Chronic fatigue syndrome/Миалгический энцефалит, Синдром хронической усталости
Шинж тэмдэг
- Байнга ядрах
- Байн байн хоолой өвдөх
- Бага зэрэг халуурах
- Тунгалагийн булчирхай томрох (хүзүү, суга)
- Толгой өвдөх
- Булчин, үеэр өвдөх
- Гэдэс эвгүйрхэх, гэдэс цочролын хамшинж илрэх
- Сэтгэл санааны дистресст орох
- Нойргүйдэх
- Анхаарал төвлөрөх чадвар алдагдах, ой тогтоолт буурах
Ерөнхий ойлголт
Архаг ядаргааны хамшинж (АЯХ) нь 6 сараас удаан хугацаагаар ядрах шинж илэрсний дараагаар танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг. Шалтгаан нь тодорхойгүй хэдий ч зарим мэргэжилтэн ЭБВ-ийн архаг халдварын улмаас үүсдэг гэж үздэг. Олон төрлийн, хоорондоо холбоогүй халдварт өвчнүүдээр өвчилсний дараа хүний бие удаан хугацаагаар сульдаж, энэ үед танин мэдэхүйн өөрчлөлтүүд нэмж илэрвэл үүнийг АЯХ гэж нэрлэдэг.
АЯХ нь архаг ЭБВ-ийн халдвар, архаг мононуклеоз төст хамшинжтэй адил утгатай биш.
АЯХ-ийг урьд өмнө энцефаломиалги гэж нэрлэдэг байжээ. Учир нь энэ өвчний үед энцефалит (танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдал)-ийн шинж, араг ясны булчингийн (архаг ядаргаа) шинжүүд хамт илэрдэг. Танин мэдэхүйн үйл ажиллагааны алдагдлын шинжүүд илрээгүй тохиолдолд үүнийг АЯХ гэж авч үзэхгүй.
Энэхүү хамшинж нь эмэгтэйчүүдэд илүү, залуу, дунд насны насанд хүрэгчдийн дунд түгээмэл тохиолддог.
Халдварт өвчний цочмог үед ядарч, сульдах шинж илэрдэг ч өвчин эдгэрэхэд ядаргаа арилсан байдаг. Харин АЯХ-тэй өвчтнүүдийн хувьд халдварт өвчний хурц үед илэрч байсан ядаргаа арилахгүй, 6 сараас дээш хугацаагаар үргэлжилсээр байдаг.
АЯХ-тэй хүмүүс удаан хугацаанд ядарч, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдсан байдаг тул өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахаа больдог. Ингэснээр сэтгэл гутралд автаж эхэлдэг. Мөн богино хугацааны ой тогтоолт алдагдаж, хэвийн ярьж байхдаа тодорхой үгийг олж, хэлэх чадваргүй болсон байдаг. Юмыг ойлгох чадвар, хөдөлгөөний хийгээд хэл ярианы хурд, шалтгааныг илрүүлэх, оюуны чадварууд бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Урьд өмнө хэвийн гүйцэтгэдэг байсан үйлдлүүдээ гүйцэтгэсний дараа ихээр ядарч, мөн удаан хугацаанд унтаж амарсан ч бие махбод нь сэргэсэн мэдрэмж төрдөггүй.
Архаг Эпштейн-Барр Вирусын халдвар
ЭБВ нь герпесийн бүлгийн вирусын нэг бөгөөд энэ бүлэгт Herpes simplex I буюу II төрөл, Varicella Zoster вирус, цитомегаловирус, псеудорабиес вирус хамаарагддаг. Эдгээр вирусуудын нийтлэг нэг шинж чанар нь халдварласныхаа дараа амьдралын туршид дахисан халдварыг үүсгэдэг. Энэхүү дахисан халдвар нь дархлаа хэвийн байх үед идэвхижихгүй бөгөөд дархлаа дарангуйлагдсан үед идэвхижиж, вирусын репликаци, тархалт нэмэгддэг. Энэ нь ДОХ-той, хавдартай, эмийн нөлөөт дархлаа дарангуйлагдсан хүмүүст Герпес вирусын халдварын илрэлээс харагддаг.
ЭБВ-ийн халдвар хүнд байнга оршиж байдаг. Насанд хүрэх үеийн эхэнд бараг бүх хүний цусанд ЭБВ-ийн эсрэгбие илэрч байдаг. Хүүхэд насанд анхдагч халдвар тохиолдох үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин анхдагч халдвар өсвөр нас, насанд хүрэх үеийн эхэнд илэрсэн бол халдварт мононуклеазын эмнэлзүйн шинж нийт халдварын 50%-д тохиолддог.
1940-1950-аад оны үед мононуклеаз төст хамшинж дахилттайгаар, удаан хугацаагаар илэрч байсан тухай илтгэлүүдэд дурьдсан байдаг ч архаг ядаргааны хамшинжийн тухай хэвлэлд бичигдэж эхлээгүй байжээ. Энэ нь 1980-аад оны дундуур бичигдэж эхэлсэн байдаг. Энэ хамшинжийн үед илэрдэг шинж тэмдгүүдтэй өвчтөнүүдийн нилээд хувьд ЭБВ-ийн эсрэгбие сийвэнд ихэссэн байдаг.
