Friday, November 14, 2014

Д аминдэм/витамин ба рахит



Д аминдэмийн /Д витамины/ дутагдал 


Д аминдэмийн дутагдлын шалтгаант рахит нь бие махбодид хангалттай хэмжээний Д аминдэм байхгүйн улмаас үүсч бий болдог нярай болон хүүхэд насанд тохиолддог эмгэг юм. 

Д аминдэм дутагдлын шалтгаанууд

1. Хоол тэжээлийн дутагдал: Ерөнхийдөө Д аминдэмийг хоол хүнснээс хүний биед шаардлагатай хэмжээгээр авахад хүндрэлтэй. Д аминдэмээр баялаг хүнс болон тослог загаснууд, яргай/салмон, сагамхай/cod загасны мах болон загасны тосыг Монголчууд тэр болгон хэрэглээд байж чаддаггүй. Мөн өндөг, сүү, цөцгийн тос зэрэгт маш бага хэмжээгээр агуулагддаг тул хэрэгцээг бүрэн нөхөж чаддаггүй. 

Д аминдэм/витамин, хүний биед нийлэгжих, шимэгдэх байдал, үйлчилгээ
2. Нарны гэрлийн тусгал хомс байх: Д аминдэмийг үүсгэхэд шаардлагатай урьдал бодис нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр арьсан доорхи өөхөн давхаргад үүсч бий болдог ба монгол оронд өвөл, хаврын цагт байгалийн жамаар нарны шууд тусгалын үргэлжлэх хугацаа богино болдог тул Д аминдэм үүсэхэд шаардлагатай урьдал бодисын дутмагшил бий болдог байна.

3. Хоол тэжээлийн шимэгдэлт алдагдахад хүргэдэг ходоод, гэдэсний эмгэгүүд: Д аминдэм нь тосонд уусдаг аминдэм, шимэгдэхэд нь өөх-тос хэрэгтэй байдаг. Харин цөсний эмгэгүүдийн үед өөх-тосыг боловсруулж, шимэгдүүлж чадахгүй байдал үүсэх нь Д аминдэм гэдсээр шимэгдэх үйл явцыг саатуулдаг. Мөн архаг суулгалт, ходоод гэдэсний архаг удаан явцтай өвчлөлүүд буюу нарийн гэдэсний үрэвсэл, гэдэсний халдваруудын үед гэдэсний ханаар тэжээлийн бодис шимэгдэх үйл явц алдагдсанаар ганц Д аминдэм гэлтгүй бүхий л төрлийн тэжээлийн бодис, аминдэмийн дутагдалд хүүхэд өртөж болно.
 

Д аминдэмийн хүний биед гүйцэтгэх үүрэг


Хэвийн болон рахитийн үеийн ясны байдал
Д аминдэм нь бие махбодид олон чухал үүрэг гүйцэтгэдийн нэг нь бие дэхь кальци, фосфорын солилцоог зохицуулж өгөх явдал юм. Чухамдаа Д аминдэм байгаа учраас л хоол хүнсээр хэрэглэсэн кальци, фосфор маань яс руу нэвтрэн орж ясны бөх бат байдлыг бүрэлдүүлэх боломжтой болдог гэж ойлгох хэрэгтэй. 

Хүүхдийн өсөлтийн хамгийн чухал, эрчимтэй үеүдийн нэг болох 3 нас хүртэлх хугацаанд Д аминдэм дутагдвал рахит өвчин үүсдэг.
Рахитийн үеийн муруй шилбэ
Рахит гэдэг нь Д аминдэм дутагдалтай байсны улмаас хүүхдийн яс хэлбэржиж, бүрэлдэх хамгийн чухал үедээ бэхжиж чадахгүй болсноос шалтгаалсан өвчлөл бөгөөд яваандаа ийм хэврэг яс маань биеийн жинг дааж чадалгүй муруйж, далийдаг байна. Ялангуяа Д аминдэм дутмагшилтай хүүхэд хөлд орох үеэс биеийн жингийн гол ачааллыг авч байдаг шилбэ яс ачааллаа дийлээгүйн улмаас муруйж тахийдаг. Хэрэв хүнд хэлбэрийн Д аминдэм дутмагшил байсан бол зөвхөн шилбэ яс төдийгүй нурууны нугалам хүртэл их биеэс ирэх ачааллын улмаас хэлбэр нь алдагдаж муруйх ба ачаалал сээр нуруу орчимд их ирдэгээс шалтгаалж бөгтөр нуруутай болох, цээжний хэлбэр алдагдахад хүрдэг. 

