Tuesday, December 4, 2012

"Байгалийн анагаах эмчилгээ" ном гарлаа



Сайн байцгаана уу
Миний бие анхны номоо "Байгалийн анагаах эмчилгээ" нэртэйгээр гаргалаа.
Номонд:

  1. Амны шарх
  2. Архаг ядаргааны хамшинж
  3. Баас хаталт
  4. Багтраа өвчин
  5. Бамбайн үйл ажиллагааны дутагдал
  6. Батга
  7. Бөөрний чулуу
  8. Гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл
  9. Глютений өвчин
  10. Гэдэс цочролын хамшинж
  11. Даралт ихдэлт
  12. Дотор муухайралт
  13. Жирэмсний эхэн үеийн хордлого
  14. Мөөгөнцөртөлт
  15. Нойргүйдэл
  16. Остеоартрит
  17. Ревматоид артрит
  18. Сарын тэмдгийн өөрчлөлтүүд
  19. Сарын тэмдгийн өмнөх хамшинж
  20. Судас хатуурах өвчин
  21. Суулгалт
  22. Сэтгэл гутрал
  23. Таргалалт
  24. Түрүү булчирхайн хоргүй гиперплази
  25. Умайн хоргүй хавдар
  26. Үтрээний үрэвсэл
  27. Хорт хавдар
  28. Хайрст үлд
  29. Хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл
  30. Ханиад
  31. Хатиг
  32. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа өвчин
  33. Хоолойн өвдөлт, залгиурын үрэвсэл
  34. Хөлийн өнгөц венийн бүдүүрэлт
  35. Хүнсний харшил
  36. Цус багадалт
  37. Цөсний чулуу
  38. Цэвэршилт
  39. Цээжний бах
  40. Чихний халдвар
  41. Чихрийн шижин
  42. Шамбарам
  43. Шээс ялгаруулах замын халдвар
  44. Экзем буюу атопийн дерматит
  45. Элэгний архаг өвчнүүд
  46. Ясны сийрэгжилт зэрэг сэдвүүдийг багтаав.
Сэдэв тус бүрт шинж тэмдэг, ерөнхий ойлголт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл, оношлогоо, анагаах ухааны эмчилгээ болон байгалийн анагаах ухааны эмчилгээ орсон. 
Байгалийн анагаах ухаан гэдэг нь бие махбодод шаардлагатай шим тэжээлийн бодисоор хангаж, байгалийн гаралтай хүнс болон бүтээгдэхүүнийг хэрэглэж, биеийн өөрийн өвчинтэй тэмцэх, өөрийгөө хамгаалах чадварыг сайжруулах замаар өвчнийг эдгээдэг салбар юм. Орчин цагт энэ нэр томьёо гарч байгаа хэдий ч хүн төрөлхтний хамгийн анхны анагаах арга юм. Өвчний үед ямар хоол идэх, ямар хоолыг хориглох, дасгал хийх хэрэгтэй эсэх, аминдэм, эрдэс, нэмэлт тэжээл, эмийн ургамлын үйлчилгээ, хэрхэн яаж хэрэглэх талаар дэлгэрэнгүй өгүүлсэн ном юм. "Байгалийн анагаах эмчилгээ" ном нь В5 хэмжээгээр 380 нүүртэйгээр, өнгөт зурагтай хэвлэгдэн гарлаа. 

Жишээг доорх хаягаар орж, уншина уу. 
Амны шарх
http://natmedmn.blogspot.com/2011/12/blog-post_19.html

Ханиад
http://natmedmn.blogspot.com/2011/12/ommon-cold.html

Номыг Интерном, Их дэлгүүр Мажестик номын дэлгүүр, Метромоллын Мир номын дэлгүүрүүдээс худалдан аваарай. 

Асуух зүйл байвал 99621066 болон uyanga.md.nd@gmail.com хаягаар холбогдон авна уу. 

                                                                                                        Г.Уянга







Thursday, November 22, 2012

Цусны чихрийн хэмжээгээ тогтмол барихад туслах зөвлөмжүүд



1         1.     Өглөөний цайн дээр уураг голлосон хүнс идэх
Хэрвээ зөвхөн ганц л зөвлөмжийг хэрэглэе гэвэл уураг голлосон өглөөний цай өдөр бүр уух хэрэгтэй. Хамгийн багадаа 10 г уураг байх хэрэгтэй. Хэрвээ яарч байгаа бол уураг агуулсан шейк уухад хангалттай. Өглөө хамгийн эхэнд уураг хэрэглэснээр өдрийн турш цусны чихэр хэвийн хэмжээнд байх болно.
Уураг ихтэй өглөөний цайны жишээнүүд: өндөг, загас, ногоон навчит ургамал, самран түрхлэгтэй хар талх

  1. Цусны чихрийн ихсэлт нь хүн бүрт өөр өөр байдаг
Бид нэг төрлийн бүтээгдэхүүнд өөр өөр хариу урвал үзүүлдэг. Зарим хүмүүст хар талх цусны чихрийг огцом ихэсгэдэг байхад зарим хүмүүст ихэсгэдэггүй. Жимсэнд агуулагддаг фруктоз сахар нь цусны чихрийн хэмжээг зарим хүмүүст нэмэгдүүлж, бүхэл жимсээрээ идсэн тохиолдолд дээрх нөлөө үзүүлдэггүй.

  1. Улаан буудайг хоолноосоо хасах
Улаан буудайнд агуулагддаг глютен нь бодисын солилцоонд орохдоо яг л чихэр шиг нөлөөтэй. Хэрвээ үнэхээр цусныхаа чихрийг тогтвортой байлгахыг хүсвэл үр тарианы бүтээгдэхүүн, гурил, талхыг нэг сар хэрэглээд үзээрэй.

  1. Стрессийн түвшингээ хянах
Хэдийгээр зохистой хооллож байсан ч их стресстэй тохиолдолд цусны чихрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн жин ч их нэмэх магадлалтай. Стрессийн үед кортизол даавар ялгарч, кортизол нь цусны сахрыг нэмэгдүүлнэ. Хоосон ходоодон дээр кофе уухад найрлага дахь каффейн нь кортизолын ялгарлыг нэмэгдүүлснээр цусны чихрийн хэмжээг ихэсгэдэг.

  1. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж үзэх
Хоол хүнсээ сайжруулахын хажуугаар ногоон кофений ханд (Green coffee extract) болон Gymnema sylvestreare зэргийг туршаад үзээрэй.

  1. Стевиа (Stevia) хэрэглэх
Stevia leaf
Стевиа гэдэг нь маш чихэрлэг амттай ургамал юм. Цусны чихрийн хэмжээг ихэсгэхгүйгээр цай, кофенд чихэрлэг амт оруулдаг.

  1. Их хэмжээний кортизолыг шатаахын тулд дасгал хийх
Стресстсэн үед ялгардаг кортизол нь аюулаас зугтаахын тулд ялгардаг. Ямар нэгэн аюултай тулгарсан үед зугтаах шаардлага гарахад кортизол ялгарч, илүү хурдан, хурц ухаантай болгож, цусанд чихрийг ялгаруулснаар булчингийн агшилтанд энерги болон хэрэглэгддэг байхад өнөөгийн бидний стрессийн үед тийм хариу урвал үзүүлэх шаардлагагүй юм. Тийм болохоор дасгал хийснээр ихэссэн сахрын хэмжээг бууруулах нөлөөтэй.

