Saturday, July 21, 2012

Naturopath буюу байгалийн анагаах ухааны тухай

Миний бие ЭМШУИС-ийг 2011 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо байгалийн анагаах ухааны чиглэлээр Австрали улсад суралцаж байна. Naturopath буюу байгалийн анагаах ухаан (БАУ) нь аминдэм, эрдэс, ургамал, хүнсний нэмэлт тэжээлийг ашиглан, түүнчлэн зохистой амьдралын хэв маягийг бий болгох замаар хүний биеийн өөрөө өөрийгөө эдгээн иларшуулах чадварыг дэмжихэд суурилсан шинжлэх ухаан юм. Энэ нэр томьёо сүүлийн хэдэн арван жил гарч ирж, ашиглагдаж байгаа боловч дэлхий дээрх хамгийн анхны анагаах аргуудын нэг юм. БАУ-ны хэд хэдэн зарчмууд байдаг бөгөөд "First do not harm" буюу хор бүү хүргэ гэж эхэлдэг. Энэ тухай урьдны бичлэг дээрээ орчуулан тавьсан болно.
БАУ нь яг л өрнийн анагаах ухааны адил шинжлэх ухааны судалгаанд үндэслэгдсэн байдаг.

Мэргэжилтэн бэлтгэх тухай
Миний мэдэхээр АНУ, Канад, Австрали улсуудад мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Гэхдээ АНУ, Канадад энэ чиглэл нь яг л эмч бэлтгэхдээ адил сургалттай бөгөөд төгсөхдөө ND буюу Naturopathic Doctor (эмч нарын хувьд MD/Medical Doctor) гэсэн цолтой төгсөж, монголынхоор өрхийн эмч буюу family doctor хийх эрхтэй байдаг. Бүх үндсэн анагаах ухааны хичээлүүд орохоос гадна байгалийн анагаах ухааны хичээлүүд давхар ордог. Харин Австралид мэргэжилтнийг Advanced Diploma of Naturopathy сургалтаар коллежид бэлддэг. Сургалт нь эмчийн хэмжээнд очихооргүй бөгөөд анагаах ухааны хичээлүүд өнгөц ойлголт өгөх төдий ордог. Бас энд сургалт нь АНУ-г бодвол төлбөр бага, хугацаа нь богино байдаг. 2-3 жилийн дотор төгсөх боломжтой. Маш олон коллежууд мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд naturopath-аас гадна зөвхөн хоол зүй (nutrition), ургамлын анагаах (western herbal medicine), хомеопати (homeopathy) гэх мэт олон жижиг салбаруудын сургалтууд байдаг. Ерөнхийдөө байгалийн анагаах ухаан нь nutrition+western herbal medicine хоёрыг нийлүүлсэн нэршил юм. Ургамлын анагаах ухаан нь дорнын буюу Хятад, Энэтхэг, Монгол гэх мэт азийн уламжлалт анагаах ухаанаас бага зэрэг ялгаатай. Гэхдээ уламжлалт анагаах ухаан сайн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан туршилт судалгаанд суурилсан, яг л анагаах ухаанд хэрэглэгддэг шиг судлагдсан бэлдмэлүүдийг хэрэглэдэг.

Хүнсний нэмэлт, ургамлын бэлдмэлийн тухай
Урьд нь Монголд байхдаа аминдэм, эрдэс, ургамлын бэлдмэлүүд бүгд л ялгаагүй үр дүнтэй, хор нөлөөгүй гэж боддог байлаа. Энд ирээд хичээлүүд үзэх тусам их нарийн гэдгийг мэдэж авч эхэлж байна. Жишээ нь ихэнх мультвитамин, эрдсийн бэлдмэлүүд нэг л их олон найрлагатай юм шиг харагдавч хэр их тунгаар орсныг нь сайн харах юм бол бараг өдөрт авах зөвлөгддөг хэмжээнээс хэд дахин бага, зүгээр чимх чимхийг хийсэн байдаг юм билээ. Бас туслах бодисуудад нь юу юу байгаа нь чухал. Бас яаж үйлдвэрлэгдсэн, ямар стандарт хангасан гээд бүгд нарийн юм байна. Жишээ нь загасны тос зүгээр эмийн санд зарагдаж байгаа нь үр дүнтэй гэж хэлэхээргүй юм билээ. Загасны сайн чанарын тос буюу омега-3 бэлдмэлүүд загас шиг үнэртэж, амтагдах ёсгүй. Хэрвээ тийм байвал хуршсан буюу чөлөөт радикалууд их үүссэн, тус болохоосоо хор болох нөлөөтэй. Бас хөнгөн усны агууламж нь хэр их байх вэ гээд л маш олон асуудлууд байна билээ. Австралид зөвхөн naturopath нь л захиалж хэрэглэх хүнсний нэмэлт, зүгээр эмийн сан, дэлгүүрт зарагддаг бэлдмэлүүд нь тусдаа байдаг. Зөвхөн мэргэжлийн хүмүүс авч хэрэглэх бэлдмэлүүд нь илүү чанартай, илүү тунтай, илүү найдвартай, TGA (Therapeutics Goods Association) гээд мэргэжлийн хяналтын байгууллагын дор үйлдвэрлэгддэг, энгийн хүмүүс авч болдоггүй, зөвхөн мэргэжлийн хүний жороор олгодог бэлдмэлүүд байдаг. Харин ургамлын бэлдмэлүүдийг хэрэглэх нь их сонин. Бүх ургамлын бэлдмэлүүд нь ихэнхдээ 500 мл-ээр савлагдсан, нэг хүний зовиурт зориулж 3-7 төрлийн ургамал хольж, тухайн хүнд нь тохирсон бэлдмэл гаргаж авдаг. Тун нь ихэнхдээ долоо хоногоор хэмжигдсэн байдаг ба жишээ нь нэг ургамлын долоо хоногийн тун нь 30-60 мл хооронд хэлбэлзсэн байвал өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалаад тунгаа сонгож, бэлдмэлээ бэлтгэдэг. Ерөнхийдөө өдөрт 5 мл-ээр 3 удаа уудаг. Ихэнх нь спиртэн бэлдмэл байдаг ба глицетракт буюу глицеринээс бэлтгэсэн бэлдмэлийг бас зарим тохиолдолд хэрэглэдэг.

