Sunday, November 30, 2014

Улаан буудайн өвс ургуулж, шүүсийг нь шахаж уух

Улаан буудайн өвс нь нялх ногооны адил маш шим тэжээлтэй, өдөр тутмын мультивитамин болгож хэрэглэж болох өвс юм. Өвснөөс шүүсийг шахаж хэрэглэж болно, өвсийг холигчинд хийж холиод бүх төрлийн шейкэнд хийж болно. Энэ улаан буудайн өвсийг хатааж нунтагласан бэлдмэлийг хүнсний нэмэлт болгон хэрэглэхийг зөвлөдөг. Бүх насныханд зориулагдсан тэжээл гэсэн үг юм. 

Улаан буудайн ач тусаас дурьдвал:
 
-60мл улаан буудайн өвс нь 900г ногоон ургамал идсэнтэй тэнцэх хэмжээний шим тэжээлтэй.
-Биеийг цэвэрлэж, хоргүйжүүлж, хорт бодисуудыг зайлуулна.
-Даралт бууруулж, цус төлжүүлнэ.
-Биеийн хүчиллэг орчныг саармагжуулж, хэвийн хэмжээнд нь оруулна. Шүлтшүүлнэ.
-Жин хасахад тусална, бодисын солилцоог эрчимжүүлнэ.
-Биеийн эвгүй үнэрийг арилгана.
-Хөгшрөлтийг удаашруулна.

Та бүхэн гайхаж байж магад. Яагаад ийм олон үйлчилгээ үзүүлж байна вэ гэж. Яагаад гэвэл гаднаас тэжээлээр хангаад өгөхөд /жишээ нь улаан буудайн өвсний шүүс/ хүний бие өөрөө өөрийгөө эмчилж, эдгээдэг.

Та юу иднэ, тэр нь таны биеийн эд эсийг үүсэлтэнд оролцоно. Муу хоол, хүнс идээд байвал таны бие улам л муудна.


Хэрэглэгдэх материалууд

1. Биоялзмаг. Монгол улсын Органик тэмдэглэгээтэй бордоо.  
2. Улаан буудайн үр. Органик дэлгүүрээс АНУ-ын Органик тэмдэглэгээтэй буудайн үр.
3. Суурь. Соёолж төвд төрөл бүрээрээ байдаг.
Нийт 20,000 орчим төгрөг болсон. 
 

Биоялзмаг, Wheat berries буюу улаан буудай, суурь
Эхний өдөр
Улаан буудайн үрээ усанд шилэнд хийж тавина. Өсдөг учраас шилнийхээ талаар хийж тавина.

2 дах өдөр
Шилний талаар байсан үр хөөж томорсон байна. 


Усыг нь асгаад, нилээн хэдэн удаа зайлж, ташуулдуулж тавилаа. Зайлахад амар болгох гээд тагийг нь цоолон, марлиар бүрэв. Соёолжлуулах зориулалттай савууд дээрээ тортой тагтай байдаг. 





Өнөөдөртөө 3-4 удаа усаар зайлна. Сая нэг удаа зайлсан, өдөр, орой, унтахынхаа өмнө дахин цэвэр усаар зайлна.


Зайлсныхаа дараа ташуулдуулж тавина. 

Ташуулдуулж тависан байдал.

                                                                             3 дах өдөр

3 дах өдөр нь соёолсон улаан буудайн үрээ 1-1,5 см зузаантай, урьдчилан чийглэсэн хөрсөн дээр жигд, шигүү тараана.




Хөрсөн дээрээ тарааж тавьсан байдал

Дээр нь гал тогооны зузаан салфетка тавьж, усаар чийглэнэ. Салфеткийг байнга чийгтэй байлгана.


5 дах өдөр
4 дэх өдөр нь усалж чадаагүй. 

Ургуулж эхэлснээс хойш 5 дах өдрийн өглөө. 


 Оройны зураг. Их хурдан ургаж байна.