  1. Хоолны дэглэм барихаа зогсоох
Хэрвээ чихэрлэг хүнс, талх идэх гэж байгаа бол хажуугаар ногооны салат, шош, буурцаг гэх мэт уураглаг бүтээгдэхүүн хавсарснаар цусны чихрээ тогтвортой байлгах боломжтой болдог. Нүүрс-ус нь түргэн шимэгдэж, тухайн үеийн энергийн хэрэгцээг хангах ба харин уураг нь аажим шимэгдэж, дараагийн үйл ажиллагаанд шаардлагатай энергиэр хангана.
Эх үүсвэр:

Sunday, November 18, 2012

Хүчил-шүлтийн тэнцвэрийн тухай


Хүчил-шүлтийн тэнцвэр

Хүний биеийн цусны рН нь маш нарийн буфферийн тогтолцоогоор зохицуулагдаж, 7.35-7.45 хооронд буюу усаар ярьвал бага зэрэг шүлтлэг тал руугаа байдаг.
Цусны рН 7.35-аас буурвал бодисын солилцооны хүчилшил үүсэх ба энэ нь төв мэдрэлийн тогтолцооны дарангуйлалд хүргэдэг. Хүнд хэлбэрийн хүчилшил буюу рН 7.00-оос буурвал кома, үхэлд ч хүргэх аюултай байдаг.

Харин рН 7.45-аас ихэсвэл бодисын солилцооны шүлтшил үүсч, мэдрэлийн тогтолцооны хэт мэдрэгжилт үүсч, булчингийн агшилт, таталт, хүнд үед амь насанд аюултай болдог.
Та амьсгалж, өдөр тутмынхаа үйл ажиллагааг хийж байгаа тохиолдолд бие махбод өөрөө өөрийнхөө рН-ийг 7.35-7.45 хооронд барьж байдаг. Яагаад биед хүчилшил үүсч, ясны сийрэгжилт, бөөрний чулуу болон бусад өвчний үндэс болдог гэдэг талаар ойлгохын тулд хүний биеийн физиологийн үндсэн ойлголтыг мэдэх хэрэгтэй.

рН гэдэг нь шингэний хүчил, шүлтийн байдлыг хэмжих хэмжүүр юм. Биеийн шингэн нь 2 үндсэн бүлэгт хуваагддаг:
  1. Эсийн доторх шингэн, биеийн бүх эс дотор агуулагддаг шингэн. Эсийн доторх шингэнийг цитозол гэж нэрлэдэг ба биеийн бүх шингэний 2/3 нь энд оршдог.
  2. Эсийн гаднах шингэн, эсийг тойрон хүрээлж буй шингэн. Эсийн гаднах шингэнийг цаашид дахин 2 бүлэгт хуваадаг.
    1. Сийвэн, цусыг бий болгодог гол шингэн.
    2. Эд завсрын шингэн, эдийн хоорондох бүх зайд эзэлдэг шингэн. Нүдний доторх, тунгалагийн шингэн, үе, мэдрэлийн тогтолцоо, зүрх судас, амьсгал, цээжний хөндийг хамгаалдаг шингэнүүд эд завсрын буюу интерстициал шингэнд хамаардаг.
Бүх эсийн хэвийн үйл ажиллагаа хэвийн явагдахын тулд цусны рН 7.35-7.45 хооронд байх шаардлагатай. Яагаад цусны рН-ээс эсүүд хамаардаг нь бүр нарийн механизм бөгөөд товчоор, ойлгомжтойгоор тайлбарлавал бүх уургууд үйл ажиллагаагаа гүйцэтгэхийн тулд геометрийн тодорхой хэлбэр дүрстэй байх шаардлагатай ба энэ нь цусны рН-ээс хамаардаг.
рН хэмжээ 0-14 хооронд байдаг. рН 7 байвал саармаг гэх ба цэвэр ус үүнд хамаарна. 7-оос бага рН-тэй нимбэгний шүүс, кофе нь хүчиллэгт орно. рН 7-оос их байхыг шүлтлэг гэдэг ба үүнд цус орно.

рН хэмжээний 2 дараалсан тооны хооронд 10 дахин зөрүү байдаг гэдгийг санах хэрэгтэй. рН 6 хэмжээ нь 7-оос 10 дахин хүчиллэг гэсэн үг ба 5 нь 7-оос 100 дахин хүчиллэг юм.
Хийжүүлсэн ундааны рН нь 3 байдаг ба цэвэр уснаас 10000 дахин их хүчиллэг гэсэн үг юм.
Хоол идэх болон шингэн уухад хоол боловсруулалт, задралын үед үүссэн тэжээлийн бодисууд нь хүчил, шүлтлэгийг өөрчлөх нөлөө үзүүлдэг.

Түүнчлэн эсийн энерги үүсэх үйл ажиллагааны үр дүнд олон төрлийн хүчиллэг бодисууд биеийн шингэнүүд рүү ялгарч байдаг. Таны бие махбод энерги үүсгэж байгаа цагт эдгээр хүчиллэг бодисууд байнга ялгарах болно.

Тэгэхээр идэж, ууж байгаа бүтээгдэхүүнүүд болон эсийн үйл ажиллагааны дүнд хоёр эх үүсвэрээс хүчиллэг бодисууд үүсч, рН-д нөлөөлж байдаг. Гэхдээ рН-ийг хэвийн хэмжээнд байлгах 3 төрлийн механизм байдаг.


Эдгээр механизмд
  1. Буффер тогтолцоонууд
·         Нүүрстөрөгчийн хүчил-Бикарбонатын буфферийн тогтолцоо
·         Уургийн буффер тогтолцоо
·         Фосфатын буффер тогтолцоо
  1. Нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт
  2. Бөөрөөр устөрөгчийн ион ялгаруулалт
Эдгээр механизмуудын тусламжтайгаар цусны рН-ийг 7.35-7.45 хооронд барьж байдаг.
Цусаа шүлтлэг орчинтой болгох хэрэгтэй гэсэн олон зөвлөмжүүд байдаг нь ерөнхийдөө эцсийн задралын бүтээгдэхүүн нь шүлтлэг байх бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөдөг.

Цагаан гурил, элсэн чихэр зэрэг нь биед хүчиллэг орчинг үүсгэх нөлөөтэй ба эдгээрийг зохицуулахын тулд буфферийн тогтолцоонууд ихээр ажилласны үр дүнд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. 
Жишээ нь фосфатын буффер тогтолцоо нь хүчтэй хүчил, шүлтийг саармагжуулахын тулд фосфат ионуудыг ашигладаг. Нийт фосфат ионы 85% нь ясны бүтцэд ордог кальцийн фосфат ионоос гаралтай. Хэрвээ хүчил-үүсгэгч хүнс, ундаа ихээр хэрэглэвэл фосфатын буфферийг ашиглахын тулд яснаас ихэ кальцийн фосфатыг байнга авсаар цаг өнгөрөх тусам яс, шүдний бүтэц доройтдог.

