Усны эмчлэн эдгэрүүлэх шинж чанар
Усан эмчилгээ (hydrotherapy) нь усыг олон төрлийн эмгэгийн үед эдгэрүүлэх буюу шинж тэмдгийг намдаах зорилгоор янз бүрийн хэлбэрээр хэрэглэдэг байгалийн анагаах ухааны нэг салбар юм. Ихэнх хүмүүст халуун ваннд суух нь бие махбодыг амрааж, булчинг сулруулж, булчингийн хөшингийг арилгаж, тавтай нойрсоход тусалдаг гэдгийг мэддэг. Халуун ус уур нь цусны судсыг тэлж, арьсны нүх сүвийг онгойлгож, хөлс ялгаралтыг эрчимжүүлж, мөчид болон булчинг сулруулдаг. Харин хүйтэн ванн буюу шүршүүр нь үүний эсрэгээр сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Хүйтэн ус нь арьсны цусны судсуудыг нарийсгаж, дотоод эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулж, биеийн температурыг хадгалж байдаг. Хүйтэн ус буюу мөс нь хаван, хөхрөлтийг арилгаж, арьсны нүх сүвийг хаах үйлчилгээ үзүүлдэг.
Физик эмчилгээ
Ортодокс (orthodox) буюу орчин үеийн анагаах ухаанд усан эмчилгээ нь физик эмчилгээний нэг хэлбэр болж хүнд гэмтлүүдийн дараах нөхөн сэргээх нэг төрлийн эмчилгээ болдог. Мөн үений эмгэгүүд, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн чадвар алдагдлын үед хэрэглэгддэг. Түүнчлэн төрөх эмнэлгүүдэд усан дотор төрөх боломжийг жирэмсэн эхчүүдэд өгдөг болсон байна.
Байгалийн анагаах ухаанд усыг дараах аргуудаар өвчний эмчилгээ, сэргийлэлтэнд хэрэглэдэг. Усан эмчилгээг хийхээсээ өмнө эмчийн зөвлөгөөг авах нь зүйтэй.
Халуун ванн
Халуун ванныг булчин, үений өвдөлт, үрэвслийг намдаах зорилгоор хэрэглэдэг. Бүлээн буюу халуун ванндаа янз бүрийн бодисуудыг нэмж, жишээ нь усанд далайн замагны хандыг хийж, арьсны төрөл бүрийн өвчний эмчилгээнд хэрэглэж болно. Төрсний дараа антисептик нэмсэн халуун бүлээн ваннд сууж байх нь арьсны урагдлыг эдгэрүүлэхэд тустай.
36.5-40C хэмтэй ус нь булчинг сулруулахад маш их ач тустай байдаг. Эхэн үед 5 минут л хангалттай бөгөөд үүнийг өдөрт 10 минут хүртэл аажмаар нэмэгдүүлнэ. Халуун ваннд богино хугацаагаар орох нь удаан суухаас их ялгаатай гэдгийг онцлох хэрэгтэй.
Халуун ваннд удаан сууснаар ямар нэгэн ач тус гарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Халуун усанд хэвтэх үед гадаргуугийн мэдрэлээс гадна ургал мэдрэлийн тогтолцоо, даавар боловсруулдаг булчирхай, жишээ нь бөөрний дээд булчирхайнд нөлөөлж, идэвхийг бууруулдаг. Халуун ваннд орох нь тайвшруулах үйлдэлтэй боловч удаан хугацаагаар орох нь эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Хүйтэн ванн
Хүйтэн ванныг дотоор эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулах болон хаван буулгах зорилгоор хэрэглэдэг. Гүехэн хүйтэн усанд богино хугацаанд суунгаа тухайн хэсэг рүүгээ усаа цацаж байх хэрэгтэй. Үрэвссэн өвдөлттэй хэсгийн хаванг бууруулахын тулд хүйтэн усаар шүршиж болно. Усанд орж байгаа хүн чичирч болохгүй ба энэ эмчилгээг хийлгэж байгаа хүн өөрийгөө богино хугацаанд хуурайшуулах чадвартай байх хэрэгтэй. Хүнд өвчтэй, бага насны хүүхэд, өндөр настанд тохиромжгүй.
Нейтрал ванн
Арьсны гадаргууд маш олон төрлийн мэдрэлийн төгсгөлүүд байдаг ба эдгээр нь цочроогчдыг хүлээн авч дамжуулах үүрэгтэй байдаг. Эдгээрийн ихэнх нь хүйтний рецепторууд байдаг. Арьсны тухайн хэсэгт халуун буюу хүйтнээр ээлжилж шавшихад ус халууныг шингээж авах буюу дамжуулж байдаг. Энэхүү цочруул нь симпатик мэдрэлийн тогтолцоонд нөлөөлж, дааврын тогтолцоонд нөлөө үзүүлдэг. Арьс болон усны температурын зөрүү их байх тусам физиологийн үйлчилгээ нь сайн байна. Үүний эсрэгээр биеийн температуртай адил хэмтэй ус нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулах, амраах үйлдэл үзүүлдэг.
No comments:
Post a Comment