6 дах өдөр
 


Улаан буудайн өвс,
13 дах өдөр

Ургуулсан улаан буудайн өвснийхөө шүүсийг нь шахлаа. Их өндөр ургасан байгаа биз?





Өвсөө тайрч, угаагаад, шүүс шахагчинд хийж, шүүсийг нь гаргав.
1 тавиураас 300мл шүүс эхний удаад хангалттай гарах юм байна. Энэ удаа шүүс шахах явцдаа бага зэрэг асгасан тул 250мл шүүс гарав.



Улаан буудайн өвсний шүүсийг 30мл хэмжээгээр нэг удаад уулгадаг. Өдрийнхөө аминдэм, эрдэс, ногооны хэрэгцээг хангана гэсэн үг. Шахангуутаа 15 минутын дотор хоосон ходоодон дээрээ уух ёстой.

Нэгмөсөн бүх шүүсийг нь шахаад, өнөөдрийнхийгөө уугаад үлдсэнийгээ мөс хөлдөөх тавиурт хийж хөлдөөв. Энийгээ 1-2-оор өдөрт хүйтэн усанд хийгээд ууна. Хөлдөөх бол ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах хамгийн сайн арга юм.


Шинэ шахсан шүүсийг хөлдөөх гэж байгаа нь.


Гадны оронд 30мл шүүс нь 3-4$ буюу Монгол мөнгөөр 5000-7000 орчим төгрөг байна. Харин би 8 /30мл*8=240мл/ удаагийн уух өвсийг 10 орчим мянган төгрөгөөр /нэг тавиурын үнэ/ ургуулсан. Гэхдээ энэ үнэ бол Органик Америк үр, Органик Монгол биоялзмаг ашигласан үнэ. Энгийн хөрс, Монгол буудайн үрээр хийвэл өшөө хямдхан болох боломжтой. 


Шүүс шахсанаас хэд хоногийн дараа өвсөө үзтэл доод хэсгээрээ хөгзөрч, ялзарсан байсан тул хаясан. Үүнээс сэргийлэхийн тулд хүнсний содтой усаар өдөр бүр шүршиж байх ёстой юм байна. 

Нээрээ Агаруу дэлгүүрт улаан буудайн өвсний нунтаг 400мг*100капсултай 40 орчим мянган төгрөгөөр борлуулагддаг.


Улаан буудайн өвсний нунтгийн капсулд хийсэн бэлдмэл.
Гэртээ өөрийнхөө витаминыг тариад, ургуулаад, өөрийгөө болон гэрийнхнээ хямд, Органик, шинэ, бордоо, пестицид хийлгүйгээр ургуулсан суперхүнсээр хангаж байгаарай. Ялангуяа өвөл хаврын улиралд янз бүрийн аминдэм хэрэглэхийн оронд ингэж уувал эрүүл мэндэд их тустай. Яг үүнтэй адил арвайн өвсийг ургуулж, шүүсийг шахаж ууж болно. 