Кальцийн фосфатын фосфатыг хэрэглэх явцад үүссэн кальци нь шээс, ялгаруулах замаар ихээр ялгарах үед бөөрөнд кальцийн чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Энэ бол буффер тогтолцоо хэрхэн ажиллаж, эрүүл мэндийн сөрөг нөлөөг арилгадгийн зөвхөн нэг жишээ юм. Нэгэнт л буффер тогтолцоо өдөр тутам хүчиллэг бодисуудыг саармагжуулах ажиллагаа явуулж байдаг болохоор буффер тогтолцоондоо ачаалал нэмэх, хүчиллэг үүсгэх хүнснүүдийг хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн хүчиллэг, шүлтлэг үүсгэх нөлөөнүүд
Ерөнхийдөө хүнсний ногоо, жимснүүд нь шүлтлэг орчинг үүсгэдэг. Ихэнх амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд, үр тариа, боловсруулсан хүнснүүд хүчиллэг үүсгэх нөлөөтэй. Тэжээлийн бодисуудаар баялаг, шүлтлэг үүсгэх бүтээгдэхүүн ялимгүй ихтэй хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ дэмжих боломжтой.
Дараах жагсаалтанд хүчиллэг, шүлтлэгийг үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг жагсаан бичив.

Шүлтлэг үүсгэх хүнснүүд
Шийгуа
Нимбэг
Цоохор майлз
Манго
Папая
Яншуй
Далайн байцаа
Киви
Лийр
Хан боргоцой
Үзэм
Ногооны шүүснүүд
Алим
Тоор
Банана
Сармис
Цагаан гаа
Жүрж
Ихэнх ургамлууд
Вандуй, буурцаг
Салат навч
Брокколи
Цэцэгт байцаа (cauliflower)

Хүчиллэг үүсгэх хүнсний бүтээгдэхүүн
Архи
Хийжүүлсэн ундаа
Тамхи
Кофе
Элсэн чихэр
Цагаан давс
Сахар орлуулагч
Антибиотикууд
Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд
Цагаан цуу
Хөх тариа
Бяслаг
Бүх төрлийн булчин мах
Ихэнх төрлийн талх

Хэрвээ ихэнхдээ цагаан гурил, талх, амьтны гаралтай хүнс зэргийг кофе, хийжүүлсэн ундаа, сүүтэй хамт хэрэглэдэг бол одоо жимс, ногоо хэрэглэж эрүүл мэндээ сайжруулах шаардлагатай.

Эх үүсвэр:

Tuesday, September 18, 2012

10-р хэсэг: Макробиотик хүнс



Макробиотик гэдэг нь Грекээс орчуулагдвал макро (том, урт), биос (амьдрал) буюу урт удаан амьдрал гэсэн утгатай үг. Макробиотик амьдралын хэв маяг нь Инкас (Incas), Хан Гүрний Хятад үндэстэн зэрэг олон орны уламжлалт ёс заншилд хэрэглэгдсээр ирсэн бөгөөд одоо ч Азийн зарим орнуудад хэрэглэгдсээр ирсэн. Макробиотик амьдралын хэв маяг нь зөвхөн хоолны дэглэмээр зогсохгүй. Энэ нь улирал, цаг агаар, тухайн хүний биеийн идэвхитэй байдал зэргийг авч үздэг философи юм. 
Макробиотикууд нь тухайн газарт ургасан бүхэл үр тариа, ургамал, далайн замаг, исгэсэн бүтээгдэхүүнүүд, жимс зэргийг инь, янгийн тэнцвэрийг нь зохицуулан хэрэглэдэг. Эдгээрт ханасан өөх-тос багатай, салс үүсгэдэггүй, эслэг, уургаар баялаг хүнснүүд ордог. Энэхүү дэглэм нь биеийн орчныг шүлтшүүлдэг, шим тэжээлээр баялаг байдаг. Дараах хэдэн зарчмууд нь Макробиотик хоолны дэглэмийн гол зарчмууд юм. 

1.    Органик, тухайн газар шороонд ургасан хүнсийг аль болох хэрэглэх.
2.    Биеийн дотоод тэнцвэрт зохицохгүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолны дэглэмээсээ хасах. Энэ нь шарсан, хэт цэвэршүүлсэн, боловсруулсан, өнгө оруулагч, хадгалалт удаашруулагчдыг нэмсэн хүнснүүдийг хэрэглэхгүй гэсэн үг юм. Элсэн чихрээс зайлсхийж, тропикийн чихэр ихтэй жимснийхээ хэрэглээг багасгах хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, каффейныг хоолны дэглэмээсээ хасах. Сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээнээс хасах ба тараг, кефир гэх мэт өсгөвөрлөсөн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно.
3.    Хүнсний бүтээгдэхүүнийг тэдний бүхэл (whole) байдлаар хэрэглэх. Энэ нь шинэ бүтээгдэхүүнүүдийг авч, тэднийг аль болох бага боловсруулж, шим тэжээлт бодисын хэмжээг аль болох хадгалж хэрэглэхийг хэлнэ. Жишээ нь үр тарианы бүтээгдэхүүн дотроос аль болох хар гурил, бор, гурвалжин будаа, хөх тариа зэргийг хэрэглэж, цагаан талх, гоймон, цагаан будаанаас татгалзах.
4.    Хоолоо сайн зажилж идэх. Зажлах нь эслэг ихтэй, үр тарианы бүтээгдэхүүн ихтэй хоолны дэглэмийн үед их чухал ач холбогдолтой. Үр тариа нь байгалиасаа хүчиллэг шинж чанартай бөгөөд шүлтлэг орчинтой шүлстэй нэгдэж, хүчиллэг шинж нь багасдаг. Сайн зажлах нь хоол боловсролтонд ч голлох үүрэгтэй. Шүлсэн дэх энзим нь хоолыг боловсруулж эхэлдэг. 

Үр тариа
Аль болох цэвэршүүлээгүй хүнсийг сонгон хэрэглэх. Цагаан гурил, цагаан талх, гоймонгоос татгалзаж, бор будаа, овьёос, арвай, шар будаа, гурвалжин будаа, хөх тариа, хар гурил зэргийг хэрэглэх хэрэгтэй. 

Хүнсний ногоо, жимс
Эдгээрийг түүхийгээр буюу болгож хэрэглэнэ. Салатанд түүхийгээр идэх буюу оливийн тос, лемоны шүүстэй цуг бага зэрэг жигнээд хэрэглэж болно. Солонгын 7 өнгийн хүнсний ногоог идэх хэрэгтэй боловч хамгийн их бие махбодийг шүлтшүүлэх чадвартай нь ногоон өнгийн ургамлууд байдаг. Жимснүүдээс шүлтшүүлэх шинж чанар ихтэй нимбэг, авокадо, улаан лооль, киви, априкот, тоор, гуанууд, гүзээлзгэнэ болон бусад жимсгэнүүдийг сонгон хэрэглэнэ. 

Шош буурцаг
Шош буурцаг нь уургын сайн эх сурвалж болдог. 

