Saturday, November 29, 2014

Зайлшгүй шаардлагатай 9 шим, тэжээл



Таны бие махбод хэвийн үйл ажиллагаа явуулахад тодорхой шим, тэжээлийн зүйлс зайлшгүй шаардлагатай гэдэг нь тодорхой. Тэгвэл энэ удаад хүний биед зайлшгүй шаардлагатай 9 шим тэжээлийн бодисыг хүргэж байна. Хамгийн гол асуудал нь тэр бүх хэрэгцээтэй шим тэжээлийн бодисыг авахын тулд яг юу идэх хэрэгтэй вэ гэдэг юм. 

1. Уураг

Уураг нь таныг бүхэл өдрийн турш цатгалан байлгаж таны биеийн булчингаа нөхөн сэргээхэд тусална. Та бага зэргийн тосонд шарсан ясгүй тахианы махыг төрөл бүрийн шинэ, өнгөлөг ногоогоор хачирлан хэрэглэж болно. 

2. Эслэг

Энэхүү шим тэжээл нь үндсэн 3 үүрэгтэй. Танд цатгалан мэдрэмж төрүүлнэ, ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана, холестеролыг бууруулна. Тэгвэл овьёосны нухаш, каш бол энэхүү шим тэжээлийн үнэтэй эх сурвалж болдог. Овьёосны кашийг хэрхэн амттай болгох вэ? Овьёосны кашандаа гадил (өөр бусад жимс байсан ч болно) зүсч хийгээд шарах шүүгээнд хэсэг хугацаанд байлгана. Дараа нь нэг цайны халбага байгалийн самрын тос хийж хутгаад хэрэглээд үзээрэй. 

3. Дан ханаагүй тосны хүчил

Энэхүү шим тэжээл нь тийм ч зөв зүйтэй санагдахгүй байж болох ч таны бие илүүдэл өөхийг шатаах, шаардлагатай энерги бий болгоход чухал шаардлагатай. Тэгвэл ханаагүй тосны хүчлийг хаанаас олж болох вэ? Та майонезны оронд авокадог ашиглаад үзээрэй. Тус жимс нь тослог шинж чанартай тул майонезны оронд салат, хачиртай талханд ашиглах бүрэн боломжтой байдаг. 

4. Омега-3 тосны хүчил
Омега-3 бол таны зүрхэнд тустай бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Тус шим тэжээлийг та төрөл бүрийн загасны махнаас олж авах боломжтой. Хачиртай талх бэлдэхдээ утсан хулд загасыг сонгож, улаан лооль, бяслаг, сонгино, салатны навчаар хачирлан хэрэглээд үзээрэй.

5. Фолийн хүчил
Фолийн хүчил нь таны бие эрүүл шинэ эс үйлдвэрлэхэд шаардлагатай. Түүнчлэн та жирэмслэхээр хичээж байгаа бол тус шим тэжээл нь таны хүүхдийн эрүүл мэндэд чухал шаардлагатай. Тэгвэл үүнийг хангалттай хэмжээгээр авч байхын тулд Брюсел байцаа буюу давжаа байцааг хоолны дэглэмдээ оруулаарай. Давжаа байцаа нь фолийн хүчлээр туйлын баялаг. Бага зэргийн тосонд сармистай цуг шарж хоолны хачир болгож хэрэглээрэй. 

6. С аминдэм

С аминдэм нь таны дархлааг сайжруулж, өвлийн цагт ханиад томуунаас сэргийлнэ. Түүнчлэн С аминдэм нь анти-оксидант үйлдэлтэй тул тодорхой төрлийн өвчлөл болон хөгшрөлтийг удаашруулахад тусална. С аминдэмийг олж авах олон төрлийн арга зам байдгаас та улаан жүрж жимсийг туршаад үзээрэй. Өдрийн хоол бэлтгэх үедээ улаам жүржийг хэрэглэж цитрусын амт үнэр оруулж болхоос гадна хоолны дараах гайхалтай амттан болно.
 
7. Төмөр
Төмөр бол цусны улаан эсийг бүтээхэд чухал шаардлагатай ба улаан эс нь таны биед хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг эс юм. Хэрэв та хоол хүнсээрээ хангалттай хэмжээний төмөр авч чадахгүй бол цус багадалт үүсэх эрсдэлтэй. Шошны төрлийн хүнс нь төмрөөр баялаг байдаг тул хоолны дэглэмдээ түүнийг багтааснаар төмрийн хэрэгцээгээ хангах боломжтой.

8. Кальци
Кальци бол ясны бөх бат байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тэгвэл сүү, тараг ашиглан төрөл бүрийн жимс, жимсгэнэ оролцуулж холигчоор хольж smoothie бэлдэж хэрэглэх нь шим тэжээлийн баялаг эх сурвалж болох ба үүнд кальци ч мөн багтана. Тослог багатай таргийг, самрын тос, янз бүрийн жимсийг хольж smoothie бэлдэж хэрэглээрэй.


9. Д аминдэм
Д аминдэм нь ясны бөх бат байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай кальцийг шимэгдэлтийг нэмэгдүүлдэг. Д аминдэм нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд бий болдог. Тэгвэл өвлийн цагт наранд шарах боломжгүй үед Д аминдэмээр баяжуулсан сүүтэй халуун шоколадыг хэрэглээд үзээрэй. Шоколадан дээрээ чимх ванила нэмж амталж болно.

No comments:

Post a Comment