Рахит өвчний эхэн үед хүүхэд хэт цочромтгой, тайван бус болдог нь уг өвчнийг сэжиглэх чухал шинжүүдийн нэг юм. Учир нь дээр дурьдсанчлан Д аминдэм нь цусан дахь кальцийг яс руу оруулах замаар ясны бэх бат чанар бүрэлдэн бий болохыг хангаад зогсохгүй нөгөө талаар цусан дахь кальцийн хэмжээг тогтмол түвшинд барьж байх нөхцөлийг хангадаг. Цусан дахь кальцийн түвшин хэвийн хэмжээнд байх нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг. Цусан дахь кальцийн хэвийн түвшин алдагдсаны улмаас хүүхэд цочромтгой болдог. Түүнчлэн булчингийн тонуст чанар буюу агших сулрах хүчийг бүрдүүлэхэд кальци чухал үүрэгтэй байдаг ба рахитын үед цусан дахь кальцийн дутмагшлаас шалтгаалж булчин сулрал түүнээс улбаалсан хожуу хөлд орох явдал бий болдог ажээ. 

Д аминдэм дутагдлын үед илрэх шинжүүд

Д аминдэм дутагдлын шалтгаант рахит өвчний үед маш олон төрлийн шинжүүд илэрч болдог. Тэдгээрийг доор дурьдсан бөгөөд таны хүүхдэд эдгээр шинжүүдээс илэрч байвал та мэргэжлийн эмчид хандаж рахиттай эсэхийг оношлуулах, Д аминдэмийн дутмагшил байгаа эсэхийг магадлах шаардлагатай. 


·         Ясны бэхжих үйл явц алдагдаж авах ачаалал нь нэмэгдсэнээс ясаар өвдөх
·         Ясны хэлбэр алдагдаж муруйх, бугуйн яс товойж бүдүүрэх
·         Булчин суларлын улмаас хожуу сууж, мөлхөх, хөлд орох
·         Хөлд орох үед биеийн ачааллыг авч байдаг шилбэ, дунд чөмөгний яс бэхжиж чадаагүйгээс паацаганаж алхах, хөлөө чирж явах
·         Үе тэнгийнхнээсээ өсөлт нь хоцрох
·         Булчин татвалзах
·         Цочромтгой болох
·         Хавирга өвчүүтэй нийлэх хэсгээр овойж томрох
·         Бугуйн яс томорч бүдүүрэх
 

Хамгийн харамсалтай нь Д аминдэм дутагдлын шалтгаант рахитыг цаг алдалгүй илрүүлж, үр дүнтэй, эмчийн хяналтанд, тогтвортой эмчлэхгүй бол хүүхэд 3 нас хүрч мөгөөрс байсан яснууд нэгэнт хэлбэржиж хатуурсан үед бүрэн засрах ямарч боломжгүй болдог ажээ. Тиймээс та хүүхдийнхээ хэвийн өсөлт хөгжил, цаашдын ирээдүйд анхаарч эмчийн зааврын дагуу Д аминдэмийн дутагдлаас сэргийлж, рахит үүссэн бол цаг алдалгүй эмчлүүлж байгаарай. 


Рахитаас хэрхэн сэргийлэх, хэрхэн эмчлэх вэ?


Рахит өвчин үүсэх үндсэн шалтгаан нь биед Д аминдэм дутагдах юм. Уул нь байгаль цаанаасаа хүний бие махбод өөрөө Д аминдэм нийлэгжүүлж чаддаг байхаар бүтээсэн байдаг. Харамсалтай нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг улс үндэстнүүдийн хувьд өвөл, хаврын цагт нарны гэрлийн шууд тусгал буурч, наргүй үеийн үргэлжлэх хугацаа нэмэгддэгийн улмаас бие махбодид шаардлагатай хэмжээний Д аминдэм үүсч чаддаггүй байна. Энэ байдалд дөнгөж төрсөн, өсөлт эрчимтэй явагддаг нярай, бага насны хүүхдүүд хамгийн их өртдөг. 