Natural medicine VS Medicine
Сурч байх явцад нэг зүйл ажигдлагдсан нь naturopath буюу энэ чиглэлийн мэргэжилтнүүд бүгд барууны анагаах ухааныг үгүйсгэсэн маягтай байдаг. Барууны анагаах ухаан бол бүх өвчний шинж тэмдгийг л арилгахад чиглэгдсэн, үндсэн шалтгааныг нь эмчилдэггүй гэж ярьцгаадаг. Анагаахын шинжлэх ухааныг үзэж байсны хувьд нэг талаар үнэн юм шиг санагддаг. Шалтгааныг нь авч үзэхгүй (ихэнх тохиолдолд шалтгаан нь хооллолт, амьдралын хэв маяг, хорт зуршил байдаг), эмээр шинж тэмдгийг нь намдааж, зовиурыг нь багасгахад чиглэгддэг. Гэхдээ бүгд тийм биш гэдэг нь тодорхой. Би аль нэг талыг барьж, аль нэг талыг нь үгүйсгэх сонирхолгүй байдаг. Анагаах ухаанд маш олон шинэ нээлт, шинэ эмийн бодисууд, техник технологийн дэвшил байдаг, тэднийг хэрэглэснээр олон хүнд туслах боломжтой. БАУ-ны мэргэжилтнүүд (эмч гэж хэлэхэд арай тохиромжгүй байх, гэхдээ naturopath гэж нэрлэдэг) гэхдээ хүндэрсэн үед нь эмч рүү явуул л гэдэг. Хүнд үед нь эмч рүү явуулдаг байж, эмч, эмнэлгийг үгүйсгэх нь утгагүй санагддаг.  Тийм учраас аль болох хөнгөн үед нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон зарим төрлийн аминдэм, эрдэс, ургамлын бэлдмэлээр эмчилж, хүндрүүлэхгүй байх нь чухал гэж бодож байна. Мэдээж хүндэрсэн тохиолдолд мэс засал болон бусад эмийн эмчилгээг хийх нь зүйтэй. Анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа эмийн бодисууд нилээдгүй хувь нь ургамлаас гаралтай байдаг. Гэхдээ ургамлын бэлдмэл байдлаар хэрэглэх нь зөвхөн ганц найрлагыг хэрэглэснээс давуу талтай гэж үздэг. Учир нь ургамалд олон төрлийн бодисууд агуулагдаж, бүгд хоорондоо харилцан үйлчилж, илүү үр дүн үзүүлэх магадлалтай. Бас нэг бидний мэддэггүй зүйл нь пробиотик бэлдмэлүүд. Пробиотикуудыг байнга хөргөгчинд хадгалах ёстой. Эс тэгвээс дэлгүүрийн лангуун дээр, тасалгааны температурт байсан бэлдмэлд агуулагдах зүйлүүдийн тоо ихээр буурч, бараг л байхгүй болсон байдаг гэж олон судалгаанууд үзсэн байсан. Тэгээд энд пробиотик зөөвөрлөхдөө хөргөгчинд зөөвөрлөж, хөргөгчинд хадгалж хэрэглэдэг. Гэхдээ бас тасалгааны температурт тэсвэртэй зүйлүүд байдаг юм шиг байна лээ. Сайн анхаарч судалж мэдэхгүй бол зүгээр л дэмий мөнгө үрсэнтэй адил байж магадгүй л юм билээ.