Saturday, November 29, 2014

Зохистой хооллолтын тухай зөвлөмжүүд


Эрүүл, зөв зохистой хооллолт гэдэг нь таны биеийн үйл ажиллагаа хэвийн явагдахад шаардагдах тэжээлийн бодисуудаар бие махбодыг хангахыг хэлнэ. Доор дурьдсан зүйлс нь танд эрүүл хооллолтын талаар суралцах, тэжээллэг, амтлаг хоол хүнсийг бэлтгэж сурахад тань туслах болно. 
Та эрүүл, зохистой хооллосноор:
  • Өдрийн турш эрч хүчтэй байна 
  • Бие махбодийн хэрэгцээндээ тохирсон аминдэм, эрдэс бодисыг олж авна 
  • Спорт болон бусад зүйлсээр хичээллэх эрч хүчтэй болно 
  • Өсөлтийг хамгийн өндөр түвшин байлгана
  • Биеийн жингээ эрүүл түвшинд хадгална 
  • Эрүүл бус хооллолтын зуршлаас сэргийлнэ  
Зохистой хооллолт гэж юу вэ?
  • Тогтмол цагт хооллох (өдөрт 3 удаа, өглөө, өдөр, орой) ба хооллолт хооронд эрүүл хөнгөн зууш сонгож байх (өлссөн болон илүү их энерги шаардсан үед)
  • Шим тэжээлийн бодисынхоо хэрэгцээг хангахын тулд өдөр бүр аль болох олон төрлийн хүнсний зүйлсээс идэж байх (үр тариа, жимс, хүнсний ногоо, уураг, цагаан идээ)
  • Амттан, нарийн боов, түргэн хоол зэрэг хүнснээс аль болох татгалзах
  • Өлссөн үедээ хооллож, цадсан үедээ больж сурах
Эрүүл, зохистой хооллолтод туслах зөвлөмжүүд

Тогтмол хооллох цагуудаа алгасахгүй байх – хоол болон хөнгөн зуушны цагаа төлөвлөх
-Өдөрт 3 удаа хооллож хооллолт бүрийн дундуур хөнгөн зууш иддэг байх нь та өөрийн эрч хүч, эрүүл биеийн жингээ хадгалах хамгийн зөв зам юм. Учир нь та тогтмол хооллох цагаа алгассан болон хэт өлссөн үедээ эрүүл бус хүнсийг сонгох нь илүү байдаг. 
-Өглөөний цай тогтмол уух. Өсвөр насныхны 20% нь өглөөний цай уудаггүй, энэ байдал нь тэднийг үдээс хойш хэт их идэхэд хүргэдэг байна.

 Хүнсийг бэлтгэх энгийн, эрүүл арга замуудад суралцах 
-Хүнсийг боловсруулах эрүүл арга замуудыг сонгох. Жишээлбэл их хэмжээний тосонд гүн шарахын оронд грилдэж шарах, богино долгионы зууханд болгох, жигнэх, чанах арга замуудыг сонгох.
-Шинэ, хатаасан навч, ургамлууд (базилик, орегано, яншуй гэх мэт) болон нимбэгний зүсэм, нунтаг халуун чинжүү, цагаан гаа, сармис зэргийг сонгож хоолоо амтлах. 

Сахар – хэт их хэрэглэхээс зайлсхий 
-Чихэрлэг ундаанууд нь хэрэггүй, илүүдэл илчлэгийн томоохон эх үүсвэр юм. Энэ нь өөх болон таны биед хуримтлагдаж байдаг. Ердийн ундаа болон шүүсний оронд сахар агуулаагүй ундаа, ус, амт оруулсан ус зэргийг хэрэглэ. Тэр байтугай байгалийн гаралтай амт оруулаагүй шүүснүүд хүртэл таны бие ашиглагдахгүй их хэмжээний илчлэг агуулж байдаг. Хэрэв та хийжүүлсэн ундаа, шүүс уудаг бол үүнийг өдөрт 1 аягаас хэтрүүлэхгүй байхаар тооцож хязгаарла. 
-Бялуу, жигнэмэг, чихэр зэрэг хүнсэнд мөн их хэмжээний сахар агуулагдаж байдаг. Бүхэл үрийн болон улаан буудайн үрээр хийсэн амттанууд сахар бага агуулдаг. Дээрхи амттангуудыг хааяа нэг хэрэглэх нь зүгээр боловч урт хугацаанд эрүүл хүнсийг орлох хэмжээнд хүртэл хэрэглэж болохгүй. 

Хооллох үедээ тайван бай
 -Хооллож байх үедээ удаан, тайван бай. Тайван сууж, хооллохдоо дор хаяж 20 минут зарцуулж бай. Нэгэнт 20 минут өнгөрөхөд танд аль хэдийн цадсан мэдрэмж төрж дахиж идэх хүсэл төрөхгүй. 
-Өөрийн биеийг сонс. Өлссөн үедээ идэж, цадсан үедээ больдог байх нь таны бие энергийн хэрэгцээгээ тэнцвэржүүлж, ая тухтай байх нөхцөл болдог. Өөрөөсөө дараах асуултыг асуу. Би өлссөн учраас идэж байна уу? Эсвэл бухимдаж, стрессдсэн, уйтгарлаж, гунигласны улмаас идэж байна уу?
-Байгалийн гаралтай эслэгээр баялаг бүхэл үрийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг хэрэглэ. Ингэснээр танд цадсан мэдрэмж бий болно.

Хоолны дэглэмийн талаар бодохоос зайлсхий
 -Дэлхий дээр сайн болон муу хүнс гэж байхгүй. Зохицуулж хэрэглэсэн үед бүх төрлийн хүнс эрүүл хооллолтын нэг хэсэг болдог. 
-Та нүүрс ус багатай, өөх тосгүй, дэглэм сахих хүнс худалдаж авах шаардлагагүй. Өөх тосгүй хүнсэнд амт үнэрийг хадгалахын тулд нэмэлт бодис нэмсэн байдаг. 
-Биеийн жин, хэмжээнээс илүү ТА өөрөө хамгийн чухал нь гэдгийг сана. Хатуу чанга турах төлөвлөгөөний улмаас таны эрүүл мэнд, аз жаргал хохирдог. Жин ихээр хасах нь таны биеийн өсөлтөд нөлөөлнө. Хэтэрхий чанга дэглэмийн оронд багахан хэмжээгээр амьдралын хэв маягаа өөрчлөх нь таны амьдралд илүү үлдэцтэй байдаг. Ингэснээр та илүү эрүүл, аз жаргалтай удаан амьдрах боломжтой.
 

Хэт идэхэд хүргэдэг 10 алдаа





Хэрэв танд хооллосныхоо дараа ходоод хэт дүүрсэн тааламжгүй мэдрэмж төрөх нь их байвал энэ нь хооллох зуршлаа өөрчлөх цаг болсныг анхааруулж байгаа юм. Өөрийн сайн сайхны төлөө иймэрхүү хэт идэх зуршлаа зогсоох хэрэгтэй. Та өөрөөсөө эдгээр дадал, зуршлууд таныг эрүүл хооллох, эрүүл хүнс хэрэглэхэд саад болж буй эсэхийг нэг асуугаад үзээрэй. Ингээд дараах 10 зуршил таныг хэт их идэхэд хүргэдэг ажээ. 

Өглөөний цайг алгасах

Өглөөний цайг алгасах нь магадгүй илүүдэл илчлэгээс зайлсхийх арга зам мэт санагдаж болох юм. Гэхдээ ингэснээр таны толгойд дараагийн хоолны талаар бодол орж ирэх бөгөөд үүний улмаас өдрийн хоолны үеэр хомхойрч их идэхэд хүргэдэг байна. 

Телевиз үзэж байхдаа идэх

Телевиз үзэж байхдаа юмуу компьютерийн урд сууж байхдаа байнга л ямар нэг юм идэж байдаг ихэнхи хүмүүс хэт их идэх зуршилтай болсон байдаг ажээ. Таны ухаан бодол телевизээр гарч буй зүйл, имэйл зэрэгт анхаарсан байх үедээ хооллолтын байдал, цадсан эсэх мэдрэмжид төвлөрч чаддаггүй байна. Үүнээс сэргийлэх арга зам нь тодорхой цагт хооллож хэвших юм. 

Хоолны орц хэмжээг хэрэгсэхгүй байх

Хэдийгээр бага хэмжээтэй хоол захиалсан байлаа ч гэсэн түүнийг идэж байхдаа тухайн хоолыг идэж байх үедээ сэтгэл хангалуун бай. Амттай пиццаны дараа дараагийн зүсмийг идэхгүй үлдээх, түүнээс зайлсхийхийн тулд өөрийгөө хянаж чадна гэдэгтээ итгэлтэй бай. 