Далайн ногоон ургамлууд
Мисо шөл, будаатай хоолнуудад далайн байцаануудыг хэрэглэж хэвших. 

Далайн гаралтай хүнс
Хэрвээ та цагаан хоолтон (vegetarian) бол далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь уургийн, В12 аминдэм, омега эссенциал өөхний хүчлүүдийн сайн эх сурвалж болж чаддаг. Салмон, макерел, сардин, туна зэрэг загаснуудыг сонгох нь зүйтэй. 

Өөх-тоснууд
Далдуу модны самрын тосыг хоол хийхдээ, экстра виржин оливийн тосыг маслоны оронд мөн хүйтэн боловсруулалт (cold pressed)-ын аргаар гаргаж авсан тосыг салат, зуушинд хэрэглэх нь зүйтэй. 

Самар, үрнүүд
Давслаагүй, түүхий самар буюу үрийг өдөр бүр атга дүүрэн идэхийг зөвлөдөг. Түүнчлэн салат, хоол, смуути зэрэгт хийж болно. Алмонд, бразил самар, хушга, наран цэцгийн үр, сесами үр зэрэг нь омега-3 тосны хүчлүүдийн гол эх сурвалжууд юм. 

Ус
Өрөөний температурт байгаа, цэвэршүүлсэн ус ууж байх хэрэгтэй. Ялангуяа өглөөг усаар угтахад буруудахгүй. Учир нь өглөөд бие махбодь хамгийн их усгүйжсэн байдаг. 

Ургамлын гаралтай цай
Шинэхэн гаа, ногоон цай, төрөл бүрийн ургамлын цэцэг, навчаар цай бэлтгэн ууж байх хэрэгтэй. Түүнчлэн шитаке, рейши мөөгнүүд, түүхий сауеркраут зэргийг хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай. 

Эх сурвалж
Food matters, Detox and Rejuvenation guide, pages 42-44 

Monday, September 17, 2012

Таргалалт ба турахын хүслэн

Ихэнх эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоож байдаг нэг асуудал нь илүүдэл жин билээ. Илүүдэл жинтэй, тарган эмэгтэйчүүд турахын тулд янз бүрийн л арга хэрэглэж байдаг. Миний эргэн тойронд ч гэсэн тийм тохиолдлууд зөндөө байдаг.
Хамгийн чухал зүйл нь таргалалтанд хүргэсэн шалтгаанаа арилгах хэрэгтэй гэж би боддог. Хэрвээ ямар нэг өвчин, эмгэг байвал түүнийгээ тодруулж, эмчлэх хэрэгтэй. Хэрвээ таргалалт нь хоол тэжээл, хөдөлгөөнгүй байдлаасаа болсон бол түүнийгээ л засахгүй бол хичнээн цай ууж, зүү тавиулж, хоолоо хасаад богино хугацаанд үр дүн гарлаа ч тэр дэглэмээсээ гарахад дахиад л жин нэмж эхэлдэг. Тийм болохоор зөвхөн жин хасахын тулд биш эрүүл болохын тулд арга хэмжээ авах шаардлагатай. Таргалалт бол нэг төрлийн л өвчин, тэр тусмаа амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчин тул тэр шалтгаан болох хүчин зүйлүүдийг л арилгахад чиглэх хэрэгтэй. Шалтгаан нь хамгийн энгийнээр хэлвэл хэрэглэж байгаа илчлэг нь зарцуулж байгаа илчлэгээсээ их байх. Та ихээр хэрэглээд, тэрнийгээ зарцуулж чадахгүй бол уураг, нүүрс-ус байсан ч ялгаагүй өөх болон биед хуримтлагдана. Уураг, нүүрс-ус, өөх-тос 3 нь бие биедээ шилжин хувирах чадвартай байдаг тул аль нэг нь ихэдлээ гэхэд бие махбод түүнийг дараа хэрэглэхийн тулд өөх болгоод биед хуримтлуулна. Өөх их хэрэглэснээс биш, нүүрс-ус буюу гурилан бүтээгдэхүүн их хэрэглэснээс болж таргалдаг. Австралид зохистой хооллолт, эмийн ургамлын талаар сурч байгаад саяхан Монголдоо ирээд хооллолтын байдал нь тэнд зааж байснаас маш их өөр байгаа нь шууд л анзаарагдаж байна. Одоо цагт Монголчуудын хооллолт хэтэрхий их нүүрс-ус агуулсан, шинэ хүнсний ногоо багатай, мах, өөх их хэрэглэдэг болсон. Австралид байхад би аль болох хүнсний ногоогоор түүхийгээр салат хийж, уураглаг бүтээгдэхүүнтэй идэхийг хичээдэг байлаа. Энд ирснээс хойш гурилан боов, боорцог, талх, төмс, лууван зэрэг нүүрс-ус ихтэй бүтээгдэхүүнүүд ихээр хэрэглэж эхэллээ. Энэ бол таргалалтын гол шалтгаануудын нэг гэж бодож байна. Бас мэдээж өөхтэй мах иддэг нь нөлөөлдөг л байх. Нөгөө талаар хөдөлгөөний идэвхигүй байдал таргалахад нөлөөлнө. Турахыг хүсч байгаа бол зохистой хооллоод зогсохгүй, дасгал хөдөлгөөн хийснээр биед хуримтлагдсан өөхийг шатааж, булчингийн эдийг бий болгох боломжийг бүрдүүлдэг. Ихэнх өвчин амьдралын хэв маягаас үүдэлтэй байдаг болохоор өвчний хамгийн гол эмчилгээ нь эрүүл, зохистой амьдралын хэв маяг байх хэрэгтэй. Тэрнээс биш хэдий их хоолоо хасаж, жингээ бууруулчихаад дахиад л буцаж урьдынхаараа хооллож, яг урьд байсан шигээ амьдарч эхэлвэл жингээ хассаны хэрэг гарахгүй. Харин ч дараа нь урьд байснаасаа ч илүү жинтэй болдог. Бие махбод хоолоо сойж, хасах үед өлсгөлөнгийн байдалд байна гэсэн дохио авдаг гэсэн. Тэгээд дараа нь буцаж хоолондоо орсны дараа тэр өлсгөлөнгийн байдлаас сэргийлэхийн тулд өөх хуримтлуулж эхэлдэг. Тийм учраас хэт их хоол сойх нь дараа бүр л их таргалахад хүргэнэ.
Турахын тулд юуны өмнө гурилан бүтээгдэхүүн, нүүрс-ус ихтэй хүнсний ногооныхоо хэрэглээг багасгах хэрэгтэй. Үүнийхээ зэрэгцээгээр дасгал хийж, уураг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр өөхөө булчин болгох боломжтой. Өглөөний хоолонд боорцог, талх идэхийн оронд омлет, байцааны салат ч юм уу, эсвэл шар будааны, овьёосны каш ч юм уу, уураглаг хоол хэрэглэх хэрэгтэй. Өдрийн хоолонд ногоотой шөл, эсвэл ямар ч төрлийн хоолыг ногооны салаттай, харин оройн хоолонд гурил, будаа гэх мэт илчлэг ихтэй бүтээгдэхүүн багатай тийм л хоол идэх хэрэгтэй. Бас хар гурлын талх, арвайн гурил зэрэг дан хар гурилын бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь өөх-тосыг цусанд шимэгдэхээс сэргийлдэг сайн талтай. Бас цусанд удаан шимэгддэг тул таргалуулах нөлөө бага. Цусанд хурдан шимэгддэг бүтээгдэхүүнүүд болох элсэн чихэр, цагаан талх, нарийн боов зэргийг идэхэд цусны чихрийн хэмжээ богино хугацаанд ихэсдэг тул тэр их чихрийг багасгахын тулд өөх болгочихдог. Тийм учраас аажим шимэгддэг нүүрс-ус болох үр тарианы боловсруулаагүй бүтээгдэхүүнүүд, хүнсний түүхий ногоо зэргийг аль болох хэрэглэх хэрэгтэй. Хамгийн энгийндээ өглөөдөө өндөг идэж, талхаа багасгаж, өдөр болгон байцааны, луувангийн, өргөст хэмх, улаан лоолийн зэрэг салат байнга идэж, зөвхөн гурвалжин, хөц будаа идэж, хар талх хэрэглэснээр бага ч гэсэн аажмаар жингээ хасах боломжтой гэж би боддог. Тэрнээс биш ямар нэгэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэлээ гээд турна гэж бодож болохгүй. Ургамлын гаралтай энергийн зарцуулалтыг ихэсгэдэг бүтээгдэхүүнүүд байдаг ч, үр дүнтэй байж болох ч хамгийн эрүүл арга нь хоолоо зохицуулж, хөдөлгөөн хийх юм. Ингэснээр тураад зогсохгүй бусад олон зовиур шаналгаанууд ч багасах боломжтой. Илүүдэл жинтэй байх нь бусад олон өвчний эх үндэс болдог.
Зөвхөн турахын тулд биш эрүүл болохын тулд арга хэмжээ авснаар жингээ хасаад зогсохгүй олон өвчнөөс салах боломжтой гэж би боддог.


