Monday, December 19, 2011

Амны шарх

Canker sore; Aphthous stomatitis; Recurrent aphthous ulcers/Афтозный стоматит

Шинж тэмдэг

·         Нэг буюу хэд хэдээр багцлагдсан, дугуй буюу зууван хэлбэртэй, өнгөц, өвдөлттэй шарх амны хөндийн аль ч хэсэгт гарсан байж болно.  
·         Шарх нь 1-15 мм диаметртэй, зах ирмэг нь тод бус, улайсан суурин дээр үүссэн, ихэнхдээ цагаан давхаргаар хучигдсан байдаг.
·         Өвчин эхлэхдээ амны салстад хэсэг газарт өвдөж, чимчигнэж байснаа 24-48 цагийн дараагаа шарх гарч эхэлдэг. Өвдөлт 3-4 хоног үргэлжлэх ба зузаан цагаан өнгөрөөр хучигдан, эрт үеийн эпителизаци (хучуур эдийн эрт үеийн нөхөн төлжилт) үүсдэг.
·         Эрт үедээ халуун ногоотой, хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглэх юм уу, эдгээр бүтээгдэхүүнүүдийг шарханд хүргэхэд хорсож өвддөг.
·         Тууралтууд нь 7-21 өдөрт эдгэдэг боловч ихэнх хүмүүст дахидаг.
·         Хүндэрсэн тохиолдолд хүзүүний тунгалагийн булчирхай цочирч, халуурч, бие ядарч сульддаг. 

Ерөнхий ойлголт

Дахисан амны шарх нь нилээд түгээмэл тохиолддог асуудал бөгөөд нийт хүн амын 20%-д тохиолдсон байдаг. Дахисан амны шархны шалтгаан нь бүрэн тодорхойгүй ч хүнсний бүтээгдэхүүнд хэт мэдрэгжих, стресст орох, тэжээлийн бодисын дутагдалд орохтой холбоотойгоор үүсдэг.
Амны шарх гэдэг нь ихэнхдээ уруул, хацрын дотор талд, цөөн тохиолдолд хэл, тагнайд жижиг шархнууд гарахыг хэлдэг. Хэдийгээр шарх нь маш их өвтгөдөг, хоол идэх, ярихад хүндрэлтэй болгодог ч ямар нэгэн сорвигүйгээр өөрсдөө эдгэдэг тийм ч аюултай өвчин биш юм. Амны шарх нь жилд дунджаар 2-3 удаа дахьдаг. 

Амны шархны төрлүүд
  • Дахьсан амны шарх (бага) (Recurrent aphthous ulcer minor): Энэ нь 1 см-ээс жижиг хэмжээний салангид, гүехэн шарх юм. Шархнууд нь шаргал-саарал бүрхүүлээр (фибринт экссудат) хучигдсан, улаан хүрээтэй байдаг.
  • Дахьсан амны шарх (их-том) (Recurrent aphthous ulcer major): Энэ нь 1 см-ээс том диаметртэй зуйван хэлбэртэй, жижиг шархнаас илүү гүнзгий шарх. Шархнууд нь нийлэн томорч,  зөв бус ирмэгтэй болсон байдаг.
Амны шарх нь өсвөр насныхан, залуу насныханд ихэвчлэн тохиолддог ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү их өвчилдөг.
Шалтгаан тодорхойгүй боловч олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.
Бусад хүчин зүйлс
Амны шарх ихэнхдээ их стресстэй үед гардаг. Эмэгтэйчүүдын сарын тэмдгийн үед мөн сэдэрдэг тул түүнийг дааврын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж үздэг. Зарим хүнд халуун ногоотой хоол идэхэд шарх гарч ирдэг. Харшил, хиймэл шүд холгох, уруул, хацраа хазах, шүдээ хэтэрхий их үрж угаах гэх мэт зүйлс нөлөөлдөг. 

