Thursday, February 26, 2015

Цагаан цэцэгт байцааны ороомог /cauliflower wraps/



Орц:

Карритай ороомог 
  • 1/2 том цагаан цэцэгт байцаа /cauliflower/
  • 2 өндөг
  • 1/2 цайны халбага карри нунтаг
  • 1/4 цайны халбага давс
Сармис, амтлагч ургамлуудтай ороомог
  • Карри нунтагны оронд 1 хумс нухсан сармис, 3/4 цайны халбага хатаасан амтлагч ургамлууд /базилик, орегано, ганга, яншуй гэх мэт/
Заавар:

Зуухаа 180С-д халаана. Калькин цаас дэвсэнэ. 

Цэцэгт байцааг жижиг жижиг хэсгүүд болгон хэрчиж, миксерт хийж бутална. Буталсан байцааг 1/2 аяга усанд хийгээд таглаж, 8 минут орчим, зөөлөн болтол болгоно.


Цэцэгт байцааг болсны дараа авч, усыг нь шүүгээд /миний хийж байсанд ус нь бараг ширгэсэн байсан тул шүүгээгүй/ үлдсэн бусад найрлагыг хийж холино. 

Цаасан дээрээ зуурмагаа жигд тарааж, 17 орчим минут зууханд болгоно. Болсны дараа листнээс авч хөргөнө.




Жорыг эндээс авав.

Saturday, February 7, 2015

Самар, үртэй талх

Хоол хүнсийг баяжуулж хэрэглэх нь аминдэм, эрдэс, ургамалд агуулагддаг бодисууд, омега-3 гэх мэт микро шим тэжээлийн бодисуудыг авах нэг арга юм. Тийм ч учраас би талхандаа маалинганы үр /омега-3, эслэгийн өндөр агууламжтай/, самар /ханаагүй тосны хүчлүүд, уураг, эрдсүүд/, өндөг /олон төрлийн тэжээлийн бодисууд/, цөцгийн тос /өөх-тос, Д, А аминдэм/ зэргээр баяжуулж хийдэг.

Энэ удаа наранцэцгийн самар, маалинганы үртэй талх барьлаа.

Самар, үртэй талх
Орц:
-1 кг гурил
-200мл жижиглэн, нунтагласан наранцэцгийн самар
-4 хоолны халбага нунтагласан маалинганы үр
-1 цайны халбага давс
-650мл ус
-1,5 цайны халбага исгэгч
-1 өндөг


Хийх заавар:
Гурил, самар, үр, давс зэргийг том саванд хийгээд холино. Өөр жижиг саванд бүлээн ус хийж, дээр нь өндөг, исгэгчээ хийж, хутгана. Гурилны холимог дээр шингэн холимогоо хийж зуураад сайтар нухна. Ойролцоогоор 1 цаг орчим амраана. Дахин нухна. Нухаад хэвлээд, дээд талд нь ташуу зүсээд, дахин 30-40 минут дулаан газар амраана. Дээд талыг нь зүссэнээр хөөх үед хагарахаас сэргийлнэ. Би жижиг зуух хэрэглэдэг учраас зуухаа 5-10 минут 180С-д халаагаад талхаа дотор нь амраадаг. Энэ үед аажим хөөдөг учраас дараа жигнэхэд хагарахгүй. Гаргаж ирээд өндөг хутгаж, дээр нь түрхвэл шаргал өнгөтэй болно. Ингэж амраасны дараа 180С-д 30-35 минут болгоно. Болсон эсэхийг мэдэхийг хүсвэл чигчлүүрээр хатгаад үзээрэй. Гэхдээ ихэвчлэн гаднах нь болсон харагдвал гаргахад болно. 2 том талх болно. Сайн нухвал дотроо том нүх бага байдаг.

Самар, үртэй талх. Зүссэн байдал.

Wednesday, February 4, 2015

Хүний биеийн өөрийгөө хамгаалах механизмууд

Хүний биеийн гадна хэсгийн хамгийн том хамгаалагч бол арьс юм. Арьс нь хортой микроорганизмуудын эсрэг хамгаалах бүрхэвч болдог. Арьснаас ялгардаг тос, хөлс нь микробын эсрэг үйлдэлтэй химийн бодисуудыг агуулдаг тул хөлс дарагч болон саванг ихээр хэрэглэх нь хүний биед тийм ч сайн биш. 


Нүд, хамрын хөндий, чих, хоол боловсруулах замын салст бүрхэвчүүд нь микробуудыг цусны эргэлтэнд орохоос хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. Ерөнхийдөө салст бүрхэвч нь саван болон бусад химийн бодисуудад тийм ч таатай хариу үйлдэл үзүүлдэггүй. Хамар доторх үс болон амьсгалын дээд замын намираа эс нь тоос шороо, хэрэггүй бодисуудыг цаашид хүний бие рүү орохоос сэргийлэх үүрэгтэй. Тийм учраас хамрын хөндийгөө тогтмол цэвэрлэж, салс ялгаралтыг ихээр нэмэгдүүлдэг хүнс ихээр идэхээс сэргийлэх нь өөрийн биеийн хамгаалалтын механизмыг алдагдуулахгүй байна гэсэн үг юм.

Нулимсны хүүдий нь нулимсыг ялгаруулж, нүдийг гэмтээх бодисуудыг зайлуулдаг. Нулимс нь лизосом гэгдэх тусгай энзимыг агуулдаг бөгөөд энэ нь нянгийн халдвараас сэргийлэх үүрэгтэй.

Шүлсний булчирхай нь мөн лизосомыг агуулдаг ба энэ нь шүд, буйлыг цэвэрлэх бөгөөд амны хөндий доторх өвчин үүсгэгч нянгуудаас сэргийлнэ. 


Үтрээний шүүрэл нь хүчиллэг байж гэмтээгч нянгийн ургалтаас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг.

Дээд хэсгийн хамгаалалтыг нэвтэрсэн зарим микробууд ходоодонд ходоодны хүчлийн нөлөөгөөр устдаг. Хэрвээ их хэмжээний нян хоол боловсруулах замд орвол гүйлгэх эсвэл бөөлжих замаар биеэс гадагшлуулдаг.

Тэгэхээр хүний биеийн бүх нээлттэй хэсгүүд нянг дотоод эрхтэн, цусны урсгалд нэвтрэхээс сэргийлэхэд зориулагдсан байдаг. Мөн цусны урсгал, дотоод эрхтнүүдэд тусгай үүрэгтэй цагаан эсүүд байж, гаднаас орж ирсэн нянг устгахад чиглэдэг.



Эх үүсвэр: http://drbenkim.com/how-your-body-defends-itself.htm