Thursday, August 30, 2012

Тархины долгионууд

Бидний тархи нь хэдэн тэрбум нейрон хэмээх тархины эсээс тогтдог ба эдгээр нь хоорондоо цахилгааныг ашиглан харилцан үйлчлэлцэж байдаг. Сая сая мэдрэлийн эс нэг цаг мөчид дохиолол дамжуулах үед маш их хэмжээний цахилгаан идэвхижил үүсэх ба үүнийг ЭЭГ хэмээх багажийн тусламжтайгаар бичиж авдаг. Үүнийг ерөнхийд нь тархины долгион гэж нэрлэдэг.

Бид нойрсохоор хэвтэх үед тархины долгион удааширч эхэлдэг. Бидний унтаж буй 90 минут тутамд тархны долгион делтагаас, тета, дараа нь альфа руу шилжиж байдаг. Тодорхой хугацааны дараа тетагаар дамжин, делта долгион руу орж байдаг.
Унтахаар хэвтсэн эхний 90 минутанд тархины долгион бета, альфа хоёрын хооронд байх ба тета болон делта долгион руу орохоос өмнө ойролцоогоор 5 минут альфа долгионд оршдог. Дараачийн 90 минутанд альфа долгион 10-15 мин, гурав дах 90 минутанд 20-30 мин, дөрөв дэх 90 минутанд 30-45 минут үргэлжилдэг. Тархины альфа долгионы үед бид зүүдэлдэг ба зүүд нь 5-55 секунд л үргэлжилдэг. 


 
Бета долгион
Секундэд 13-25+ цикл долгион
Хүний сэрүүн байх үеийн тархины долгион


Альфа долгион
Секундэд 8-12 цикл. Сурах үйл явцад маш тохиромжтой. Энэ үед шинэ мэдээллийг хүлээн авах, боловсруулах, гадаад хэл сурах, хүнд даалгавруудыг гүйцэтгэх чадвартай болдог. Амралтын байдалтай, гэхдээ ухамсартай (aware) үе. Альфа долгион нь амрахад шаардлагатай хугацааг богиносгодог. 3 цаг тутамд 15 минут альфа долгионтой байх нь таны ажлын бүтээмжийг дээшлүүлнэ. Бясалгал болон тайвшруулах дасгалууд нь альфа долгионыг бий болгодог.
Амьсгалын давтамж буурна. 

Тета долгион
Секундэд 4-7 цикл. Нойрны эхний үе шат. Оюун санаа өдрийн үйл явцыг боловсруулах үе.
Энэ үед ерөнхийдөө та оюун санааны ертөнцөд л оршино. Бие махбоддоо тавих анхаарал буурах ба тета долгионы үед цус алдалт болон биеийн бусад үйл явцыг хяналтандаа авах боломжтой. Энэ үеийг удаан барихад хүндрэлтэй. Удаан хугацаанд барихад тодорхой сургуулилт шаардлагатай.

Делта долгион
Секундэд 0.5-3 цикл. Гүн нойрны үе.

Хэрвээ бид альфа долгионоос сэрвэл амарсан мэт мэдрэмжтэй байх бөгөөд зүүднийхээ 80%-ийг санаж байдаг.
Харин делта долгионоос сэрэхэд ядарсан, цочромтгой, ууртай байдаг ба зүүдээ бараг санадаггүй.

Сэрэх хамгийн тохиромжтой үе нь альфа долгионы үе байх ба энэ үед бие махбод амарсан мэдрэмжтэй, оюун сэргэг байна.
Хэрвээ та бие махбодоо сонсдог бол тохиромжтой үед нойрсож, сэрэх боломжтой.
Бидний зүүдний 70% нь сүүлийн 48 цагт болсон үйл явдлууд, 20% нь 48 цагаас урагш болсон явдлуудыг зүүдэлдэг бол 10% нь ирээдүйд болох зүйлийг ч зөгнөдөг байх магадлалтай.

Эх сурвалж
http://www.doctorhugo.org/brainwaves/brainwaves.html


Saturday, July 28, 2012

Хулуу, амтат төмстэй шөл

Зарим хүмүүс цагаан хоол иднэ гэхээр дан будаа идэх ёстой юм шиг боддог юм шиг санагддаг. Гэхдээ энэ бол цагаан хоол идэхийг хүссэн үедээ хийж идэж болохоор амттай, тэжээллэг, А аминдэмээр маш их баялаг шөл байна. Өмнө нь брокколитой шөл хийж байсныг та урьдны бичлэгээс харж болно.

Энэ шөлний эх хувилбарыг нь та http://www.taste.com.au/kitchen/recipes/thai+style+pumpkin+sweet+potato+soup+with+pesto,18555 энэ хаягаар үзэх боломжтой.