ЭБВ-ийн халдвар нь:
· ЭБВ болон герпесийн бусад бүлгийн вирусууд нь насан туршийн далд халдварыг үүсгэдэг.
· Эзэн биеийн дархлаа тогтолцоо халдварыг хяналтандаа байлгаж байдаг.
· Дархлаа сулрах үед, ялангуяа эсийн дархлаа сулрах үед вирус дахин идэвхижиж, дахисан халдварыг үүсгэдэг.
· Халдвар нь дангаараа дархлааг дарангуйлж чадах бөгөөд өөр өвчин үүсэхэд хүргэж болно.
· Дархлааны үйл ажиллагаа алдагдсан шинжээр илэрдэг олон өвчний үед ЭБВ-ийн эсрэг биеийн хэмжээ ихэссэн байдаг.
· Герпесийн бүлгийн болон улаан бурханы вирусын эсрэгбиеийн түвшин архаг ядаргааны хамшинжтэй эсвэл мононуклеаз төст хамшинжтэй өвчтөнүүдэд ихэссэн байдаг.
Цитомегаловирус
Цитомегаловирусын халдвар нь ЭБВ-холбоот халдваруудтэй төстэй шинжээр илэрдэг. Дэлүү томрох, элгэнд нөлөөлөх, хэвийн бус лимфоцитүүд нь энэ вирусын халдварын үеийн ноцтой шинжүүд юм. Хэдийгээр энэ нь настай хүмүүсийг голчлон хамардаг ч, 20-30 насныханд тохиолдвол хоолой өвдөх, хоолойны тунгалагийн зангилаа томрох зэрэг шинжүүд илэрдэггүй.
Мэдрэмтгий байдал
Дархлааны тогтолцоог сайжруулах нь эзэн биеийн тэсвэрт чанарыг сайжруулахад хамгийн чухал үүрэгтэй бөгөөд өвчнийг эдгээхэд ч гэсэн ач тустай байдаг. Архаг ядаргааны хамшинж нь удаан хугацаагаар хэвийн байдал нь алдагдаж, дарангуйлагдсан дархлааны байдлаас үүдэлтэй бөгөөд сэтгэц-сэтгэл хөдлөлөөс авхуулаад физиологи-биохимийн аль ч түвшинд шинж тэмдэг илэрдэг.
Зарим судалгаанаас үзэхэд АЯХ-тэй өвчтнүүдэд натурал киллер эсийн тоо, идэвхи буурсан байхад зарим судалгаанд өөрчлөлт илрээгүй байдаг. Бусад судалгаанууд Т-эсийн идэвхижлын маркер, харшил, дархлаа тогтолцооны өвчнүүд зэргийг судалсан боловч нэгдсэн дүгнэлтэнд хүрч чадахгүй байгаа.
Мөөгөнцөртөлт
Кандида мөөгөнцрийн төрлүүд нь гэдэсний замд байнга оршдог ба тэдний ургалт нь гэдэсний бусад бактерууд болон дархлааны тогтолцоогоор хянагдаж байдаг. Энэхүү тэнцвэр алдагдахад (антибиотик хэрэглэх, дархлаа дарангуйлах эмүүд хэрэглэх, хими эмчилгээ, цитомегаловирус, ЭБВ-ийн халдвар, ДОХ болон бусад өвчнүүд) кандидагийн пролифераци эрчимждэг. Кандида мөөгөнцөр нь антиген-эсрэг төрөгч шинж чанартай бөгөөд түүний задралын бүтээгдэхүүнүүд нь дархлаа тогтолцоонд тогтмол саад учруулж байдаг.
