Дээрх асуултанд хариулахын тулд таны бие махбодод уснаас өөр ямар нэгэн зүйл уухгүй, юм идэхгүй үед ямар үйл явц явагддаг тухай авч үзэх хэрэгтэй.
Хамгийн сүүлийн хоолны хоол, ундаанаас авсан чихрийг хэрэглэж дууссаны дараа илчлэгийн өөр эх сурвалжийг хайж эхэлдэг. Эхний ээлжинд элэг болон булчинд хуримтлагдсан гликогенийг глюкоз болгон хувиргах ба энэхүү чихрээр бие махбод үйл ажиллагаагаа явуулах болно. Зөвхөн ус ууж мацаг барих үед гликогений агууламж 24 цагийн дотор дуусах ба үүний дараа дотор эрхтнүүдийг хүрээлэн оршиж буй өөхний эдийн өөхний хүчлүүдийг задалж эхэлдэг. Улаан эс болон мэдрэлийн эсүүд өөхний хүчлийг энерги болгон ашиглаж чаддаггүй тул тэднийг глюкозоор хангахын тулд 2 эх үүсвэрийг ашигладаг:
1. Өөхөн эдийн найрлагад ордог глицеролоос
2. Булчингийн эдийн задралын дүнд үүссэн амин хүчлээс глюкозыг нийлэгжүүлэх замаар мэдрэл болон улаан эсийн хэрэглэх тэжээлийг гаргаж авдаг.
Мэдээж хэн ч булчингийн эдээ задлан энерги гаргахыг хүсэхгүй. Бие махбод үүнийг мэддэг учраас усаар мацаг барих 2 болон 3 дахь өдрөөс элэг өөхний хүчлийн задарлаас кетонуудыг үйлдвэрлэж эхэлдэг. Кетоныг тархи энергийн эх үүсвэр болгон ашигладаг тул одоо улаан эсийг л глюкозоор хангах асуудал үлдэнэ.
Энэ тохиолдолд булчингаа задлан үүссэн амин хүчлээс глюкозыг нийлэгжүүлэн улаан эсийг энергиэр хангана. Ерөнхийдөө бие махбодын энергийн хэрэгцээний ихэнхийг өөх-тосоор хангаж байгаа гэсэн үг юм.
Бие махбодын ихэнх хорт бодисууд өөхний эдэд хуримтлагдсан байдаг учраас зөвхөн ус ууж байгаа үед их хэмжээний өөх шатаж, тэр хирээр хорт бодисууд тогтолцоонд ялгарах болно. Өөрөөр хэлбэл эхний 12-24 цагт хоргүйжүүлэх үйл явц явагддаггүй. Өөхний эдийг хурдтайгаар шатаах явцад их хэмжээний хор ялгардаг. Гэхдээ энэ нь элэг, булчинд хуримтлагдсан гликогенийг хэрэглэж дуустал тохиолддоггүй.
Долоо хоног болгон нэг өдөр мацаг барьж байвал элэг, булчинд хуримтлагдсан гликогенийг хэрэглэж дуусах болно. Харин хоргүйжих процесс 24 цагаас хойш л явагддаг. Гэхдээ энэ нь долоо хоногт нэг өдөр мацаг барих нь хэрэггүй гэсэн үг биш юм.
Мацгийн үед амьсгалаа гаргах бүрт хорыг гадагшлуулах болно. Бие махбод хоол боловсруулахад зарцуулах энергиэ хоолоо багасгах замаар багасгах, илүү их амрах үед хоргүйжүүлэх үйл явцыг эрчимжүүлдэг.
Гэхдээ долоо хоног бүр нэг өдөр ус ууж мацаг барихаас илүүтэйгээр долоо хоногт юм уу, сард нэг удаа ногоо, жимсний шүүсээр мацаг барих нь тохиромжтой.
Шүүсээр мацаг барих үед бие махбодыг шаардлагатай шим тэжээлийн бодисоор хангаад зогсохгүй элэг болон булчингийн гликогенийг ашиглаж дуусгах шаардлагагүй болно. Үүний хажуугаар шахаж гаргасан шинэхэн шүүс нь хялбар шимэгддэг тул хоол боловсруулахад зарцуулах энергийг багасгаж, хоргүйжүүлэх үйл явцад бага ч болов нэмэр болдог.
Гэхдээ нэг зүйлийг тодорхой болгоход нэг өдөр шүүсээр мацаг барих нь хоргүйжүүлэх үйл явцад бараг нөлөөлөхгүй ба хоол боловсруулах эрхтнүүдэд амралт өгч, элэг, бөөр, арьс, уушиг гэх мэт хоргүйжүүлэхэд оролцдог эрхтнүүдийг бага ч болов биед хэрэгтэй үйл бүтээх боломжийг олгодог.
Дүгнэж хэлэхэд зөвхөн нэг өдөр ус ууж мацаг барих нь урт хугацаанд эрүүл мэндэд тийм ч сайн биш юм. Хэрвээ та бие махбодоо үе үе бага ч гэсэн амрааж, хоргүйжүүлэхийг хүсвэл өдрийн турш шинэхэн, болгоогүй жимс, хүнсний ногоог идэж, зөвхөн ногооны шахсан шүүсийг ууж байх хэрэгтэй. Хэрвээ энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл дараах хаягаар орж уншина уу:
http://drbenkim.com/full-body-cleanse.htm
Энэ талаар http://natmedmn.blogspot.com/2011/11/blog-post.html бичлэгт товч дурьдсан болно.
Эх сурвалж:
http://drbenkim.com/fasting-fast-one-day-week.htm
No comments:
Post a Comment