Орц
Хулуу           жижиг, 1/4
Амтат төмс дунд зэргийн хэмжээтэй нэг
Сонгино     тал сонгино
Сармис       1 хумс сармис
Panang curry paste  1 жижиг хоолны халбага
Далдуу модны сүү (coconut milk) 100 гр
Оливийн тос 1 хоолны халбага
Давс
Шинэхэн яншуй



Заавар
Шөл бэлтгэх савандаа оливийн тосоо хийгээд сонгино, сармисаа хийж 1 мин орчим хуурсны дараа жижиглэх хэрчсэн хулуу, амтат төмс, каррины пасте зэргээ хийж бага зэрэг хуураад шөл эсвэл ус хийнэ. 15 минут орчим буцалгасны дараа ногоогоо зөөлөрснийг шалгаж, дээр нь далдуу модны сүүгээ хийгээд буцалгаад гал дээрээсээ авна. Дараа нь холигчинд хийж, шөл бэлэн болно. Шинэхэн яншуйгаар амтална. Давсаа өөрийн хүссэнээр тааруулна. Ингээд шөл бэлэн боллоо.











Saturday, July 21, 2012

Naturopath буюу байгалийн анагаах ухааны тухай

Миний бие ЭМШУИС-ийг 2011 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн бөгөөд одоо байгалийн анагаах ухааны чиглэлээр Австрали улсад суралцаж байна. Naturopath буюу байгалийн анагаах ухаан (БАУ) нь аминдэм, эрдэс, ургамал, хүнсний нэмэлт тэжээлийг ашиглан, түүнчлэн зохистой амьдралын хэв маягийг бий болгох замаар хүний биеийн өөрөө өөрийгөө эдгээн иларшуулах чадварыг дэмжихэд суурилсан шинжлэх ухаан юм. Энэ нэр томьёо сүүлийн хэдэн арван жил гарч ирж, ашиглагдаж байгаа боловч дэлхий дээрх хамгийн анхны анагаах аргуудын нэг юм. БАУ-ны хэд хэдэн зарчмууд байдаг бөгөөд "First do not harm" буюу хор бүү хүргэ гэж эхэлдэг. Энэ тухай урьдны бичлэг дээрээ орчуулан тавьсан болно.
БАУ нь яг л өрнийн анагаах ухааны адил шинжлэх ухааны судалгаанд үндэслэгдсэн байдаг.

Мэргэжилтэн бэлтгэх тухай
Миний мэдэхээр АНУ, Канад, Австрали улсуудад мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Гэхдээ АНУ, Канадад энэ чиглэл нь яг л эмч бэлтгэхдээ адил сургалттай бөгөөд төгсөхдөө ND буюу Naturopathic Doctor (эмч нарын хувьд MD/Medical Doctor) гэсэн цолтой төгсөж, монголынхоор өрхийн эмч буюу family doctor хийх эрхтэй байдаг. Бүх үндсэн анагаах ухааны хичээлүүд орохоос гадна байгалийн анагаах ухааны хичээлүүд давхар ордог. Харин Австралид мэргэжилтнийг Advanced Diploma of Naturopathy сургалтаар коллежид бэлддэг. Сургалт нь эмчийн хэмжээнд очихооргүй бөгөөд анагаах ухааны хичээлүүд өнгөц ойлголт өгөх төдий ордог. Бас энд сургалт нь АНУ-г бодвол төлбөр бага, хугацаа нь богино байдаг. 2-3 жилийн дотор төгсөх боломжтой. Маш олон коллежууд мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд naturopath-аас гадна зөвхөн хоол зүй (nutrition), ургамлын анагаах (western herbal medicine), хомеопати (homeopathy) гэх мэт олон жижиг салбаруудын сургалтууд байдаг. Ерөнхийдөө байгалийн анагаах ухаан нь nutrition+western herbal medicine хоёрыг нийлүүлсэн нэршил юм. Ургамлын анагаах ухаан нь дорнын буюу Хятад, Энэтхэг, Монгол гэх мэт азийн уламжлалт анагаах ухаанаас бага зэрэг ялгаатай. Гэхдээ уламжлалт анагаах ухаан сайн мэдэхгүй болохоор хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан туршилт судалгаанд суурилсан, яг л анагаах ухаанд хэрэглэгддэг шиг судлагдсан бэлдмэлүүдийг хэрэглэдэг.

Хүнсний нэмэлт, ургамлын бэлдмэлийн тухай
Урьд нь Монголд байхдаа аминдэм, эрдэс, ургамлын бэлдмэлүүд бүгд л ялгаагүй үр дүнтэй, хор нөлөөгүй гэж боддог байлаа. Энд ирээд хичээлүүд үзэх тусам их нарийн гэдгийг мэдэж авч эхэлж байна. Жишээ нь ихэнх мультвитамин, эрдсийн бэлдмэлүүд нэг л их олон найрлагатай юм шиг харагдавч хэр их тунгаар орсныг нь сайн харах юм бол бараг өдөрт авах зөвлөгддөг хэмжээнээс хэд дахин бага, зүгээр чимх чимхийг хийсэн байдаг юм билээ. Бас туслах бодисуудад нь юу юу байгаа нь чухал. Бас яаж үйлдвэрлэгдсэн, ямар стандарт хангасан гээд бүгд нарийн юм байна. Жишээ нь загасны тос зүгээр эмийн санд зарагдаж байгаа нь үр дүнтэй гэж хэлэхээргүй юм билээ. Загасны сайн чанарын тос буюу омега-3 бэлдмэлүүд загас шиг үнэртэж, амтагдах ёсгүй. Хэрвээ тийм байвал хуршсан буюу чөлөөт радикалууд их үүссэн, тус болохоосоо хор болох нөлөөтэй. Бас хөнгөн усны агууламж нь хэр их байх вэ гээд л маш олон асуудлууд байна билээ. Австралид зөвхөн naturopath нь л захиалж хэрэглэх хүнсний нэмэлт, зүгээр эмийн сан, дэлгүүрт зарагддаг бэлдмэлүүд нь тусдаа байдаг. Зөвхөн мэргэжлийн хүмүүс авч хэрэглэх бэлдмэлүүд нь илүү чанартай, илүү тунтай, илүү найдвартай, TGA (Therapeutics Goods Association) гээд мэргэжлийн хяналтын байгууллагын дор үйлдвэрлэгддэг, энгийн хүмүүс авч болдоггүй, зөвхөн мэргэжлийн хүний жороор олгодог бэлдмэлүүд байдаг. Харин ургамлын бэлдмэлүүдийг хэрэглэх нь их сонин. Бүх ургамлын бэлдмэлүүд нь ихэнхдээ 500 мл-ээр савлагдсан, нэг хүний зовиурт зориулж 3-7 төрлийн ургамал хольж, тухайн хүнд нь тохирсон бэлдмэл гаргаж авдаг. Тун нь ихэнхдээ долоо хоногоор хэмжигдсэн байдаг ба жишээ нь нэг ургамлын долоо хоногийн тун нь 30-60 мл хооронд хэлбэлзсэн байвал өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалаад тунгаа сонгож, бэлдмэлээ бэлтгэдэг. Ерөнхийдөө өдөрт 5 мл-ээр 3 удаа уудаг. Ихэнх нь спиртэн бэлдмэл байдаг ба глицетракт буюу глицеринээс бэлтгэсэн бэлдмэлийг бас зарим тохиолдолд хэрэглэдэг.