Хүснэгт 3.1 АЯХ-ийн эмнэлзүйн илрэлүүд
Илрэх шинжүүд | Өвчтнүү-дийн % |
Өвчний түүхээс | |
Гол зовиур нь ядаргааны хамшинж (шалтгаан нь тодорхойгүй) | 30 |
Ядаргааны хүндийн зэрэг | |
Хэвтрийн байдалтай, бараг юу ч хийж чадахгүй болдог | 28 |
Гэрийн хөнгөн ажил, түүнтэй дүйцэхүйц ажлыг хийх чадваргүй болдог | 13 |
Гэр болон ажил дээрээ хийдэг бүх үйлдлийг гүйцэтгэх чадвартай ч амархан ядардаг, өөр ажил хийх энерги үлдээгүй мэт санагддаг | 60 |
Ядаргааны давтамж | |
Өөрчлөгдөхгүй, байнгын ядралт | 15 |
Ямар нэгэн байдлаар байнга ядарна, гэхдээ сайжирдаг ч бүрэн арилдаггүй | 23 |
Ядрах, хэвийн болох шинжүүд ээлжилнэ | 63 |
Давтагдсан фарингит (залгиурын үрэвсэл) | 60 |
Давтагдсан булчингийн өвдөлт | 80 |
Булчингийн өвдөлтийн хүндийн зэрэг (N=31) | |
Бүх үйлдлээ зогсоож, амрахад хүргэдэг | 39 |
Хэвийн үед гүйцэтгэдэг ажлуудаа хийж чадах ч булчингийн өвдөлтөөс болж хүндрэлтэй болдог | 23 |
Хэвийн үйлдэл хийхэд саад болохгүй ч амарч байх үед мэдрэгддэг | 39 |
Давтагдсан толгойн өвдөлт | 83 |
Толгойн өвдөлтийн хүндийн зэрэг | |
Бүх үйлдлээ зогсоож, амрахад хүргэдэг | 55 |
Хэвийн үед гүйцэтгэдэг ажлуудаа хийж чадах ч булчингийн өвдөлтөөс болж хүндрэлтэй байдаг | 33 |
Хэвийн үйлдэл хийхэд саад болохгүй ч амарч байх үед мэдрэгддэг | 12 |
Ядаргаа, хоолойн өвдөлт, булчингийн өвдөлт, толгойн өвдөлт | 45 |
Холбоотой шинж тэмдгүүд | |
Сэтгэл гутрал болон бусад зан аашийн өөрчлөлтүүд | 78 |
Нойргүйдэл | 73 |
Анхаарал төвлөрүүлэх чадвар алдагдах | 65 |
Бухимдал | 60 |
Дотор муухайрах | 55 |
Томорсон тунгалагийн зангилаанууд (N=39) | 44 |
Ходоодны өвдөлт | 40 |
Суулгалт | 38 |
Ханиалгалт | 38 |
Тууралт | 35 |
Арьсны өвөрмөц мэдрэмж төрөх | 33 |
Хоолны дуршил буурах | 30 |
Үений өвдөлт | 30 |
Бөөлжилт | 25 |
Гэртээ байхад давтагдан халуурах | 25 |
Хуруу давтагдан хавдах (N=30) | 20 |
Жин буурах | 15 |
Жин нэмэх | 5 |
Эмчид энэ асуудлаар урьд өмнө хандаж байсан | 55 |
Энэ асуудлаар нэг бус эмчид хандаж байсан | 25 |
Энэ асуудал нь гэр болон ажил дээр асуудал, стрессийг үүсгэж байсан | 60 |
Өвчтөнүүд заримдаа эдгээр бүх шинж тэмдэг “миний толгойд байгаа байх” гэж боддог | 58 |
Урьд өвчилсөн өвчнүүд | |
Мононуклеоз | 26 |
Амны герпес (хомхой долоох) | 38 |
Бэлгийн герпес | 0 |
Herpes zoster (бүслүүр үлд, могой яр) | 0 |
Харшил (хүнсний бүтээгдэхүүн, эм, эсвэл харшилын гаралтай ринит) | 53 |
Бодит үзлэг | |
Гүйлсэн булчирхай/залгиурын экссудат | 0 |
Хүзүүний аденопати | |
Урд талын | 15 |
Ар талын | 3 |
Эрүүн доорх булчирхай томорсон эсвэл эмзэглэлтэй (N=38) | 13 |
Элэг томорсон, эсвэл дэлүү томорсон | 0 |
Биеийн температур >37.5 | 0 |
Энэхүү хүснэгт нь 17-50 насны, мэдэгдэж буй өөр ямар нэг халдварт өвчингүй, архаг мононуклеоз төст хамшинжийн шинж тэмдгүүд илэрч байгаа 40 өвчтний шинж тэмдэг, үзлэгийн өөрчлөлтийг харьцуулсан хүснэгт юм.
Архаг ядаргааны хамшинжийн үеийн дархлаа дарангуйлагдал
Архаг ядаргааны хамшинж нь дархлаа удаан хугацаанд буурсан болон алдагдсныг илэрхийлэх шинж тэмдэг бөгөөд үр дүнд нь эзэн биеийн эсэргүүцэл суларч, амин чухал энергиүд алдагддаг. Энэ үед ЭБВ-ийн эсрэг биеийг шинжлэх нь эзэн биеийн ерөнхий эсэргүүцэл, дархлааны үйл ажиллагааг хэмжихэд чухал ач холбогдолтой байх магадлалтай. Эсрэг биеийн хэмжээ сар жилээр их хэмжээтэйгээр илрэх нь илүү хүнд, дархлаа тогтолцооны өвчнүүд байгааг харуулдаг.
Оношлогоо
Шалтгаан нь одоог хүртэл тодорхой бус байгаа учраас бусад өвчнүүдийг үгүйсгэж, ядаргаа 6 сараас дээш хугацаанд үргэлжилж, танин мэдэхүйн өөрчлөлт илэрсэн бол АЯХ гэсэн оношийг тавьдаг.
Цусанд ЭБВ-ийн эсрэг биеийн хэмжээ их байх нь оношийг бататгах сайн арга болдог байх магадлалтай. ЭБВ-ийн эсрэг биеийн хэмжээ ихсэх нь урьд өмнө ЭБВ-ийн халдвар авсныг илтгэх болохоос одоо үүссэн архаг ядаргааны байдлыг илэрхийлэхгүй.
Лабораторын шинжилгээ нь 2 үндсэн чиглэлтэй байдаг. Нэг нь архаг ядаргааг үүсгэж байгаа бусад шалтгааныг оношлох, нөгөө нь АЯХ-ийн оношийг илтгэх шинжилгээнүүдийг хийх юм.
Өрнийн анагаах ухааны эмчилгээ
АЯХ нь ихэнх тохиолдолд вирусын халдварын шалтгаантай байдаг тул тогтсон эмчилгээ байдаггүй. АЯХ-ийн үед вирусын эсрэг эмүүдийг хэрэглэсэн боловч үр дүнгүй байжээ. Судалгаануудаар стеройд, элэгний экстракт, хелатжуулах эмчилгээ, судсаар тарих аминдэм, В12 аминдэм эмчилгээ, аминдэм, эрдсийн нэмэлт, сэтгэл гутралын эсрэг эмүүд зэрэг бусад эмийн бодисууд бүгд үр дүнгүй байжээ.
Байгалийн анагаах ухааны эмчилгээ
Архаг ядаргааны хамшинжийн эмчилгээ нь биеийн ерөнхий байдал болон дархлаа сайжруулахад, ЭБВ болон бусад вирусыг дахин идэвхижихээс сэргийлэхэд чиглэгддэг.
Дээрх зарчим нь хоргүйжүүлэх, дэмжих эмчилгээ, эзэн биеийн дархлааг идэвхижүүлэх эмчилгээ гэсэн 3 үндсэн үйл ажиллагаанд үндэслэгдсэн байдаг.
Хоргүйжүүлэх
Энэхүү зарчим нь гадаад хорууд (химийн бодис, эмийн бодис, хүнсний хорууд, хүнсний харшил)-ад хордохоос сэргийлж, дотор хорууд (гэдэсний хорууд, Candida albicans, бусад эмгэг төрөгчид, чөлөөт радикал, хүнд металлууд)-аас бие махбодийг цэвэрлэхэд чиглэгддэг. Ялгаруулах эрхтнүүдийн (гэдэс, элэг, цөсний зам, бөөр, тунгалаг, ретикул эндотелийн тогтолцоо, уушиг, арьс) үйл ажиллагааг сайжруулж, дэмжиж, нөхөн төлжүүлэх замаар хоргүйжүүлэх нь хамгийн тохиромжтой. ЭБВ-тэй холбоотой эмгэгийг сэжиглэж байгаа үед элэг, тунгалагийн тогтолцоог хоргүйжүүлэх нь нэн чухал. Учир нь эдгээр эмгэгийн үеийн илрэлүүд (тунгалагийн зангилааны томрол, элэг, дэлүүний томрол, элэгний үрэвсэл, шарлалт, Буркиттийн лимфома) нь цус, тунгалагийн тогтолцоотой холбоотой байдаг. Үрэвслийн гэмтлээс хамгаалах, хэвийн үйл ажиллагаа, гадагшлалт, ялгаруулалтыг дэмжих, идэвхижүүлэх нь хамгийн чухал.
Үйлчилгээ | Хүчин зүйл |
Липотропик (элэгний өөхийг хайлуулах) | Метионин (холин, инозитол) |
Цөсний нийлэгжил, урсгалыг дэмжих | Карнитин Cheledonium majus Chionanthus virginicus Curcuma longa Cynara scolymus Hydrastis Canadensis Taraxacum officinalis |
Элэг хамгаалах | Silybum marianum Катехин |
Үрэвслийн эсрэг | Silybum marianum Scutellaria baicalensis |
Элэгний эсийг нөхөн төлжүүлэх | Silybum marianum Cynara scolymus Glycyrrhiza glabra Элэгний экстрактууд |
Купфферийн эсийг идэвхижүүлэх | Echinacea angustifolia Baptisia tinctoria |
Элэгний үйл ажиллагааг сайжруулах
Цөсний нийлэгжил, ялгарлыг идэвхижүүлэх нь элгийг хоргүйжүүлэх уламжлалт арга юм. Бусад арга хэмжээнүүдэд элэгний эсийг үрэвсэл, чөлөөт радикалын гэмтлээс хамгаалах, элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, элэгний макрофаг (Купфферийн эс)-ийг идэвхижүүлэх зэрэг орно.
Дэлүү, тунгалагийн тогтолцоо
Тунгалагийн урсгал, дэлүү болон тунгалагийн эдийн цусан хангамж, лимфоцитийн идэвхижил зэргийг сайжруулах замаар эдгээр эдүүдийг цэвэрлэдэг. Тунгалагийн урсгалыг сайжруулах болон тунгалагийн зогсонгишилоос сэргийлэхэд дараах аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
- Булчингийн үйл ажиллагаа буюу дасгал, сунгалт хийх
- Мөчдийг өргөх
- Массаж (ялангуяа лимфатик массаж-лимфийн урсгал сайжруулах) хийх
- Халуун, хүйтэн гидротерапи (усан эмчилгээ) хийх зэрэг орно.
Дэлүүний цусан хангамжийг берберин алкалойд агуулдаг barberry (Berberis vulgaris), Орегон усан үзэм (Berberis aquafolium), goldenseal (Hydrastis canadensis) зэрэг ургамлыг хэрэглэж хийдэг. Цусан хангамж сайжрахад дэлүүнээс дархлаа сайжруулах бодисуудын ялгарлыг эрчимждэг.
Дархлаа дэмжих
Дархлааны үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд хувь хүний эрүүл мэндийн байдал сайн байх шаардлагатай. Үүнд чанартай, сайн хоол идэх (эслэг, нийлмэл нүүрс-усаар баялаг, өөх-тос багатай, уураг дундаж хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай, бүхэл үрийн, амьд хүнсний бүтээгдэхүүнүүд), өдөрт 8-10 аяга ус (цэвэршүүлсэн ус байх нь сайн) уух, суурь аминдэм-эрдсийн нэмэлт бэлдмэл (амархан шимэгдэх хэлбэрийн, биологийн гаралтай, бичил эрдсийг хангалттай хэмжээгээр агуулсан), өдөр бүр 30 минут аэробик болон 15-30 минутын идэвхигүй сунгалтын дасгалын хөтөлбөр (тэсвэр болон нөхцөл байдлаас хамаараад өөрчилж болно), өдөр бүр гүнзгий амьсгал авах, тайвшруулах дасгалууд хийх, өдөр бүр бясалгал, залбирал үйлдэх, гэр бүлийнхэн, найзуудтайгаа тоглож, хөгжилдөх цаг гаргах, өдөрт 6-8 цаг унтаж байх зэрэг арга хэмжээнүүд орно.
Дархлаа тогтолцоог хэд хэдэн хүнсний нэмэлт, ургамлын хүчин зүйлсийг хэрэглэж сайжруулж болно. Дархлаа тогтолцооны эсийн хамгаалах тогтолцоо (ялангуяа Т-лимфоцит, интерферон, макрофаг, натурал киллер эс) нь вирус, мөөгөнцөр, хавдрын эсрэг үйлчилдэг тул дархлааны энэхүү хэсгийг идэвхижүүлэх нь гол зорилго юм. Эсийн дархлааны гажиг нь ЭБВ-холбоот эмгэгүүдийн үед олонтаа тохиолддог.
Настай хүмүүст эс холбоот дархлаа тогтолцооны хөгшрөлттэй холбоотой өөрчлөлтийг хүнсний нэмэлт хэрэглэн засах боломжтой юм. Хөгшин хүмүүст эсийн дархлааны хариу урвал буурсантай холбоотойгоор ЭБВ-ийн эсрэг биеийн хэмжээ ихэссэн байдаг.
Хоолны дэглэм
Бүх харшил төрүүлэгч хүнсний бүтээгдэхүүнийг хоолондоо хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энгийн сахар, түүнийг агуулсан бүтээгдэхүүнүүд, цэвэршүүлсэн бүтээгдэхүүнүүдийг хориглоно. Бүхэл үрийн, боловсруулаагүй, ялангуяа вирусыг устгадаг жимс, сонгино, сармис зэргийг хэрэглэхэд анхаарна.
Нүүрс-ус, өөх-тос, уураг хангалттай хэмжээгээр агуулсан сайн чанарын өглөөний цай уух. Өглөө бүр бага хэмжээний, бүхэл үрийн гурилаар хийсэн талх, боорцог идэж нүүрс-усныхаа хэрэгцээг хангана. Харин бага хэмжээний өөх-тосыг хэрэглэнэ. Тослог багатай тараг, бяслаг, эсвэл бага хэмжээний тахиа болон загасны мах, өндгийг хэрэглэж болно. Харин их хэмжээний энгийн нүүрс-ус агуулсан бүтээгдэхүүнүүд нь инсулиныг хэт их ялгаруулж, цусны чихрийг багасгаж, таныг ядарсан мэт болгодог. Өдөр хөнгөн хоол идэх хэрэгтэй. Зууш, шөлтэй хоол, бага зэрэг жимс идэх нь тэжээллэг, хөнгөн хоол болох ба энэ нь өдрийн хоолны дараа ажил дээрээ нойрмоглож, нозоорохгүй байхад тус болдог.
Каффейн нь бие махбодыг сэргээдэг мэт боловч үнэндээ тийм биш юм. Өглөө нэг аягыг ууж болох ч өдрийн турш кофе уух нь тийм ч сайнаар нөлөөлдөггүй.
Архи нь деппрессант тул таныг сэргээхийн оронд улам тайвшруулдаг. Архийг өдөрт 1 тунгаас хэтрүүлэхгүй, боломжтой бол огт уухгүй байх хэрэгтэй.
Амьдралын хэв маяг
Сүүлийн үед хийгдэж байгаа маш олон судалгаанууд бие, сэтгэцийн стресс нь бие махбодод, ялангуяа дархлаа тогтолцоонд ихээр нөлөөлдгийг баталсаар байгаа. Эдгээрээс харахад архаг ядаргааны хамшинжийн үүсэл болон хөгжилд стресс нь ноцтой нөлөө үзүүлдэг. Стресс бууруулах олон төрлийн аргууд байдаг бөгөөд тэдгээрийг хэрэглэхийн хажуугаар ургамлын болон тэжээлийн бодисуудыг хамт хэрэглэнэ. Амин дэм, эрдсийн нэмэгдлийн хажуугаар С аминдэм, пантотений хүчил, үхрийн бөөрний дээд булчирхайн экстрактыг хэрэглэнэ.
