Saturday, February 7, 2015

Самар, үртэй талх

Хоол хүнсийг баяжуулж хэрэглэх нь аминдэм, эрдэс, ургамалд агуулагддаг бодисууд, омега-3 гэх мэт микро шим тэжээлийн бодисуудыг авах нэг арга юм. Тийм ч учраас би талхандаа маалинганы үр /омега-3, эслэгийн өндөр агууламжтай/, самар /ханаагүй тосны хүчлүүд, уураг, эрдсүүд/, өндөг /олон төрлийн тэжээлийн бодисууд/, цөцгийн тос /өөх-тос, Д, А аминдэм/ зэргээр баяжуулж хийдэг.

Энэ удаа наранцэцгийн самар, маалинганы үртэй талх барьлаа.

Самар, үртэй талх
Орц:
-1 кг гурил
-200мл жижиглэн, нунтагласан наранцэцгийн самар
-4 хоолны халбага нунтагласан маалинганы үр
-1 цайны халбага давс
-650мл ус
-1,5 цайны халбага исгэгч
-1 өндөг


Хийх заавар:
Гурил, самар, үр, давс зэргийг том саванд хийгээд холино. Өөр жижиг саванд бүлээн ус хийж, дээр нь өндөг, исгэгчээ хийж, хутгана. Гурилны холимог дээр шингэн холимогоо хийж зуураад сайтар нухна. Ойролцоогоор 1 цаг орчим амраана. Дахин нухна. Нухаад хэвлээд, дээд талд нь ташуу зүсээд, дахин 30-40 минут дулаан газар амраана. Дээд талыг нь зүссэнээр хөөх үед хагарахаас сэргийлнэ. Би жижиг зуух хэрэглэдэг учраас зуухаа 5-10 минут 180С-д халаагаад талхаа дотор нь амраадаг. Энэ үед аажим хөөдөг учраас дараа жигнэхэд хагарахгүй. Гаргаж ирээд өндөг хутгаж, дээр нь түрхвэл шаргал өнгөтэй болно. Ингэж амраасны дараа 180С-д 30-35 минут болгоно. Болсон эсэхийг мэдэхийг хүсвэл чигчлүүрээр хатгаад үзээрэй. Гэхдээ ихэвчлэн гаднах нь болсон харагдвал гаргахад болно. 2 том талх болно. Сайн нухвал дотроо том нүх бага байдаг.

Самар, үртэй талх. Зүссэн байдал.

No comments:

Post a Comment