Шалтгааны хүчин зүйлс

Генетик
Дахьсан амны шархтай зарим өвчтөн удамшлын асуумжтай байдаг. Удамшилын урьдал байдалтай хүмүүст шарх нь залуу насанд эхэлж, илүү хүнд шинж тэмдэгтэй байдаг.

Аминдэм, эрдсийн дутагдал
Хэд хэдэн судалгааны үр дүнд гематин (төмөр, фолийн хүчил, В6, В12 аминдэмүүд)-ий дутагдал нь амны шархтай өвчтнүүдэд хяналтын бүлгээс хоёр дахин их илэрдэг нь нэгэнт тодорхой болжээ. Дахьсан амны шархтай өвчнүүдийн 20%-д аминдэм, эрдсийн дутагдал илэрсэн байдаг. Хүмүүс фолийн хүчил, В12 аминдэмийг бага хэрэглэдэг бол ам шархлах нь олонтаа тохиолддог.
Дахисан амны шархтай 330 өвчтөнд хийгдсэн судалгаагаар 47 (14.2%) нь төмөр, фолийн хүчил эсвэл В12 аминдэм, эсвэл дээрх бодисуудын бүгдэнгийнх нь дутагдалтай байжээ. Эдгээр өвчтний хоол тэжээлийн дутагдлыг засах үед ихэнх нь эдгэрч байсан байна. Бусад судалгаануудад ч гэсэн эдгээр тэжээлийн бодисын дутагдлууд илэрч байсан бөгөөд нэмэлтийг хэрэглэх үед мөн л сайжирч байжээ. Цайрын нэмэлт нь цайрын сийвэнгийн түвшин багатай хүмүүст үр дүнтэй болдог байна. 

Дархлааны үйл ажиллагааны алдагдал
Одоогийн байдлаар дархлааны механизмыг бүрэн тайлбарласан онол байхгүй ч дархлааны үйл ажиллагааны алдагдал гол үүрэг гүйцэтгэдэг. Амны хөндийн хучуур эдийн лимфоцит, моноцитийн эс хордуулах үйлдэл нь шархыг үүсгэдэг мэт боловч юу өдөөдөг нь тодорхойгүй байна. Гистологийн шинжилгээгээр холимог үрэвслийн эсүүдийн нэвчдэс илэрсэн байдаг. Шархлахын өмнөх болон эдгэрэлтийн үед Т-хэлпер эс давамгайлдаг бол шархлалтын үед Т-суппрессрор эсүүд давамгайлдаг. 

Микробын халдвар
Судлаачид микробын халдвар амны шарх үүсэхэд нөлөөлдөг талаар нэгдсэн ойлголтонд хүрээгүй байгаа. Микробын хүчин зүйлс нь анхдагч эмгэг төрүүлэгч болдог, эсвэл антиген сэдээгч болдог эсэх нь тодорхойлогдоогүй. Хэд хэдэн судалгаагаар энгийн герпес вирусын халдвар, Varicella zoster вирус, цитомегаловирус зэргийн амны шарханд нөлөөлдөг үүргийг судалж, баталж чадаагүй. 

Хүнсний болон орчны харшил төрүүлэгчид
Амны хөндий нь ямар нэгэн зүйлийг залгихад, амьсгалахад хүрэлцдэг анхны хэсэг юм. Дахисан амны шархлааны үед харшлын урвал оролцож байгаа нь тодорхой байдаг. Харшлын үед эсрэгтөрөгч нийлэгжүүлэгч лимфоцитууд нь дахисан амны шархны далд үед үлэмж ихэсдэг бөгөөд шигүү мөхлөгт эс эдэд ихэсдэг байна.
Амны шархны үүсэлд шигүү мөхлөгт эсийн ялгаруулдаг гистамин болон бусад үрэвслийн медиаторууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Харшил төрүүлэгчид багатай хоол унд хэрэглэвэл эмчилгээний үр дүн сайн байдаг. 

Стресс
Стресс нь дахисан амны шархлааны урьдал хүчин зүйл болдог бөгөөд энэ нь эзэн организмын дархлааг сулруулах нөлөө үзүүлдэг. Стресс нь харшил үүсэх эрсдлийг ихээр нэмэгдүүлдэг. 