Өглөө бүр өөртөө цаг гаргаж, хийх ёстой зүйлсээ бичиж тэмдэглэж байх нь юу хийхээ мэдэхгүй дэмий гиюүрэхгүйгээр цагийг үр ашигтай өнгөрөөхөд тусална. Ихэнх хүмүүс маш олон зүйлс хийх тухай бодож байдаг. Ингэх нь хүнийг ядраадаг тул хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, тэдгээрийгээ дэс дарааллаар нь хийх хэрэгтэй. Ингэснээр тухайн цаг мөчид зөвхөн нэг ажилдаа анхаарал хандуулж, илүү эрч хүчтэй ажиллах боломж олдоно.
Дасгал хийх нь танд маш их эрч хүч, энерги өгнө. Энерги өгөх дасгалыг өдөрт 20-30 минутаар (хурдан алхахад л хангалттай) долоо хоногт 3-4 удаа хийнэ. Унтахаас 2-оос дээш цагийн өмнө хийх хэрэгтэй. Гэхдээ дасгалыг нэг дор хийхийн оронд цаг тутамд хөдлөх, биеэ идэвхитэй байлгах нь чухал.
Тамхи татсанаар биед хүчилтөрөгч хүргэх үйл явцад саад учруулдаг тул улам их ядраадаг. Гэхдээ тамхинаас гарсан эхний үед ядаргаа арилахгүй, харин ч никотиний идэвхижүүлэх үйлчлэлийн улмаас, тамхинаас гарах үед түр зуур ядардаг.
Хэрвээ та илүүдэл жинтэй бол энэ нь таныг байнга ядрахад хүргэдэг. Тийм учраас хоолоо тохируулж, дасгал хийж аажмаар жингээ хасах шаардлагатай. Богино хугацаанд их хэмжээний жин хасах нь таны биеийн байдлыг улам дордуулах болно.
Хэт их унтах нь таныг өдөржин нойрмог байлгадаг тул өдөрт 6-8 цаг унтахад л хангалттай.
Гүнзгий амьсгал авч байх нь нэгэн зэрэг амрах, энергитэй болох арга юм.
Халуун наранд явах, эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхлэхээс өмнөх өдөр шингэн, ялангуяа ус сайн уух хэрэгтэй. Шингэн алдалт нь ядаргаанд оруулдаг тул шингэн алдахгүй байвал ядаргаанаас сэргийлж чадна.
Дархлааны үйл ажиллагааг дэмжих хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд
Өндөр тунгаар В аминдэмүүдийн бүрдэл (ялангуяа В6, В12, фолийн хүчил, пантотений хүчил), бичил элементүүд (цайр, селен, хром, манган) агуулсан сайн чанарын, суурь аминдэмүүд, эрдсүүдийн нэмэгдэл хэрэглэнэ. Дараах 3 бодисыг дархлаа дэмждэг тул чухалчлан бичлээ.
Каротинууд
Бета-каротин нь байгалийн гаралтай, хүчтэй антиоксидант бөгөөд дархлаа дэмжих, хавдар, вирусын эсрэг сайн үйлдэлтэй бодис юм. Хүнд бета-каротины нэмэлт нь интерфероны үйлчилгээг сайжруулж, макрофагийн эс хордуулах үйлдлийг дэмжиж, хавдар үхжлийн хүчин зүйлийн нийлэгжлийг сайжруулж, эргэлдэж буй Т-хелпер эсийн тоог нэмэгдүүлдэг.
С аминдэм
С аминдэм нь ханиадны шинж тэмдгийн хүндрэл, тохиолдлыг бууруулж, интерферон төст болон вирусын эсрэг үйлчилгээ үзүүлж, цагаан эсийн вирус, бактерийг устгадаг. Ихэнх эмч нар С аминдэмийг ямар нэг халдварт өвчин эдгэрч байх үед биеийн ерөнхий дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг.
Цайр
Цайр нь сэрээ булчирхай, сэрээ булчирхайн дааврууд төдийгүй эсийн дархлааны үйл ажиллагаанд чухал шаардлагатай эрдэс юм. Вирусын халдварын үед ач холбогдолтой натурал киллер эсийн үйл ажиллагааны идэвхижлийг сайн байлгахын тулд хэвийн өсөлт, хөгжилд шаарддагаас их хэмжээг хэрэглэх хэрэгтэй.
Дархлааны тогтолцооны булчирхайлаг эрхтний бэлдмэлүүд
Булчирхайн ханд (ихэнхдээ үхрээс гаргаж авсан)-ыг хэрэглэн хүний булчирхайн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэсэн судалгаа цөөн ч “протоморфоген” эмчилгээ нь их түгээмэл байдаг. Цайрын нэмэлттэй адилаар сэрээ булчирхайн экстрактыг (ихэнхдээ тарилгаар) хэрэглэхэд хөгшрөлттэй холбоотой эс холбоот дархлааны зарим урвалыг эргүүлж, дархлааны үйл ажиллагааг сайжруулж байжээ. Тугалын сэрээ булчирхайг ууж хэрэглэхэд олон төрлийн халдварт өвчинд эмнэлзүйн хувьд илүү сайн нөлөө үзүүлж байжээ. ЭБВ-ийн халдварын үед сэрээ булчирхайн ханд нь Т-эсийн өөрчлөгдсөн харьцааг хэвийн болгож байжээ. Ялангуяа лизатыг хэрэглэх нь лимфаденопати, ДОХ-ын үеийн Т эсийн гажгуудыг хэсэгчлэн засаж, эмнэлзүйд сайжралыг үзүүлж байв.
Дэлүүний ханд нь ашиг тустай байх магадлалтай бөгөөд дэлүүнээс ялгарч, дархлаа тогтолцоог ихээр идэвхижүүлдэг нэгдлүүд нь амархан шимэгддэг бага-молекул-жинтэй пептидүүд байдаг. Дэлүүний экстрактыг ууж хэрэглэхэд хүнд зэргийн леикопени, неитропенигийн үед цагаан эсийн тоог нэмэгдүүлж, малари, тифоид халууралттай зарим өвчтөнд сайнаар нөлөөлдөг байна.
Дархлааны үйл ажиллагааг дэмжих ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд
Goldenseal (Hydrastis Canadensis/Гидрастис канаденсис)
Алкалойд бербериний агууламж ихтэй тул үүнийг ЭБВ-холбоот халдваруудын эмчилгээнд хэрэглэхэд чухал ач холбогдолтой. Берберин нь дэлүүний цусны урсгалыг нэмэгдүүлж, элэгний үйл ажиллагаа, цагаан эсийн идэвхийг сайжруулдаг. Элэг, дэлүү нь ЭБВ-ийн үйл ажиллагаанд нөлөөлдөг тул гидрастисийг хэрэглэхийг зөвлөдөг.
Purple coneflower (Echinacea angustifolia and purpura/Фиолетовым эхинацея)
Энэ ургамал нь полисахарид инулин, эхинацин агуулдаг бөгөөд халдварт өвчнүүдийн үед удаан хугацаагаар хэрэглэж ирсэн түүхтэй. Эдгээр полисахаридууд нь эхинацийн дархлаа дэмжих үйлдлийг үзүүлдэг гол найрлагууд юм. Тийм ч учраас энэхүү ургамлыг вирусын халдвар, халдварт эмгэгүүдийн үед хэрэглэхэд тустай юм. Эхинацийн полисахаридуудын дархлаа идэвхижүүлэх үйлдэл:
· Альтернатив хавсаргын тогтолцоог идэвхижүүлэх
· Макрофагийн эс хордуулах үйлдлийг дэмжих
· Т-лимфоцитуудыг идэвхижүүлэх
· Т-лимфоцитийн трансформацийг сайжруулах
· Макрофагийн фагоцитозийг нэмэгдүүлэх (Купфферийн эсийг оролцуулан)
· Интерфероны нийлэгжлийг нэмэгдүүлэх
Baptisia tinctoria
Баптизиа тинктурыг халдварт эмгэгүүд, ялангуяа амьсгалын дээд замын халдваруудын үед хэрэглэж иржээ. Энэ нь тонзиллит, фарингит, лимфаденит, септик нөхцөл байдлуудад сонгомол үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үеийн судалгаанууд үүний дархлаа дэмжих үйлдлийг сайтар судлаж байгаа. Энэ нь цагаан эсийн вирус, бактерийг устгах үйлдлийг дэмжиж, тунгалагийн эсүүдийн нийлэгжил, идэвхижлыг сайжруулж, эсрэг биеийн нийлэгжлийг дэмждэг. Их тунгаар хэрэглэвэл хордлого үүсгэдэг тул тунг сайн хянах шаардлагатай.
Полисахарид агуулсан бусад ургамлууд нь эхинаци, баптизиатай адил дархлаа дэмжих үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрт Eupatorium perfoliatum (boneset), Matricaria chamomilla (Герман хамба шарилж-Эмийн алтантовч), Arctium lappa (burdock), Achillea millefolium (yarrow) зэрэг орно. Эдгээр ургамлыг баптизиагийн оронд хэрэглэж болох ба гаж нөлөө багатай тул инфузи хэлбэрээр хэрэглэж болно.
Pokeweed (Phytolacca decandra-Americana)
Үүнийг амьсгалын дээд замын эмгэг, фарингит, ревматизм гэх мэт ялангуяа лимфийн өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэж ирсэн. Энэ нь уламжлалт эмнэлзүйн туршлагаас үзвэл лимфийн эдэд өвөрмөц байдаг нь нотлогдсон. Phytolacca-ийн үндэс, навч, жимсгэнүүдийн экстракт нь В болон Т лимфоцитүүдийг хүчтэй идэвхижүүлдэг бөгөөд судалгаа, шинжилгээнд голчлон хэрэглэдэг. Энэ ургамал нь дархлааны хариу урвалыг сайжруулж, олон төрлийн вирусын эсрэг үйлдлийг үзүүлдэг. Их тунгаар, удаан хугацаанд хэрэглэхэд хортой нөлөө үзүүлдэг.
Чихэр өвсний үндэс (Glycyrrhiza glabra)
Чихэр өвсний үндсийг барууны болон хятадын уламжлалт эмчилгээнд амьсгалын дээд зам, хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед олон зууны турш хэрэглэж ирсэн түүхтэй. Чихэр өвс болон түүний байгалийн гаралтай олон найрлага нь олон төрлийн вирусын (Herpes simplex гэх мэт) эсрэг үйлдэл үзүүлж, интерфероны нийлэгжлийг дэмжиж, вирусын гепатитийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй байдаг.
Астрагалусын үндэс (Radix astragalus)
Астрагалусыг Хятадын анагаах ухаанд биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулахад хэрэглэж ирсэн. Эмчилгээний идэвхи нь архаг ядаргааны хамшинжийн эмчилгээнд хэрэглэвэл илүү үнэ цэнэтэй. Сүүлийн үеийн судалгаагаар астрагалус нь интерфероны нийлэгжлийг нэмэгдүүлж, өсгөвөрт хүний уушигны эсийн амьдрах хугацааг уртасгаж, ханиадны тохиолдол, үргэлжлэх хугацааг богиносгодог.
Шитаке мөөг (Lentinus edodes)
Шитаке мөөгийг хятадын уламжлалт анагаах ухаанд өвчнийг тэсвэрлэх байдлыг сайжруулахийн тулд хэрэглэж иржээ. Полисахарид комплекс болох лентинаныг агуулдаг ба энэ нь хор нөлөөгүй, хүчтэй дархлаа идэвхижүүлэх бодис юм. Дархлаа дэмжих үйлдэл нь макрофаг, Т-лимфоцитэд өвөрмөц байдаг. Шитаке мөөгний дархлаа дэмжих үйлдлүүд:
· Макрофагийг идэвхижүүлж, түүний ИЛ-1-ийн нийлэгжлийг нэмэгдүүлэх
· Т-лимфоцитийн ИЛ-2-ийн нийлэгжлийг нэмэгдүүлэх
· Т-лимфоцитийн пролиферацийг нэмэгдүүлэх
· Т-хелпер эсийн үйл ажиллагааг сайжруулах
· Макрофагуудын эс хордуулах үйлдлийг сайжруулах
Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд
· Бета-каротин, өдөрт 100000 ОУН
· С аминдэм, өдөрт 3000 мг
· Пантотений хүчил, өдөрт 150 мг (унтах үедээ хэрэглэхгүй байх)
· Цайр, өдөрт 15 мг (пиколинат хэлбэрээр)
· Олон төрлийн аминдэм, эрдсийн бэлдмэл
· Бөөрний дээд булчирхайн экстракт, өдөрт 1-2 шахмал
· Сэрээ булчирхайн экстракт, өдөрт 1-2 шахмал
Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд
Цочмог халдвар, өвчний хурц үе:
Echinacea angustifolia, Hydrastis Canadensis, Glycyrrzhiza glabra-г дараах тунгуудаар өдөрт 3 удаа ууна.
- Хатаасан үндэс (эсвэл цай хэлбэрээр), 1-2 г
- Хөлдөөж, хатаасан үндэс, 500-1000 мг
- Тинктур (1:5), 4-6 мл (1-1.5 цайны халбага)
- Шингэн экстракт (1:1), 0.5-2.0 мл (1/4-1/2 цайны халбага)
- Нунтаг хатуу ханд (4:1), 250-500 мг
Хэрвээ чихэр өвсийг удаан хугацаанд хэрэглэх шаардлага гарвал кали агуулсан бүтээгдэхүүнүүдийнхээ хэрэглээг нэмэгдүүлнэ.
- Phytolacca decandra-Americana (хатаасан үндэс), 100-400 мг-аар өдөрт 3 удаа
- Baptisia tinctoria (хатаасан үндэс), 0.5-1.0гр-аар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Эдгэрч буй, архаг үе шат
· Hydrastis Canadensis, дээрх тунгаар
· Astragalus membranaceus (хатаасан үндэс), 5-15 г-аар өдөрт 3 удаа
· Glycyrrhiza glabra, дээрх тунгаар
· Eleutherecococcus senticosus,
Хатаасан үндэс буюу цай, 2-4 гр-аар өдөрт 3 удаа
Шингэн экстракт (1:1), 2.0-4.0 мл (1/2-1 цайны халбага), өдөрт 3 удаа
Хатуу экстракт (20:1), 100-200 мг-аар өдөрт 3 удаа
Эдгэрэх үе:
· Panax ginseng:
Хатаасан үндэс, 1.5-2.0 гр-аар өдөрт 3 удаа
Экстракт, өдөрт ginsenosides 25-50 мг-тай тэнцэхүйц хэмжээгээр
· Eleutherococcus senticosus (хатаасан үндэс), дээрх тунгаар
Эх сурвалж: Удахгүй хэвлэгдэн гарах гэж буй "Байгалийн анагаах ухааныг өвчний эмчилгээнд хэрэглэх нь" номны 3-р бүлэг.
Эх сурвалж: Удахгүй хэвлэгдэн гарах гэж буй "Байгалийн анагаах ухааныг өвчний эмчилгээнд хэрэглэх нь" номны 3-р бүлэг.
а
No comments:
Post a Comment