Монголчуудын хооллолт
 "You're what you eat" гэдэг үг байдаг ба энэ нь таны эрүүл мэнд таны юу идэж байгаагаас хамааралтай гэсэн утгатай. Энд зааж байгаагаар сүүнд агуулагддаг лактоз хүний биед шимэгдэх нь бага, гэдэс дүүрэх, базлах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг (lactose intolerance), улаан буудайн гурилд агуулагддаг глютен нь гэдэсний ханыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг (gluten sensitivity), улаан мах буюу үхэр, хонины мах зэрэг нь үрэвсэл үүсгэхэд их нөлөөлдөг гэх мэт бидний идэж ууж өссөн гол хүнсний бүтээгдэхүүнүүд биед сайн биш болчиж байгаа юм. Бас сүүний талаар юу хэлбэр нь санаанд үлдсэн бэ гэвэл бүх сүүн тэжээлтнүүд зөвхөн төрснийхөө дараа өөрийн төрлийнхөө л сүүг уудаг. Хүнээс өөр өөр төрлийн амьтны сүүг уудаг амьтан байдаггүй. Бас лактоз боловсруулдаг лактаза энзим нь нас ахих тусам буурдаг. Хүний лактаза энзим нь үнээний сүүний лактозыг боловсруулж чаддаггүй гээд л. Энэ талаар нилээд хэдэн судалгаа уншиж үзэхэд лав л мал тэжээж эхэлсэн хэдэн мянган жилийн өмнөөс хүний лактаза нь генийн өөрчлөлтөнд орж, үнээний сүүг боловсруулах чадвартай болсон гэж уншсан. Одоо ч гэсэн би үнээний сүүний тал дээр байнга л эргэлзээтэй явдаг. Багаасаа ууж, идэж ирсэн юм болохоор хэрэглэмээр байвч, энэ бүх зүйлийг огт мартаад, сэтгэл амар хэрэглэж чадахгүй л юм. Бас нэг зүйл нь гадаадад үнээний сүүг өвсөөр биш, эрдэнэ шишээр хооллож, сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд антибиотик, даавар хэрэглэдэг, тэр нь хүнд нөлөөлдөг гэх мэт олон зүйлс байдаг. Гэхдээ аз болоход Монголд тийм зүйл байхгүй гэж бодож байна. Ерөнхийдөө хооллолтын тал дээр аль болох ногоо их хэрэглэж, жимс, самар, загас, тахиа, цэвэршүүлээгүй үр тариан бүтээгдэхүүн хэрэглэхийг БАУ зөвлөдөг. Гэхдээ бас Органик гэдэг үг их моодонд орсон юм байна (гэхдээ байгалийн анагаах ухааны хүрээнийхэнд л байх). Ямар нэгэн пестицид хэрэглээгүй тарьж ургуулсан, хадгалах явцдаа ямар нэгэн бодис хэрэглээгүй, генетикийн өөрчлөлтөнд ороогүй үрээр тарьж ургуулсан гээд л органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Тэр нь Health Food shop буюу тусгай органик бүтээгдэхүүнүүд зардаг дэлгүүрүүдэд, органик бишээс илүү үнэтэй зарагддаг. Би одоо органик бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Заримдаа боддог юм, дэлхий дээр хэдэн сая хүн органик биш бүтээгдэхүүн идэж, уугаад урт удаан, эрүүл саруул амьдарч болоод л байна, заавал идлээ гээд яав л гэж. Монголчуудын цаг агаарын байдлаас болж байнга шинэ хүнсний ногоо, жимс идэж чадахгүй болохоор Монголд тохирох ямар нэг өөр арга олох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэрнээс энд заадаг, өөр оронд хэрэглэгддэг аргыг шууд монголын нөхцөлд хэрэглэх боломжгүй байх. Энэ талаар маш олон мэдээлэл байдаг ч Монголчууд бүгд авч чаддаггүй нь харамсалтай. Блог дээрээ уншиж сурсан бүхнээ байнга бичье гэж бодовч аягүй их цаг орох юм. Тэгэхээр одоохондоо өөрөө сайн уншиж сурч, мэдээд л явж байя гэж бодох юм.

Заримдаа бусад хүмүүстэй энэ тал дээр ярилцмаар санагддаг юм. Та бүхэн санал хүсэлт, мэдээллээ хуваалцана гэж найдаж байна.
Бичлэгийг минь дуустал уншсан та бүгдэд баярлалаа.

Хүндэтгэсэн

Г.Уянга






2 comments:

  1. Хэрэгтэй, сайхан мэдээллүүд байна. Амжилт хүсье хө

    ReplyDelete
  2. хомеопатигийн хир их үзэж судалсан бэ

    ReplyDelete