Глютенд мэдрэгжилт
Дахисан амны шархны тохиолдол нь глютенд мэдрэгжсэн энтеропати өвчтэй хүмүүст их тохиолддог байна. Дахисан амны шархтай 33 өвчтний гэдэсний биопсигоор 8 нь  глютений өвчнийхтэй адил шинжтэй, мөн хүнсний харшлын үед илэрдэг шинжүүдтэй байжээ. Бусад өвчтнүүдэд дээрхтэй адил боловч хөнгөн зэргийн өөрчлөлтүүд илэрч байжээ.
Глютенд мэдрэгжилт нь мөн тэжээлийн бодисын дутагдалд хүргэдэг. Хоолноосоо глютенийг хасвал ийм өвчтэй хүмүүст бүрэн сайжралыг авчирдаг бөгөөд бусад өвчтнүүдэд ч мөн сайн нөлөө үзүүлдэг байна. 

Оношлогоо

Илэрсэн шинж тэмдэг, үзлэгийн өөрчлөлтөнд үндэслэн оношийг тавина. Шинж тэмдэг 2 долоо хоногийн дотор эдгэх ёстой. Хэрэв түүнээс удаан хугацаанд үргэлжилвэл эмчид үзүүлэх хэрэгтэй. Шарх нь өвдөлтгүй байвал амны хөндийн хавдрын шинж байх магадлалтай тул эмчид хандах хэрэгтэй. Эмч, шүдний эмч шархыг харж оношлодог. Зарим тохиолдолд амны хөндийн герпесийн халдвар, хорхойтсон шүдний шалтгаант халдвар зэргээс ялган оношлох шаардлага гарна. 

Өрнийн анагаах ухааны эмчилгээ

Эмчилгээ нь өвдөлт намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, цаашдын сэдрэлээс сэргийлэх зорилготой байдаг. 

Хэсэг газрын эмчилгээ
  • Үрэвслийн эсрэг (кортикостеройд), дархлаа зохицуулах (ретинойдууд, циклоспорин) эмүүдийг эхний үед хэрэглэнэ. Эдгээр нь тосон түрхлэг, тос, цацлага, шавшлага гэх мэт хэлбэрүүдээр хэрэглэгддэг.
  • Үүний хамтаар ам зайлах шингэнийг хэрэглэх нь бактерийн халдварыг бууруулж, үрэвслийг намдааж, эдгэрэлтийг хурдасгана. Үүнд хлоргексидин глюконат, шингэлсэн устөрөгчийн хэт исэл, хэсэг газрын лидокайн (2%) зэрэг бодисууд орно. Хоолны өмнө лидокайныг хэрэглэхэд амтлах мэдрэмжийг байхгүй болгодог боловч хоол идэх үеийн зовиурыг багасгана. Их (major) буюу байнга гарч байгаа шархыг тетрациклинтэй амны угаалгын шингэнээр зайлж эмчилдэг. Хэрвээ шарх гарах гэж байгаа нь чимчигнэх байдлаар мэдрэгдвэл энэхүү шингэнээр зайлснаар түүнийг гарахаас сэргийлж чадна.
Системийн эмчилгээ: Колхицин, преднизолон, азатиоприн, монтелукаст натри зэргийг хэрэглэдэг.
Сүүлийн үед лазер ашиглан, шархыг эдгээж байна. Висмут субсалицилат нь салстыг хамгаалж, хучуур эдийн нөхөн төлжилтийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг. 

Байгалийн анагаах ухааны эмчилгээ

Ямар ч хүнд ганц хүчин зүйл амны дахисан шархлааг үүсгэдэггүй. Амны шархны эмчилгээний зарчим нь бусад харшлын өвчтнүүдтэй адил байдаг. Хамгийн түрүүнд харшил төрүүлэгчийг ялангуяа глютен тодорхойлох юм. Дээр нь тэжээлийн бодисын дутагдлыг тодорхойлж, түүнийг засч, үрэвслийн эсрэг бодисуудыг хэрэглэх хэрэгтэй. 

