилжин хувирах чадвартай байдаг тул аль нэг нь ихэдлээ гэхэд бие махбод түүнийг дараа хэрэглэхийн тулд өөх болгоод биед хуримтлуулна. Өөх их хэрэглэснээс биш, нүүрс-ус буюу гурилан бүтээгдэхүүн их хэрэглэснээс болж таргалдаг. Австралид зохистой хооллолт, эмийн ургамлын талаар сурч байгаад саяхан Монголдоо ирээд хооллолтын байдал нь тэнд зааж байснаас маш их өөр байгаа нь шууд л анзаарагдаж байна. Одоо цагт Монголчуудын хооллолт хэтэрхий их нүүрс-ус агуулсан, шинэ хүнсний ногоо багатай, мах, өөх их хэрэглэдэг болсон. Австралид байхад би аль болох хүнсний ногоогоор түүхийгээр салат хийж, уураглаг бүтээгдэхүүнтэй идэхийг хичээдэг байлаа. Энд ирснээс хойш гурилан боов, боорцог, талх, төмс, лууван зэрэг нүүрс-ус ихтэй бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэж эхэллээ. Энэ бол таргалалтын гол шалтгаануудын нэг гэж бодож байна. Бас мэдээж өөхтэй мах иддэг нь нөлөөлдөг л байх. Нөгөө талаар хөдөлгөөний идэвхигүй байдал таргалахад нөлөөлнө. Турахыг хүсч байгаа бол зохистой хооллоод зогсохгүй, дасгал хөдөлгөөн хийснээр биед хуримтлагдсан өөхийг шатааж, булчингийн эдийг бий болгох боломжийг бүрдүүлдэг. Ихэнх өвчин амьдралын хэв маягаас үүдэлтэй байдаг болохоор өвчний хамгийн гол эмчилгээ нь эрүүл, зохистой амьдралын хэв маяг байх хэрэгтэй. Тэрнээс биш хэдий их хоолоо хасаж, жингээ бууруулчихаад дахиад л буцаж урьдынхаараа хооллож, яг урьд байсан шигээ амьдарч эхэлвэл жингээ хассаны хэрэг гарахгүй. Харин ч дараа нь урьд байснаасаа ч илүү жинтэй болдог. Бие махбод хоолоо сойж, хасах үед өлсгөлөнгийн байдалд байна гэсэн дохио авдаг гэсэн. Тэгээд дараа нь буцаж хоолондоо орсны дараа тэр өлсгөлөнгийн байдлаас сэргийлэхийн тулд өөх хуримтлуулж эхэлдэг. Тийм учраас хэт их хоол сойх нь дараа бүр л их таргалахад хүргэнэ.
Турахын тулд юуны өмнө гурилан бүтээгдэхүүн, нүүрс-ус ихтэй хүнсний ногооныхоо хэрэглээг багасгах хэрэгтэй. Үүнийхээ зэрэгцээгээр дасгал хийж, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр өөхөө булчин болгох боломжтой. Өглөөний хоолонд боорцог, талх идэхийн оронд омлет, байцааны салат ч юм уу, эсвэл шар будааны, овьёосны каш ч юм уу, уураглаг хоол хэрэглэх хэрэгтэй. Өдрийн хоолонд ногоотой шөл, эсвэл ямар ч төрлийн хоолыг ногооны салаттай, харин оройн хоолонд гурил, будаа гэх мэт илчлэг ихтэй бүтээгдэхүүн багатай тийм л хоол идэх хэрэгтэй. Бас хар гурлын талх, арвайн гурил зэрэг дан хар гурилын бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь өөх-тосыг цусанд шимэгдэхээс сэргийлдэг сайн талтай. Бас цусанд удаан шимэгддэг тул таргалуулах нөлөө бага. Цусанд хурдан шимэгддэг бүтээгдэхүүнүүд болох элсэн чихэр, цагаан талх, нарийн боов зэргийг идэхэд цусны чихрийн хэмжээ богино хугацаанд ихэсдэг тул тэр их чихрийг багасгахын тулд өөх болгочихдог. Тийм учраас аажим шимэгддэг нүүрс-ус болох үр тарианы боловсруулаагүй бүтээгдэхүүнүүд, хүнсний түүхий ногоо зэргийг аль болох хэрэглэх хэрэгтэй. Хамгийн энгийндээ өглөөдөө өндөг идэж, талхаа багасгаж, өдөр болгон байцааны, луувангийн, өргөст хэмх, улаан лоолийн зэрэг салат байнга идэж, зөвхөн гурвалжин, хөц будаа идэж, хар талх хэрэглэснээр бага ч гэсэн аажмаар жингээ хасах боломжтой гэж би боддог. Тэрнээс биш ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд турна гэж бодож болохгүй. Ургамлын гаралтай энергийн зарцуулалтыг ихэсгэдэг бүтээгдэхүүнүүд байдаг ч, үр дүнтэй байж болох ч хамгийн эрүүл арга нь хоолоо зохицуулж, хөдөлгөөн хийх юм. Ингэснээр тураад зогсохгүй бусад олон зовиур шаналгаанууд ч багасах боломжтой. Илүүдэл жинтэй байх нь бусад олон өвчний эх үндэс болдог.
Зөвхөн турахын тулд биш эрүүл болохын тулд арга хэмжээ авснаар жингээ хасаад зогсохгүй олон өвчнөөс салах боломжтой гэж би боддог.


1 comment:

  1. гайхалтай голыг нь олоод хэлчихлээ

    ReplyDelete