Өлсөх болон цангах мэдрэмийг адилтгаж үзэх

Ихэнхи хүмүүс цангаж буй мэдрэмжийг өлсөж буй мэдрэмж хэмээн андуурдаг. Хэрэв та тун саяхан хооллосон байтал хангалтгүй мэт санагдаж байвал дараах зөвлөгөөг туршаад үзээрэй. Өлсөж буй болон цангаж буй мэдрэмжийг ялгаж салгахад бэрхшээлтэй байдаг тул энэ үед нэг стакан ус уугаад 20-30 минут хүлээсний дараа өлссөн мэдрэмж хэвээр байна уу гэдгээ бодоод үзээрэй. 

Хамтрагчийнхаа хэрэгцээнд тохируулж хооллох

Хэрэв таны хамт амьдардаг хүн хэт их идэхийг юман чинээ тоодоггүй бол түүнтэй цуг хоол хийж, хамт хооллохдоо хэт идэхээс зайлсхийнэ гэдэг бэрхшээлтэй байдаг. Тиймээс гэртээ хоол хийх үедээ ижилхэн орц бүтээгдэхүүнтэй байлаа ч гэсэн аль болох эрүүл хооллохыг хичээж бай. Жишээлбэл гахайн тагалцагаар хоол хийх үед таны нөхөр бүх зүйлийг хольж хийсэн том буррито идэхээр болбол та ч гэсэн үүнийг идэх ёстой гэсэн үг биш бөгөөд үүний оронд өөртөө бага хэмжээний гахайн тагалцаг болон авокадо жимстэй салад хийж идэж болно. 

Таны хэрэглэж буй аяга, таваг хэт том байх

Таны хооллож буй аяга, таваг таныг хэт идэхэд хүргэдэг гэдгийг мэдэх үү? Судлаачид том таваг бол хэт идэхэд хүргэдэг алдаа гэдгийг хэдийн тогтоожээ. Таны тавган дээр сул зай хэдий чинээ их байх нь таньд хоолны порц бодит хэмжээнээсээ төдий чинээ бага байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Том тавгаа хоолоор дүүргэх гэхийн оронд аль болох жижиг таваг сонгох нь илүү дээр алхам болно. 

Буруу зуршилд хүлцэнгүй хандах

Судалгаагаар цагираг боов идсэнийхээ дараа буруу юм хийсэн мэт сэтгэгдэл төрдөг эмэгтэйчүүдийг ийм сэтгэгдэл төрдөггүй эмэгтэйчүүдтэй харьцуулж үзэхэд харьцангуй бага чихэрлэг зүйл иддэг байжээ. Өөрөөр хэлбэл буруу зуршлаа өөгшүүлэх биш харин ч буруу зуршилдаа санаа зовнидог, өөрчлөхийг хүсдэг байх нь хэт идэхээс сэргийлэхэд тусалдаг байна. 

Хэзээ ч амны зугаа (snack) хэрэглэдэггүй байх

Харамсалтай нь зарим хүмүүс бүх амны зугаа (snack)-ыг муу гэж боддог. Амны зугаа хэрэглэдэг байх нь таныг эрүүл хооллолтын зорилгод хөтөлдөг гэдгийг ойлгох нь чухал. Та эрүүл, зөв амны зугааг сонгон хэрэглэснээр энэ нь таныг ажлын ачааллын өмнө болон дараа тэжээлийн бодисоор хангаж өгдөг. Хооллолтын дундуур эрүүл, зөв амны зугааг сонгон хэрэглэснээр хэт идэхээс сэргийлэх боломжтой. 

Ажлынхаа дараа хэт их идэх

Та хэцүү ажлын ард гарсан бол өөрийгөө баярлуулж байна гэдэг нэрийдлээр хэт их идэхийг өөгшүүлж болохгүй. Хэрвээ хооллох цаг болоогүй л бол таны ажлын дараа идэх амны зугаа илчлэгийн хувьд 150калориас хэтрэхгүй байх нь зүйтэй. 

Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөх

Хэрэв таны толгойд амттан идэх тухай хүсэл төрвөл өөрөөсөө “Би өлсөж байна уу” гэдэг энгийн асуултыг асуугаад үзээрэй. Энэ гурван үг энгийн боловч таны хэт их идэх зуршлыг өөрчлөхөд томоохон хувь нэмэр болно. 

Холестерол бууруулах хүнсний бүтээгдэхүүнүүд





Холестеролын түвшин өндөр байх нь хүмүүсийн зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлдэг. Анагаах ухааны хувьд статин бүлгийн эмийг холестерол бууруулах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг ч сүүлийн үеийн судалгаануудаар удаан хугацаагаар энэ эмийг уух нь зарим гаж нөлөөтэй байж болохыг илрүүлж байна. 

Гэхдээ бүх өвчнийг хүчтэй эмээр, хүчээр дарахаас урьдаж, хоол хүнсээрээ эмчлэхийг оролдох хэрэгтэй. Ингэснээр өвчний шалтгааныг арилгаж, дахиж үүсэхээс сэргийлж чадна. Харин шалтгааныг нь арилгахгүй зөвхөн шинж тэмдгийг намдаах эмчилгээ хэзээ ч бүрэн төгс эмчилгээ болдоггүй. 

Холестерол гэж юу вэ?
Холестерол нь амьтан, ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг, хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг өөх тос юм. Холестерол нь хүний биед сайн (ИНЛП) болон муу (БНЛП) гэж хоёр ангилалд хуваагддаг. Муу холестерол хүний биед ихсэх нь өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Муу холестерол нь нэмэгдсэн хүмүүс дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ хэрэглээг нэмэгдүүлснээр холестеролоо бууруулах боломжтой. 


Шош буурцаг

Канадад хийгдсэн сүүлийн үеийн нэгэн судалгаагаар өдөрт 3/4 аяга шош, буурцаг идснээр муу холестеролыг 5% хүртэлх хувиар бууруулж болно гэсэн дүгнэлт гарчээ. Шош, буурцаг нь уусдаг эслэгийн агууламж маш өндөр бөгөөд энэ нь цуснаас муу холестеролыг зайлуулах үйлчилгээ үзүүлдэг. Шар буурцаг сонгохдоо зөвхөн Органик тэмдэглэгээтэйг сонгохоо бүү мартаарай. Учир нь генийн өөрчлөлттэй шар буурцаг зах зээлд өргөн тархсан байдаг.

Шар буурцаг

 Овьёосны нэвс
 
Шош, буурцагтай адил овьёосны нэвс нь цусны урсгалд нэвтрэн орох муу өөх-тосны хэмжээг багасгадаг.  1 болон хагас аяга нэвсэнд 6г эслэг агуулагддаг. Мэргэжилтнүүд холестерол бууруулахад өдөрт 5-10г эслэг шаардлагатай гэж үздэг. 

Овьёос

Цай
 
Өдөрт 3 аяга ногоон цай уух нь муу холестеролыг бууруулах чадалтай. Мөн сайн холестеролын ч хэмжээг нэмэгдүүлдэг. 

Ногоон цай

Оливийн тос

Холестеролыг бууруулахад туслах нэг тос нь оливийн тос юм. Өдөрт 2 хоолны халбага оливийн тосыг хэрэглэснээр ач тусыг хүртэх боломжтой. Шинэ ногоог амтлах эсвэл ургамлуудтай хольж, талх дүрж идэх гэх мэтээр янз бүрээр хэрэглэх боломжтой. Extra virgin cold pressed буюу хамгийн боловсруулалт багатай оливийн тосыг сонгож хэрэглээрэй. 


Олив буюу чидун жимсний тос