Natural medicine VS Medicine
Сурч байх явцад нэг зүйл ажигдлагдсан нь naturopath буюу энэ чиглэлийн мэргэжилтнүүд бүгд барууны анагаах ухааныг үгүйсгэсэн маягтай байдаг. Барууны анагаах ухаан бол бүх өвчний шинж тэмдгийг л арилгахад чиглэгдсэн, үндсэн шалтгааныг нь эмчилдэггүй гэж ярьцгаадаг. Анагаахын шинжлэх ухааныг үзэж байсны хувьд нэг талаар үнэн юм шиг санагддаг. Шалтгааныг нь авч үзэхгүй (ихэнх тохиолдолд шалтгаан нь хооллолт, амьдралын хэв маяг, хорт зуршил байдаг), эмээр шинж тэмдгийг нь намдааж, зовиурыг нь багасгахад чиглэгддэг. Гэхдээ бүгд тийм биш гэдэг нь тодорхой. Би аль нэг талыг барьж, аль нэг талыг нь үгүйсгэх сонирхолгүй байдаг. Анагаах ухаанд маш олон шинэ нээлт, шинэ эмийн бодисууд, техник технологийн дэвшил байдаг, тэднийг хэрэглэснээр олон хүнд туслах боломжтой. БАУ-ны мэргэжилтнүүд (эмч гэж хэлэхэд арай тохиромжгүй байх, гэхдээ naturopath гэж нэрлэдэг) гэхдээ хүндэрсэн үед нь эмч рүү явуул л гэдэг. Хүнд үед нь эмч рүү явуулдаг байж, эмч, эмнэлгийг үгүйсгэх нь утгагүй санагддаг.  Тийм учраас аль болох хөнгөн үед нь урьдчилан сэргийлэх арга хэмжээг хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн болон зарим төрлийн аминдэм, эрдэс, ургамлын бэлдмэлээр эмчилж, хүндрүүлэхгүй байх нь чухал гэж бодож байна. Мэдээж хүндэрсэн тохиолдолд мэс засал болон бусад эмийн эмчилгээг хийх нь зүйтэй. Анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа эмийн бодисууд нилээдгүй хувь нь ургамлаас гаралтай байдаг. Гэхдээ ургамлын бэлдмэл байдлаар хэрэглэх нь зөвхөн ганц найрлагыг хэрэглэснээс давуу талтай гэж үздэг. Учир нь ургамалд олон төрлийн бодисууд агуулагдаж, бүгд хоорондоо харилцан үйлчилж, илүү үр дүн үзүүлэх магадлалтай. Бас нэг бидний мэддэггүй зүйл нь пробиотик бэлдмэлүүд. Пробиотикуудыг байнга хөргөгчинд хадгалах ёстой. Эс тэгвээс дэлгүүрийн лангуун дээр, тасалгааны температурт байсан бэлдмэлд агуулагдах зүйлүүдийн тоо ихээр буурч, бараг л байхгүй болсон байдаг гэж олон судалгаанууд үзсэн байсан. Тэгээд энд пробиотик зөөвөрлөхдөө хөргөгчинд зөөвөрлөж, хөргөгчинд хадгалж хэрэглэдэг. Гэхдээ бас тасалгааны температурт тэсвэртэй зүйлүүд байдаг юм шиг байна лээ. Сайн анхаарч судалж мэдэхгүй бол зүгээр л дэмий мөнгө үрсэнтэй адил байж магадгүй л юм билээ.

Монголчуудын хооллолт
 "You're what you eat" гэдэг үг байдаг ба энэ нь таны эрүүл мэнд таны юу идэж байгаагаас хамааралтай гэсэн утгатай. Энд зааж байгаагаар сүүнд агуулагддаг лактоз хүний биед шимэгдэх нь бага, гэдэс дүүрэх, базлах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг (lactose intolerance), улаан буудайн гурилд агуулагддаг глютен нь гэдэсний ханыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг (gluten sensitivity), улаан мах буюу үхэр, хонины мах зэрэг нь үрэвсэл үүсгэхэд их нөлөөлдөг гэх мэт бидний идэж ууж өссөн гол хүнсний бүтээгдэхүүнүүд биед сайн биш болчиж байгаа юм. Бас сүүний талаар юу хэлбэр нь санаанд үлдсэн бэ гэвэл бүх сүүн тэжээлтнүүд зөвхөн төрснийхөө дараа өөрийн төрлийнхөө л сүүг уудаг. Хүнээс өөр өөр төрлийн амьтны сүүг уудаг амьтан байдаггүй. Бас лактоз боловсруулдаг лактаза энзим нь нас ахих тусам буурдаг. Хүний лактаза энзим нь үнээний сүүний лактозыг боловсруулж чаддаггүй гээд л. Энэ талаар нилээд хэдэн судалгаа уншиж үзэхэд лав л мал тэжээж эхэлсэн хэдэн мянган жилийн өмнөөс хүний лактаза нь генийн өөрчлөлтөнд орж, үнээний сүүг боловсруулах чадвартай болсон гэж уншсан. Одоо ч гэсэн би үнээний сүүний тал дээр байнга л эргэлзээтэй явдаг. Багаасаа ууж, идэж ирсэн юм болохоор хэрэглэмээр байвч, энэ бүх зүйлийг огт мартаад, сэтгэл амар хэрэглэж чадахгүй л юм. Бас нэг зүйл нь гадаадад үнээний сүүг өвсөөр биш, эрдэнэ шишээр хооллож, сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд антибиотик, даавар хэрэглэдэг, тэр нь хүнд нөлөөлдөг гэх мэт олон зүйлс байдаг. Гэхдээ аз болоход Монголд тийм зүйл байхгүй гэж бодож байна. Ерөнхийдөө хооллолтын тал дээр аль болох ногоо их хэрэглэж, жимс, самар, загас, тахиа, цэвэршүүлээгүй үр тариан бүтээгдэхүүн хэрэглэхийг БАУ зөвлөдөг. Гэхдээ бас Органик гэдэг үг их моодонд орсон юм байна (гэхдээ байгалийн анагаах ухааны хүрээнийхэнд л байх). Ямар нэгэн пестицид хэрэглээгүй тарьж ургуулсан, хадгалах явцдаа ямар нэгэн бодис хэрэглээгүй, генетикийн өөрчлөлтөнд ороогүй үрээр тарьж ургуулсан гээд л органик бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Тэр нь Health Food shop буюу тусгай органик бүтээгдэхүүнүүд зардаг дэлгүүрүүдэд, органик бишээс илүү үнэтэй зарагддаг. Би одоо органик бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Заримдаа боддог юм, дэлхий дээр хэдэн сая хүн органик биш бүтээгдэхүүн идэж, уугаад урт удаан, эрүүл саруул амьдарч болоод л байна, заавал идлээ гээд яав л гэж. Монголчуудын цаг агаарын байдлаас болж байнга шинэ хүнсний ногоо, жимс идэж чадахгүй болохоор Монголд тохирох ямар нэг өөр арга олох хэрэгтэй байх гэж бодож байна. Тэрнээс энд заадаг, өөр оронд хэрэглэгддэг аргыг шууд монголын нөхцөлд хэрэглэх боломжгүй байх. Энэ талаар маш олон мэдээлэл байдаг ч Монголчууд бүгд авч чаддаггүй нь харамсалтай. Блог дээрээ уншиж сурсан бүхнээ байнга бичье гэж бодовч аягүй их цаг орох юм. Тэгэхээр одоохондоо өөрөө сайн уншиж сурч, мэдээд л явж байя гэж бодох юм.

