Saturday, November 29, 2014

Зохистой хооллолтын тухай зөвлөмжүүд


Эрүүл, зөв зохистой хооллолт гэдэг нь таны биеийн үйл ажиллагаа хэвийн явагдахад шаардагдах тэжээлийн бодисуудаар бие махбодыг хангахыг хэлнэ. Доор дурьдсан зүйлс нь танд эрүүл хооллолтын талаар суралцах, тэжээллэг, амтлаг хоол хүнсийг бэлтгэж сурахад тань туслах болно. 
Та эрүүл, зохистой хооллосноор:
  • Өдрийн турш эрч хүчтэй байна 
  • Бие махбодийн хэрэгцээндээ тохирсон аминдэм, эрдэс бодисыг олж авна 
  • Спорт болон бусад зүйлсээр хичээллэх эрч хүчтэй болно 
  • Өсөлтийг хамгийн өндөр түвшин байлгана
  • Биеийн жингээ эрүүл түвшинд хадгална 
  • Эрүүл бус хооллолтын зуршлаас сэргийлнэ  
Зохистой хооллолт гэж юу вэ?
  • Тогтмол цагт хооллох (өдөрт 3 удаа, өглөө, өдөр, орой) ба хооллолт хооронд эрүүл хөнгөн зууш сонгож байх (өлссөн болон илүү их энерги шаардсан үед)
  • Шим тэжээлийн бодисынхоо хэрэгцээг хангахын тулд өдөр бүр аль болох олон төрлийн хүнсний зүйлсээс идэж байх (үр тариа, жимс, хүнсний ногоо, уураг, цагаан идээ)
  • Амттан, нарийн боов, түргэн хоол зэрэг хүнснээс аль болох татгалзах
  • Өлссөн үедээ хооллож, цадсан үедээ больж сурах
Эрүүл, зохистой хооллолтод туслах зөвлөмжүүд

Тогтмол хооллох цагуудаа алгасахгүй байх – хоол болон хөнгөн зуушны цагаа төлөвлөх
-Өдөрт 3 удаа хооллож хооллолт бүрийн дундуур хөнгөн зууш иддэг байх нь та өөрийн эрч хүч, эрүүл биеийн жингээ хадгалах хамгийн зөв зам юм. Учир нь та тогтмол хооллох цагаа алгассан болон хэт өлссөн үедээ эрүүл бус хүнсийг сонгох нь илүү байдаг. 
-Өглөөний цай тогтмол уух. Өсвөр насныхны 20% нь өглөөний цай уудаггүй, энэ байдал нь тэднийг үдээс хойш хэт их идэхэд хүргэдэг байна.

 Хүнсийг бэлтгэх энгийн, эрүүл арга замуудад суралцах 
-Хүнсийг боловсруулах эрүүл арга замуудыг сонгох. Жишээлбэл их хэмжээний тосонд гүн шарахын оронд грилдэж шарах, богино долгионы зууханд болгох, жигнэх, чанах арга замуудыг сонгох.
-Шинэ, хатаасан навч, ургамлууд (базилик, орегано, яншуй гэх мэт) болон нимбэгний зүсэм, нунтаг халуун чинжүү, цагаан гаа, сармис зэргийг сонгож хоолоо амтлах. 

Сахар – хэт их хэрэглэхээс зайлсхий 
-Чихэрлэг ундаанууд нь хэрэггүй, илүүдэл илчлэгийн томоохон эх үүсвэр юм. Энэ нь өөх болон таны биед хуримтлагдаж байдаг. Ердийн ундаа болон шүүсний оронд сахар агуулаагүй ундаа, ус, амт оруулсан ус зэргийг хэрэглэ. Тэр байтугай байгалийн гаралтай амт оруулаагүй шүүснүүд хүртэл таны бие ашиглагдахгүй их хэмжээний илчлэг агуулж байдаг. Хэрэв та хийжүүлсэн ундаа, шүүс уудаг бол үүнийг өдөрт 1 аягаас хэтрүүлэхгүй байхаар тооцож хязгаарла. 
-Бялуу, жигнэмэг, чихэр зэрэг хүнсэнд мөн их хэмжээний сахар агуулагдаж байдаг. Бүхэл үрийн болон улаан буудайн үрээр хийсэн амттанууд сахар бага агуулдаг. Дээрхи амттангуудыг хааяа нэг хэрэглэх нь зүгээр боловч урт хугацаанд эрүүл хүнсийг орлох хэмжээнд хүртэл хэрэглэж болохгүй. 

Хооллох үедээ тайван бай
 -Хооллож байх үедээ удаан, тайван бай. Тайван сууж, хооллохдоо дор хаяж 20 минут зарцуулж бай. Нэгэнт 20 минут өнгөрөхөд танд аль хэдийн цадсан мэдрэмж төрж дахиж идэх хүсэл төрөхгүй. 
-Өөрийн биеийг сонс. Өлссөн үедээ идэж, цадсан үедээ больдог байх нь таны бие энергийн хэрэгцээгээ тэнцвэржүүлж, ая тухтай байх нөхцөл болдог. Өөрөөсөө дараах асуултыг асуу. Би өлссөн учраас идэж байна уу? Эсвэл бухимдаж, стрессдсэн, уйтгарлаж, гунигласны улмаас идэж байна уу?
-Байгалийн гаралтай эслэгээр баялаг бүхэл үрийн бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэргийг хэрэглэ. Ингэснээр танд цадсан мэдрэмж бий болно.

Хоолны дэглэмийн талаар бодохоос зайлсхий
 -Дэлхий дээр сайн болон муу хүнс гэж байхгүй. Зохицуулж хэрэглэсэн үед бүх төрлийн хүнс эрүүл хооллолтын нэг хэсэг болдог. 
-Та нүүрс ус багатай, өөх тосгүй, дэглэм сахих хүнс худалдаж авах шаардлагагүй. Өөх тосгүй хүнсэнд амт үнэрийг хадгалахын тулд нэмэлт бодис нэмсэн байдаг. 
-Биеийн жин, хэмжээнээс илүү ТА өөрөө хамгийн чухал нь гэдгийг сана. Хатуу чанга турах төлөвлөгөөний улмаас таны эрүүл мэнд, аз жаргал хохирдог. Жин ихээр хасах нь таны биеийн өсөлтөд нөлөөлнө. Хэтэрхий чанга дэглэмийн оронд багахан хэмжээгээр амьдралын хэв маягаа өөрчлөх нь таны амьдралд илүү үлдэцтэй байдаг. Ингэснээр та илүү эрүүл, аз жаргалтай удаан амьдрах боломжтой.
 

No comments:

Post a Comment