Нэгэн судалгаагаар Лондон хотын хүүхдүүдийн дунд амьдралын боломжоос үл хамаарч рахитын өвчлөл нэмэгдсэн шалтгааныг судалж үзээд Лондон хотын манан нэмэгддэг жилийн үед төрсөн хүүхдүүд илүүтэй өртөж байгааг тогтоосон байдаг. Үүнээс харахад рахитаас сэргийлэхэд нарны гэрэл амин чухал байдаг ажээ. Доорхи дурьдсан хүчин зүйлс бол рахит өвчин үүсэхэд хүргэдэг хамгийн эрсдэлтэй хүчин зүйлсүүд юм. 

·         Нарны гэрэлд гараад байдаггүй хөхүүл эхийн сүүгээр хооллодог нярай
·         Нарны гэрэлд гараад байдаггүй нярай ба хүүхэд
·         Нарны гэрэлд хангалттай хэмжээгээр гарч чаддаггүй нярай ба хүүхэд
·         Хоол тэжээлд нь витамин Д болон кальци хангалтгүй байдаг нярай ба хүүхэд

Тиймээс манай орны хувьд богинохон болдог зуны дэлгэр цагт хүүхдээ нарны гэрэлд тогтмол гаргаж байх нь Д аминдэм дутагдлаас сэргийлэх байгалиас заяасан хосгүй боломж юм.
Д аминдэм нь нарны гэрлийн нөлөөгөөр биед байнга үүсч байхаар заяагдсан тул түүнийг бие махбод нөөцөлддөгүй зохиолдлогоотой болжээ. Тиймээс зун хүүхдээ наранд сайн гаргаад авбал л намар, өвөл, хавар хангалттай Д аминдэмтэй болчихно гэж ойлгох нь үнэхээр буруу бөгөөд манай оронд ийм шалтгаанаар намар, өвөл, хаврын цагт Д аминдэм нөхөж хэрэглээгүйгээс хүүхдүүд рахитаар өвчлөх нь түгээмэл байдаг. Тиймээс нарны гэрлийн тусгал буурч эхэлсэн намар цагаас л хүүхэддээ эмчийн зааврын дагуу өдөр бүр (бүр нэг өдөр ч алгасахгүй), тохирох тунгаар (Д аминдэм дутагдлаас сэргийлэх тун, рахит өвчнийг эмчлэх тун хоёр өөр гэдгийг санаарай), урт хугацаанд (нарны гэрэл буцаж хангалттай хэмжээнд болтол буюу зун болтол өдөр бүр) Д аминдэмээр баялаг хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байх хэрэгтэй.
Хэрэв таны хүүхэд рахитаар өвчилсөн бол та ямартай ч хамаг юм өнгөрчөөгүй гэдгийг ойлгож байх хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдийн яс бүрэн бэхжих буюу 3 наснаас өмнө рахитыг эмчилж чадвал цаашид ясны муруйлт, гажигууд насан туршид хадгалагдаж үлдэхгүй байхаас сэргийлэх, том хэмжээний ясны гажигуудаас сэргийлэх боломж байна гэсэн үг. Рахит өвчний эмчилгээний үндсэн арга зам нь биед дутагдаж байгаа Д аминдэм болон кальцийг нөхөж өгөх явдал байдаг. Тэгэхдээ цусан дахь Д аминдэмийн түвшинг хянаж хэвийн хэмжээнд хүрч байгаа эсэхийг магадалж байх нь туйлын чухал. Учир нь манай оронд ийм хяналтыг хийгээгүйн улмаас эмчилгээний зорилгоор хэрэглэж байгаа тун багадах, эсвэл буруу Д аминдэм хэрэглэсэн байх зэргээс хамаарч эмчилгээ үр дүнгүй болох нь бий.

Д аминдэмийн бэлдмэл, ургамлын гаралтай, байгалийн найрлагатай, нэмэлт химийн бодисууд агуулаагүй Д аминдэмийн цацлага.

Д аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд хүүхэд өдөрт дунджаар авч байх шаардлагатай нэмэлт Д эминдэмийн хэмжээг улс орон бүрийн судалгааны байгууллагууд өөр өөр тогтоосон байдаг нь тухайн улс, үндэстэн бүрийн онцлог байдлаас шалтгаалж болно. Гэхдээ л таны хүүхдийг рахит өвчнөөс урьдчилан сэргийлэх, рахитаар өвчилсөн бол эмчлэх витамин Д-ийн тун хэмжээг мэргэжлийн хүүхдийн эмч, тусгай шинжилгээнүүдэд үндэслэн тогтоодог болохыг анхаараарай.








No comments:

Post a Comment