Thursday, December 15, 2011

Эрүүл хооллолтын зөвлөмжүүд

1. Олон төрлийн бүхэл (whole), байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх
  • Бүтээгдэхүүнүүдийг аль болох байгальд оршдог хэлбэрээр нь хэрэглэх: түүхий, боловсруулаагүй, цэвэршүүлээгүй, бүхэл хэлбэрээр
  • Хоолыг болгохдоо тэжээлийн бодисуудыг аль болох хадгалахын тулд ууранд жигнэх, зууханд жигнэх аргуудыг хэрэглэх (буцалгах, печинд хийх, гүн шарахаас зайлсхийх)
  • Өдөр бүр өөр өөр төрлийн хоол идэж байх (4 өдрийн циклтэйгээр): энэ нь олон төрлийн тэжээлийн бодисуудаар хангахаас гадна харшил үүсгэх эрсдлээс сэргийлнэ. 
  • Аль болох органикаар ургасан бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх: эдгээр нь илүү их эрдэс, тэжээлийн бодисуудаар хангах бөгөөд органик бус нөхцөлд (пестицид агуулсан байдаг ба энэ нь хавдар болон бусад өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг) ургасан бүтээгдэхүүнүүдээс илүү амттай байдаг.
2. Хүнсний ногоо болон бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнийг хоол бүрийнхээ гол найрлага болгох
  • Мах, сүүн бүтээгдэхүүнийг хоолны дэглэмдээ голчлохгүйгээр аль болон шинэ ногоо, бүхэл үр тариаг голлох
  • Хүнсний ногоо нь эрдэс, аминдэмээр хангаад зогсохгүй антиоксидант хэмээх хавдар, дегенератив өвчнүүдээс сэргийлдэг бодисуудыг агуулдаг. 
  • Бүхэл үр тарианд гурвалжин будаа, бор будаа, шар будаа, овьёос, арвай зэрэг ордог бөгөөд эдгээр нь хоол боловсруулалт, өтгөн гадагшлалтыг сайжруулдаг. Эдгээр нь эслэгээр баялаг учраас хурдан цатгаж, өтгөн хаталтаас сэргийлнэ. 
  • Үр, шош, буурцаг, загас, жимс, самар, далайн ургамлууд нь тэнцвэртэй, бүхэл хүнс бөгөөд нүүрс-ус, өөх тос, уураг, аминдэм, эрдсээр баялаг байдаг. 
  • Урьдчилан бэлтгэж, савласан, хайрцагласан, лаазалсан бүтээгдэхүүнүүд, цэвэршүүлсэн элсэн чихэр, жимсний шүүс, цагаан гурил, мах, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах. Эдгээр нь салс ихээр үүсгэдэг ба ихэнхдээ харшил төрүүлэх шинж чанартай байдаг. 
  • Элсэн чихэр орлуулагч, гидрогенжүүлсэн тос (маргарин), хийжүүлсэн ундаа болон бусад хиймэл бүтээгдэхүүнүүдийг хэрэглээнээсээ бүрмөсөн хасах.
  • Өдөрт хамгийн багадаа 10 хүнсний ногоо, хамгийн ихдээ 2-4 жимс өдөрт идэж байх.
 3. Өдөрт 8 аяга ус ууж байх
  • Өдөрт хангалттай хэмжээний ус ууж байх: ихэнх хүмүүст өдөрт 6-8 аяга ус буюу ойролцоогоор 2 л ус, халуун үед болон дасгал хөдөлгөөний үед түүнээс их хэмжээгээр уух
  • Хэдий түүхий жимс, ногоо их иднэ, төдий чинээ усны хэрэглээ багасна (хүнсний ногоо, жимс нь усны агууламж ихтэй байдаг)
  • Ам цангасан үедээ өрөөний температурт байгаа цэвэр усыг уух, харин хийжүүлсэн ундаа, спирттэй бүтээгдэхүүнүүд, кофе, жимсний шүүс, сүү зэргийг ууж болохгүй. 
  • Ус болон бусад уух зүйлсийг хоолтойгоо хамт хэрэглэхгүй байх. Эдгээр нь хоол боловсруулалтыг удаашруулдаг тул хоолноос өмнө 30 минутын турш, хоолны дараа 2 цагийн турш шингэн уухгүй байх хэрэгтэй.
  • Боломжтой бол цэвэршүүлсэн болон урвуу осмосд (reverse osmosis) орж, хүнд металл, хөдөө аж ахуйн химийн бодисуудаас цэвэршсэн усыг хэрэглэж байх. Гоожуурын ус нь эрүүл мэндэд нөлөөлөхүйц хэмжээний хлорид, флоридыг агуулдаг. 
4. Өдөр бүр тогтсон цагт хооллож байх
  • Өдөр бүр тогтсон цагт хоолоо тайван сууж идэж байх. Ингэж сууснаар юу идэж байгаагаа ухамсарлах, хэр их идэхээ тохируулах боломжтой болно. Хоол боловсруулах тогтолцоог суларч, хоол боловсруулж, тэжээлийн бодисуудыг шимэгдүүлэх боломжийг олгоно. 
  • Тогтмол цагт идснээр сайн унтаж, сайн сэтгэж, өөрийгөө сайн, сайхнаар мэдрэхэд тусална. 