Заримдаа бусад хүмүүстэй энэ тал дээр ярилцмаар санагддаг юм. Та бүхэн санал хүсэлт, мэдээллээ хуваалцана гэж найдаж байна.
Бичлэгийг минь дуустал уншсан та бүгдэд баярлалаа.

Хүндэтгэсэн

Г.Уянга






Monday, June 25, 2012

9-р хэсэг. Соёолж (Sprout)

Соёолж гэж юу вэ?
Соёолж нь амьд хүнсний (living foods) хамгийн их концентрацитай хэлбэр нь юм. Соёолж нь бүх амьд ургамлын үрээс бий болсон үрсэлгээ юм. Нөхөн төлжих чадвартай бүх үр, шош соёолох боломжтой. Зарим түгээмэл хэрэглэгддэг соёолжинд алфалфа (alfalfa), улаан буудайн өвс (wheat grass), арвайн өвс (barley grass), шар буурцаг (soy bean), chickpea, adzuki bean, наран цэцгийн үр (sunflower seed), хөх тариа (buckwheat), quinoa, эрнэнэ шиш, овьёос гэж мэт орно.

Яагаад соёолж?
Соёолжлуулах гэдэг нь усанд дэвтээгээд, өсөж, ургаж буй амьд үрслэгээг бий болгодог. Соёолжийг идэх нь өсөж, томроход шаардлагатай бүх бодис, энергийг агуулсан амьдралын хүчийг идэж байгаа гэсэн үг юм. Үрийг усанд хийгээд, наранд тавихад байгалийн энзимүүд ялгарч эхэлнэ. Самар үрийг түүхийгээр хэрэглэхэд тэдгээрийн энзимүүд нь идэвхигүй байдаг бөгөөд тэдгээрийг боловсруулахын тулд та өөрийн биеийн энзимийг хэрэглэдэг. Харин дэвтээсний дараа үр, самар нь өөрийн энзимийг идэвхижүүлж, усыг өөртөө шингээж, хоёр буюу түүнээс олон дахин томордог. Ингэснээр зөвхөн хэмжээгээрээ томроод зогсохгүй, шим тэжээлийн агууламж нь ч гэсэн нэмэгддэг. Ерөнхийдөө соёолуулах үйл явц нь үрийг урьдаар боловсруулж, нийлмэл нүүрс-ус болон уургийг илүү хялбар шимэгдэх нэгдлүүдэд хувиргаж, хүнсний харшил үүсэх эрсдлийг бууруулна. Үүний үр дүнд уураг, аминдэм, эрдэс, бичил элемент, эслэг, энзимүүдийн хялбар боловсруулагдах хэлбэрийг их хэмжээгээр агуулсан супер хүнс бий болдог.

Соёолж бэлтгэх нь их сонирхолтой байх болно. Таньд хэрэглэгдэх зүйлс нь шилэн сав, үр буюу шош, шүүсэн ус болон самбай. Түүнчлэн тусгай шилэн савнууд зарагддаг.


Соёолж болон тэдгээрийн хэрэглээ

Соёолж бэлтгэн хэрэглэх нь бүтэн жилийн турш шим тэжээлтэй шинэ хүнсний ногоо хэрэглэж болох хялбар арга юм. Ялангуяа Монголын нөхцөлд өвөл, хаврын цагт гэртээ шинэ ногоо  хэрэглэх боломжийг олгоно. Соёолжийг салат, шөл, хачиртай талх гэх мэт олон төрлийн хоолонд нэмж хэрэглэдэг.
Хятадууд МЭӨ 3000 оноос эхлэн соёолжийг хэрэглэж ирсэн ба гэдэс дүүрэх, базлах болон бусад хоол боловсруулах замын өвчнүүдийн үед хэрэглэхэд тустай гэж үздэг. Хунза буюу Пакистаны хойд нутагт оршдог ард түмэн дэлхийд урт насладаг ардуудын тоонд ордог ба тэд өвлийн турш соёолж иддэг байна.
Дэлхийн 1-р дайны үед урд эгнээний дайчиддаа С аминдэмээр баялаг хамгийн сайн, эдийн засгийн хувьд боломжийн хүнс нь соёолж байжээ. Харин дэлхийн 2-р дайны мах ховордсон үед уургийн гол эх сурвалжийг улаан буудай, арвайг соёолжлуулан бий болгосон өвсийг (wheat and barley grass) хэрэглэхийг зөвлөж байжээ.

Улаан буудайн өвсний шүүсийг Dr Ann Wigmore хүнд өвчтөнүүдийг эмчлэхдээ хэрэглэдэг байжээ. Эрдэс, уураг, энзим, А, В комплекс, С, Е, К аминдэмүүдээр баялаг бөгөөд дархлаа тогтолцоог дэмжих бодисоор дүүрэн байдаг. Шүүс хэлбэрээрээ биед хурдан шимэгддэг бөгөөд бие махбодыг цэвэршүүлж, нөхөн сэргээхэд их илчлэг шаарддаггүйгээрээ давуу талтай.


Эх сурвалж:
Food matters: Detox and rejuvenation guide, pages 39-40

Бага насны хүүхдүүдэд эм, бэлдмэлийн тунг тооцох

Дараах зарчим, аргуудыг Ургамлын Анагаах Ухаан-1 (AIAS) хичээлийн гарын авлагаас авлаа.

Young-ийн зарчим

Хүүхдийн нас*Насанд хүрэгчдийн тун/Хүүхдийн нас+12
Жишээ
5 настай хүүхдэд бодохдоо
5*5/5+12=1.47 мл
3 настай хүүхдэд
3*5/3+12=1 мл

Өөр нэг арга бас байдаг ба энэ нь хялбар бодогдох боловч дээрхээс бага тунтай байдаг.
Хүүхдийн нас*Насанд хүрэгчдийн тун/20
5 настай хүүхэд
5*5/20=1.25 мл
3 настай хүүхэд
3*5/20=0.75 мл

Clark-ийн зарчим

Өвчтөний биеийн жин (кг)*Насанд хүрэгчдийн тун/60
25*5/60=2 мл
12*5/60=1 мл

Fried-ийн формула

Хүүхдийн нас (сараар)*Насанд хүрэгчдийн тун/150

60*5/150=2 мл
36*5/150=1.2 мл

Өөр хүснэгтүүд ч байдаг юм байна.

 
2 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/15
7 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/12
14 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/8
28 сар
Насанд хүрэгчдийн тунгийн 1/5
3 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/4
5 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/3
7 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2
14 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 2/3
15-69 нас
Насанд хүрэгчдийн тун
70-80 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 5/8
80-90 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 2/3
90-100 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2


Хүүхдийн нас
Тун
0-1 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/8
1-2 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/4
2-5 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/3
5-12 нас
Насанд хүрэгчдийн тунгийн 1/2
12-оос дээш нас
Насанд хүрэгчдийн тун (илүүдэл жинтэй буюу дунджаас бага жинтэй тохиолдлоос бусдаар)