Хоолны дэглэм
Амьтны гаралтай бүтээгдэхүүн багатай, нийлмэл нүүрс-усаар баялаг, харшил төрүүлэгч, глютен агуулаагүй байх хэрэгтэй. Өдөр бүр 1-2 аяга амтлаагүй, элгэн тараг уух нь гэдэсний ашигтай бактерийг үржүүлж, амны шарх үүсгэгч бактертэй тэмцэх боломжийг олгодог. Кофе, халуун ногоо, бусад ногоонууд, цитрус жимс, амин хүчил аргининээр баялаг хушга, шоколад, гүзээлзгэнэ зэрэг нь шархыг цочроодог.

Аминдэм ба эрдэс

В комплекс аминдэмүүд
Зарим судалгаагаар тиамин, фолийн хүчил, В12-ын дутагдалтай хүмүүс амны шарх үүсэх магадлал ихтэй байдаг. В аминдэмүүд нь бодисын солилцооны олон үйл ажиллагаанд оролцдог тул шарх үүсэхэд нөлөөлдөг байх магадлалтай. В аминдэмийн нэмэлтийг 50 мкг биотин, 50 мкг В12, 400 мкг фолийн хүчил, бусад В аминдэмүүдийн тухайд бол 50 мг-ийг агуулсан бэлдмэлийг хэрэглээрэй.  

С аминдэм
Хөгжингүй орнуудад хэдийгээр тохиолдох нь ховор ч гэсэн С аминдэмийн бага хэмжээний дутагдал ч амны шархыг үүсгэдэг. С аминдэм нь түүнчлэн бусад шалтгааны улмаас үүссэн шархны эдгэрэлтийг ч хурдасгадаг. Өдөрт 250 мг-аас эхэлж, 500 хүргэнэ. Үр дүнг нь нэмэгдүүлэхийн тулд 500 мг флавоноидыг нэмэн хэрэглэж болно. 

Цайр
Цайр нь шархны эдгэрэлтийг хурдасгаж, бага тунгаараа хэрэглэхэд дархлааг сайжруулна. 10-15 мг цайрын хүлхмэлийг 2-3 цаг болгонд 3-4 өдөр хүлхэнэ. Өдөрт 100 мг-аар 2 долоо хоногоос удаан хугацаанд хэрэглэхэд дархлаа сулруулах үйлчлэлтэй. 200 мг тунгаар уухад суулгах, дотор муухайрах зэрэг хоол боловсруулах замын шинж тэмдгүүдийг үүсгэдэг. 

Флавоноид
Хэд хэдэн флавоноидууд шигүү мөхлөгт эсийн дегрануляци, базофил эсийн гистамин ялгаруулалт болон бусад үрэвслийн медиаторуудын ялгарлыг бууруулдаг. Харшилын эсрэг натрийн кромогликат нь бүтэц, үйл ажиллагаагаараа флавоноидуудтай маш төстэй. Энэ нь дахисан амны шархны үед үр дүнтэй эмчилгээ болдог бөгөөд шархгүй өдрийн тоог нэмэгдүүлж, шинж тэмдгийг намдаах үйлдэл үзүүлдэг. Куерсетин, ацацетин, апагенин, хлоретин зэрэг нь натрийн кромогликаттай адил харшлын эсрэг үйлдэл үзүүлдэг. 

Ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд

Эмийн алтантовч (Matricaria chamomilla, M.recutita, Chamomila recutita/German chamomile/Ромашка аптечная)
Энэ нь үрэвслийн эсрэг олон төрлийн бодисуудыг агуулдаг тул амны шархны эдгэрэлтийг хурдасгах нөлөө үзүүлдэг. 2-3 цайны халбага дүүрэн хатаасан ургамлыг 1 аяга усанд хийж, хандлаад хоолны өмнө зайлна. Уусмалыг амандаа 2-3 минут байлгаж, хэдэн секунд тутамд зайлна. Тинктур 1 цайны халбага, эсвэл экстракт 8-10 дуслыг нэг аяга усанд хийж уусмалыг бэлтгэж болно. 