  • Хоол алгассанаар хэт их өлсөж, үүний үр дүнд хэт их идэхэд хүргэдэг.
  • Хоол хүнсийг 20-30 удаа шингэн хэлбэрт ортол зажилж, залгина. 
  • Өдөрт 4-5 удаа бага багаар хооллох нь тохиромжтой. Ингэснээр цусны чихрээ тогтворжуулж, өдрийн турш энергийн хэмжээгээ хадгалахад тусална. 
5. Орондоо хоосон ходоодтой орох
  • Унтахаах өмнөх 3 цагт хоол идэхгүй байх. Орой хоол идснээр жин нэмж, нойр муудаж, хар дарж зүүдлэх болно. 
  • Бие махбод унтаж байх үед өөрийгөө цэвэрлэх, засах ажлаа хийдэг ба энэ нь хоосон ходоодтой үед илүү сайн явагддаг. 
  • Өдөрт 12 цагийн турш л хоолоо идэх. Хамгийн сүүлийн хоолоо 20 цагт идсэн бол маргааш өглөөний 8 цаг хүртэл юм идэхгүй байх. 
  • Хоосон ходоодтой унтах нь илүү гүн нойрсож, богино хугацаагаар унтах боломжийг бүрдүүлдэг. 
  • Хоол идсний дараа тухайн хоолоо боловсорч дуустал буюу 2-4 цагийн турш юм идэхгүй байх хэрэгтэй.
6. Байнга идэхийг хүсдэг хоолоо хязгаарлах
  • Ойр ойр идэх, уухыг хүсдэг, таны сэтгэл санааг өргөдөг хүнсний бүтээгдэхүүнүүд нь таныг донтуулсан байдаг. Жишээ нь каффейн агуулсан, цагаан гурил буюу буудайн гурил, элсэн чихэр зэрэг нь хүнийг донтуулдаг. 
  • Хэрвээ дээрх хүнсийг байнга идсээр байвал энэ бүтээгдэхүүндээ харшилж, дархлаа тогтолцоо сулрах болно. 
7. Бие махбодынхоо хэрэгцээг сонсож, түүнийхээ дагуу хоолоо идэх
  • Бие махбодынхоо хэрэгцээг сонсож сурч, ямар хүнс, ямар хэмжээгээр хэрэгтэй байгаагаа мэдэж авах
  • Хүнсний бүтээгдэхүүн бол ямар ч эм, хүнсний нэмэлт, ургамлаас илүү эмчилгээний удаан хугацааны үйлдэлтэй
  • Бүх хүний хэрэгцээ шаардлага өөр байдаг. Учир нь биеийн хэлбэр, нас, хүйс, архаг хууч, угсаа, яс үндэс, байгалийн цаг уур, улирлын чанартай өөрчлөлтүүдээс хамаараад өөр өөр хэрэгцээтэй байдаг. 
  • Олон төрлийн тэжээлийн бодисын философийг судалж, бүгдийг туршиж үзэн, аль дэглэм нь таньд хамгийн сайн тохирохыг мэдэж авах.
8. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх
  • Өдөрт наад зах нь 30 минут алхаж байх хэрэгтэй. Алхах нь хүн бүрт хамгийн тохиромжтой дасгалын хэлбэр болдог. Энэ нь уян хатан байдал, хоол боловсруулалт, энерги, зүрх судасны тогтолцоог сайжруулж, оюун ухааныг цэвэрлэдэг. 
  • Тохирсон биеийн жиндээ хүрэхийн тулд тогтмол дасгал хийж байх хэрэгтэй. 
  • Дасгал хийхээс өмнө хоолны дараа 30 минут амарсан байх хэрэгтэй ба энэ нь хоол боловсорч, шингэх нөхцлийг бүрдүүлдэг. 
  • Өдөр бүр гүнзгий амьсгал авч байх. Ихэнх хүмүүс уушигныхаа зөвхөн дээд талын хэсгийг амьсгалахад зарцуулдаг.
9. Эрүүл амьдралын хэв маяг нь зөвхөн хооллолтоос шалтгаалахгүй гэдгийг ойлгож авах
  • Зохистой хооллохын хажуугаар хангалттай хэмжээгээр амарч, утга учиртай ажиллаж, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл харилцаа зэргийг анхаарч байх хэрэгтэй. 
  • Хоол хүнснийхээ дутуу, эрүүл бус байдлыг ямар нэг эм, ургамал, хүнсний нэмэлтээр орлуулна гэж хэзээ ч байхгүй. 
  • Түүнчлэн йог, бясалгал, массаж эмчилгээ болон үйл ажиллагаанд оролцож, үргэлж өөдрөг байх хэрэгтэй.
10. Өөрийн хүсэл, мөрөөдөл, зорилгоо тодорхойлж, түүнийхээ төлөө амьдрах
  • Ихэнх хүмүүс зөвхөн эрүүл байхын тулд эрүүл амьдралын хэв маягийг сонгодоггүй. Өөрсдийгөө зоригжуулах, урамшуулах хүсэл мөрөөдөлтэй болох. 
  • Ямар нэгэн өвчнөөс эдгэрч байгаа бол эдгэрснийхээ дараа юунд илүүдсэн энергиэ зарцуулахаа мэдэх болно. 

Хэрвээ та зохистой хооллодог бол таньд эмч хэрэггүй
Харин та зохисгүй хооллодог бол ямар ч эмч таньд туслаж чадахгүй
                                                             Гиппократ


Эх сурвалж: AIAS сургуулийн Nutrition-1 хичээлийн гарын авлагаас

No comments:

Post a Comment