Friday, April 20, 2012

Монгол хэрэглээ

Интернэтээс жамц давсны тухай хайж байгаад сонирхолтой нийтлэл олсноо нийтэллээ.


Дээр үеийнхэн бие сайтай, өнөөгийхөн шиг өвчин нэрлээд хэвтээд байдаггүй өтөлдөг байж гэж хуучлахдаа бид хаяа дурсдаг билээ. Энх тунх амьдрахуйн ухааныг нь шимтэйг идэж, чанартайг хэрэглэж, байгаль дэлхийтэйгээ хүйэщн уялдаатай байсантай холбон тайлбарладаг. Харин тэр хэрэглээ нь чухам юу байв. Цөөнийг энд нэрлэе.
 
   Өрөөлийн төлөө өөрийгөө золигч жамц
Сэтгэлд хүрээгүйг илэрхийлэхдээ "Давсгүй хоол шиг" гэж олонтаа хэлдэг. Давсгүй хоол хоолойгоор хэрхэн давдгийг та лавтайяа мэднэ биз. Өрөөлийн төлөө өөрийгөө зольдгийн жишээг ч давсаар илтгэж болно. Бусдад хүртээх амтны төлөө биеэ уусган шингээдэг учраас тэр шүү дээ. Ийм атлаа "баатарлаг" бус ердөө л "амтлагч" нэртэй давс бидний эрүүл энхийн төлөө ч зүтгэдэг аж. Энэ удаад онцгой ид шидтэй жамц давсны тухай өгүүлье. Энэ давс Монгол оронд, бүр тодруулбал манай орны баруун хязгаар Увс, Говь-Алтай, Ховд аймгуудын нутагт л бий.
Чухам юугаараа гайхамшигтай юм бэ. Яг одоо та ингэж асуух гэж байна уу. Товчхон ч болов хариулъя. Жамц давс эрүүл мэндэд ихээхэн тустай. Хүний дотоод эрхтэн цөсийг цэвэршүүлдэг, мөн шүд өвдөхөд завсарт нь хийж зуувал түргэн хугацаанд өвчинг зогсоодог, элдэв яр шархыг хатааж эдгээдэг. Бас настай хүмүүсийн даралт ихсэхэд хөөрлөг дардаг. Жамц давсыг долооход хоолны шингэц сайжрахын зэрэгцээ хоолойны мах багасдаг. Гэдэс дотрын өвчтэй хүн байгалийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн энэ давсыг усанд уусгаж хэрэглэвэл эм тангаас ч дээр тус өгнө гэнэ. Монголчууд энэ давсыг эмчилгээний зорилгоор ашиглаад зогсохгүй хоолондоо ч байнга хэрэглэсээр ирсэн.
Жамц давс байгаль дээр голчлон овортой, том хэмжээтэй оршдог учир хагалж ашиглана. Байгалиас ургадаг, ямар ч химийн бодисгүй, олон зууны туршид үүссэн маш цэвэр найрлагатай энэ давс цагаан, улбар гэх мэт тунгалаг өнгөтэй байдаг.
Дашрамд сонирхуулахад, сүүлийн жилүүдэд жамц давсыг гадныхан их сонирхож байгаа аж. Чанарыг эрхэмлэдэг япончууд хүртэл хэрэглэж үзээд магтан, зорьж ирэн авдаг болсон гэнэ.
 
   Тархины түлш буюу гүүний саам
Эрүүл байх эсэхэд хоол хүнс 90 хувийн нөлөөтэй гэдэг. Бидний хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд хадгалах, хамгаалах, найруулах мэтийн олон зорилгоор химийн хольцоор арвиждаг тул биед хор хүргэх нь олонтаа.  Гэтэл бидний эрүүл мэндийн төлөө үйлчилдэг хүнс ч цөөнгүй. Тэдний нэг нь монгол гүүний сүү буюу саам юм. Монголчууд зун намрын улиралд гүүгээ сааж, саамыг нь эмчилгээний болон сувиллын зориулалтаар хэрэглэсээр ирсэн. Улирлын чанартай энэ хэрэглээг орчин үед байнгынх болгож, гүүний хуурай саам бэлтгэн гаргадаг боллоо.
Гүүний саамын амтанд орсон гадныхан "шидэт сүү" гэдэг гэнэ. Шидэт гэдэг үг албан ёсны нэр томъёо биш ч эмчилгээний ач холбогдол, үр дүнг нь үнэлж ийн нэрлэсэн хэрэг л дээ. Гүүний хуурай саам гадаадын үзэсгэлэн худалдаануудаас олон шагнал, медаль хүртэж, чанараараа хүлээн зөвшөөрөгджээ. Уншигч танд эл шидэт сүүний зарим онцлогийг шинжлэх ухааны тайлбараар нь хүргэе.
Тослог: -1.3 хувь Гүүний саам нь бусад малын сүүнээс хамгийн бага тослогтой боловч үнээний сүүтэй харьцуулахад хүний биед зайлшгүй шаардлагатай тосны хүчлийн хэмжээгээр хоёр дахин их, тосны бөмбөлгийн хэмжээ гурав дахин бага агуулдаг аж. Тиймээс гүүний саам шингэц сайтай. Саамын тосны хүчил нь хүний арьсны тостой адил учраас гоо сайхны сайн чанарын бүтээгдэхүүн болдгоос гадна бактери, вирусын эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
Нуурс-ус: -6.3 хувь -Саамын найрлагын ихэнх хэсэг нь сүүний чихэр гэнэ. Энэ нь кальци, магни, фосфорын нэгдлийг задалж, ходоод гэдэснээс хор шимэгдүүлэхэд эерэг нөлөөтэй. Ингэснээр ясан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлдэг учир хүүхдийн өсөлт бойжилт болон яс сийрэгжих, хэврэгших өвчний үед чухал ач холбогдолтой. Сүүний чихрийн өөр нэг сайн тал нь элэг өөхлөхөөс сэргийлж, өөх задлахад тустай чанар юм. Ер нь саамын найрлагад өндөр шимтэй, бага молекултай уурагт бодисууд их агуулагддаг тул элэгний эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мөн сүүний чихэр тархины үйл ажиллагаанд нэн сайн учир мэргэжилтнүүд "тархины түлш" гэдэг байна.
Уураг: -шинэ сааманд 2.1, хуурай сааманд 2.0 хувь агуулагдана. Сааманд шингэц сайтай уураг болох пептид, полипептид, ялангуяа чөлөөт амин хүчлийн хэмжээ маш өндөр төдийгүй нийт амин хүчлийн тал нь үл орлуулах амин хүчлүүд байдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн харшлын чанартай уураг үнээний сүүнээс хоёр дахин бага тул биед ямар нэг харшил өгөхгүй. Дархлал сэргээх, зохицуулах үйлчилгээтэй уураг гүүний сааманд үнээний сүүнийхээс дөрвөн төрлөөр ил үү гэнэ.
Амин дэм: Гүүний сааманд А, В1, В2, В6, В12, С, Д, Е амин дэмүүд агуулагддаг. Бие махбодид хамгийн хэрэгцээтэй С витамин гэхэд л үнээний сүүнийхээс 14 дахин их бий.
Эрдэс: -3.5 хувь Натри, кали, фосфор, магни, төмөр, зэрэг амин дэм сааманд агуулагддаг.
 
   Өргөстхалгайн анагаах чадал
Халгай гэж өргөст ногоон зөөлөн модлог ургамал Монголд ургадаг. Маш нарийн өргөс нь түлэх мэт хатгаж, хатгуулсан газар нь хорсон загатнадаг. Үүнийг халгайд түлүүлэх гэж ярина. Халтай хатуу ч гэлээ халгай олон талын ач холбогдолтой ургамал. Намрын сүүлчээр халгайг хураан авч дараад хавар нь турж эцсэн малд өгөхөд дорхноо л тэнхрээд ирнэ. Халгайд байх амин дэмийн эдгээх чадвар хүнд ч туйлын тохиромжтойг монголчууд андахгүй.
Халгай бол Монголын хаана ч элбэг ургадаг ургамал. Хамгийн гол нь түүнийг зуны сүүлч, намрын эхээр хураан авч даршлан сайтар хадгалах нь чухал юм. Хаврын халгай ядаргаа арилгах ид шидтэй. Халгайн хандыг бүх төрлийн ужиг хууч, биеийн эсэргүүцэл суларсан үед өргөн хэрэглэдэг. Зүрхний ажиллагаа, цусны эргэлт сайжруулж, тамир тэнхээ нөхөхөд хаврын шинэ халгай үр дүнтэй болох нь батлагджээ. Аяга халуун усанд амны том халбагаар халгайн ханд хийж хутгаад сэрүүн газар тавьж хонуулна. Маргааш нь харанхуй газар хадгалж, найм хонуулаад сайтар зайлсны эцэст шүүж авна. Тэр уусмалаа өглөө өлөн элгэн дээрээ, унтахын өмнө тус тус цайны халбагаар ууна. Хагас литр ийм ундааг гурван долоо хоног хэрэглэхэд хүний бие илт цовоо, эрүүл болдог. Түүнчлэн ханиад хатгалгаанаас сэргийлэх, хүч тамираа сэлбэх үүднээс хүмүүс халгайг түүж янз бүрээр хатаадаг. 100 гр халгайн нунтгийг аяга усанд бүрж хандлаад өдөрт 2-3 удаа уух нь биеийн ядаргааг тайлж элдэв өвчнөөс сэргийлнэ.
Өргөст халгайгаар дээрхчлэн өвчин анагаах нь монгол түмний хатуугаар зөөлнийг үүтгэхийн их ухаанаас үүдэлтэй биз ээ. Ухаант өвгөдийн эмнэхүйн ухаан өдгөө гадаадынхан, тэр дундаа Азийнхны андахгүй жор болжээ. Бас үндэсний үйлдвэрлэгчид маань байгалийн цэвэр халгайгаар үсний шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж эхэлсэн нь дэлхийнхэнд халгайн шидийг таниулах гарц болж байна.
М.Цахир

Эх сурвалж:
http://news.gogo.mn/news/print/6713

No comments:

Post a Comment