Голденсийл (Goldenseal/Hydrastis canadensis/Гидрастис канаденсис)
Берберин болон гидрастин хэмээх хоёр найрлага нь astringent-зууралдуулагч болон бага зэргийн антибиотикийн үйлдэлтэй. Эдгээр нь шархны эдгэрэлтийг хурдасгадаг. Ам угаах шингэн бэлтгэхийн тулд 1 цайны халбага goldenseal нунтгийг 1 аяга устай хольж, өдөрт 3-4 удаа зайлна. Амандаа 2-3 минут байлгаж, уусмалаа залгих буюу асгана. Өндөр тунгаар хэрэглэвэл хортой ч дээрх тунгаар аюулгүй байх болно. 

Чихэр өвс (Liquorice/Glycyrrhiza glabra/Солодка)
Чихэр өвс нь глицирризин хэмээх үрэвслийг бууруулж, дархлааг сайжруулдаг бодисыг агуулдаг. Мөн ДГЧӨ (деглицирризинжүүлсэн чихэр өвс)-ийг хэрэглэж болох ба энэ нь хүлхмэл, ялтас хэлбэрээрээ хамгаалах бүрхүүл үүсгэж, тэдгээрийн эдгэрэлтийг хурдасгадаг. ДГЧӨ 380 мг-ийг хүлхмэл, ялтас хэлбэрээр өдөрт 3-4 удаа шарх эдгэртэл хэрэглэнэ. Бүхэл чихэр өвсийг байнга хэрэглэхэд бөөрний дээд булчирхайд нөлөөлж, даралт ихэсгэдэг. Тийм учраас үүнийг даралт ихтэй, элэг, зүрх, бөөрний өвчтэй хүмүүст хэрэглэж болохгүй. Мөн энэ нь шээс хөөх эмүүд болон дигиталисийн үйлдлийг дарангуйлна. ДГЧӨ нь глицирризинийг агуулдаггүй тул дээрх гаж нөлөөнүүд илэрдэггүй. 

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд
·         С аминдэм, 1 гр/өдөрт
·         Цайр (пиколинат), 25 мг/өдөрт
·         Олон найрлагат эрдэс, аминдэмийн нэмэлт, RDA-ээс 1-5 дахин их тунгаар
·         Холимог биофлавоноид, 1гр/өдөрт

Хэсэг газрын бусад эмчилгээний аргууд
·         Карбамид пероксид нь глицерин, пероксидоос тогтсон нэгдэл бөгөөд пероксид нь хүчилтөрөгчийг ялгаруулж, бактерийг устгадаг. Глицерин нь шархыг хамгаалах бүрхүүлийг үүсгэдэг.
·         Нэг халбага калийн хлоридийг нэг аяга усанд уусгаж, амаа өдөрт хэд хэдэн удаа зайлна. Залгиж болохгүй. Энэ нь сул антисептик үйлдэлтэй бодис юм.
·         Бензокайн, ментол, камфор, эукалиптол, спирт агуулсан амны шархны эмүүдийг хэрэглэж болно. Ингэхдээ эхлээд шархаа зөөлөн даавуугаар хуурайшуулж, дараа нь зориулалтын тосон түрхлэгүүдийг түрхэж, хамгаалалтын бүрхүүл үүсгэнэ.
·         Цайны найрлага дахь таннин нь өвчин намдаах чадвартай байдаг тул хар цайгаар нойтон жинг тавибал нь өвдөлт намдаадаг.
·         Устөрөгчийн хэт ислийн нэг цайны халбага уусмалыг нэг аяга усанд хийж, амаа зайлснаар шархыг халдваргүйжүүлж, эдгэрэлтийг хурдасгадаг.

Эх сурвалж: Удахгүй хэвлэгдэн гарах "Байгалиар анагаах нэвтэрхий толь" номны 2-р бүлэг

1 comment: